Сурталчилгаа (15)
Хаах

Хэт яарч хуримаа хийх нь зөв алхам мөн үү?

Хүн бүр мөнхийн хайрыг хайдаг ч ихэнх тохиолдолд хайр дурлал нь бүтэлгүйтлээр дуусдаг нь харамсалтай. Нийгмээс ирж буй дарамт тэдний жинхэнэ хүсэл мөрөөдлөөс хүчтэй байдгаас болоод нөгөө хүнээ ч сайн таньж мэдэлгүйгээр түр зуурын сэтгэл хөдлөлдөө автах юм уу эс бөгөөс ганцаараа үлдэхээс эмээж гэр бүл болохоор яардаг. Ингээд өнөөдрийнхөө нийтлэлээрээ таныг тууштай, урт хугацааны харилцаанд бэлэн эсэхийг тодорхойлъё. 

Хэт яарч хуримаа хийх нь зөв алхам мөн үү?

1 Хайр таныг хөгжүүлдэг

Насанд хүрсэн хүмүүс үргэлж өөрийгөө хөгжүүлж байх хэрэгтэй бөгөөд хайр танд хөгжих хүч чадлыг өгөх учиртай юм. Жинхэнэ хайр таны үзэл бодлыг өөрчлөх ба сул талыг чинь байгаагаар нь хүлээн зөвшөөрнө. Товчхондоо харилцан ойлголцол, халамжийг хайр хэмээн тодорхойлж болох юм. Бие биендээ дурласан хосууд үргэлж хөгжиж цэцэглэн, өсч дэвжихийн төлөө хичээх учиртай билээ. Харин үүний эсрэгээр буюу хэрэв таны хамтрагч таныг засч сайжруулан, өнөөдрийн байгаагаас тань илүү болгохыг хүсдэггүй бол та хоёрын харилцаа цаашаа үргэлжлэхгүйн шинж гэж үзэж болох нь ээ. 

Хайр таныг хөгжүүлдэг

2 Хайрлана гэдэг өгөхийн нэр билээ

Танд үнэн сэтгэлээсээ дурласан хүн таныг өөрт нь урам зориг өгөхийг шаардаж, өөрийнхөө сэтгэл дэх хоосон орон зайг таниар дүүргэх гэж оролдохгүй. Харин ч тэр өөрт байгаа бүхнээ таньтай хуваалцахаар хичээх болно. Тэгвэл хувь хүний хувьд томоожиж, төлөвшөөгүй хүн бусдаар хайрлуулахыг л бодохоос биш өөрөө нөгөө хүнээ хайрлая гэж хичээдэггүй ажээ. Та хайртыгаа хайрлаад л байдаг гэвч тэр танаас хэрэгтэй гэсэн бүхнээ авчхаад ганцааранг чинь юман чинээ тоолгүй орхичихдог бол энэ харилцаагаа цаашид үнэхээр үргэлжлүүлэх хэрэгтэй юу үгүй юу гэдгээ бодож байж шийдсэн нь дээр шүү. Ханиа зөв сонгох гэдэг нь хамгийн чухал тул, яаран шийдвэр гаргаж хэрхэвч болохгүй. 

Хайрлана гэдэг өгөхийн нэр билээ

3 Хайрлахын тулд сэтгэлийн тэнхээ хэрэгтэй

Бид хуримаа хийж байхдаа бурхны өмнө баяртай зовлонтой, эрүүл өвчтэй аль ч үед хайртай хүнтэйгээ хамт байж бүхнийг даван туулах болно хэмээн тангарагладаг шүү дээ. Тийм учраас тоонот гэрт толгой холбосон хосууд маань хайрлана гэдэг нь зөвхөн мэдрэмж биш харин бүхнийг хамт туулна гэсэн хөдөлшгүй бат шийдвэр гэдгийг ухамсарлаж байх нь зүйтэй юм. Эхнэр нөхөр хүмүүс өөрийн бүх хайр, халамж, сайн сайхан бүхнээ өөрийнхөө ханьдаа зориулж түүнийгээ ямар ч үед орхилгүй хамт байх жамтай билээ. Хэрэв та жаахан л юм болохоо байхад чемодантай хувцсаа аваад хаалга руу зүглэдэг бол ханьтайгаа ахин хэдэн жил хамт байхыг хүсч байгаагаа тунгаагаад нэг үзээрэй. Мөн үргэлж бусдаас бурууг хайх биш, өөрийн буруугаа ч мөн хүлээж сурах хэрэгтэй. 

Хайрлахын тулд сэтгэлийн тэнхээ хэрэгтэй

4 Хэн хэн нь хичээх ёстой

Хайртай хүнийхээ зан аашийг тэвчиж, хувь хүнийх нь онцлог шинжийг хүлээн зөвшөөрнө гэдэг мэдээж хэрэг ярвигтай зүйл байдаг. Гэвч та үүсгэн бий болгосон хайр дурлалаа амжилттайгаар хадгалан үлдэхийн тулд хичээхээс өөр аргагүй ээ. Хэн нэгэн нь л хичээхгүй байх аваас харилцаа сүйрэх болно гэдгийг хосууд маань мэдэж байгаа биз ээ. Хамгийн гол нь та "Би энэ хүнтэй хамт амьдарч, хамтдаа зүтгэж чадна" гэж өөртөө итгэлтэй болсны дараа хуримаа хийх нь олон алдаа гаргахаас сэргийлж байдаг. 

Хэн хэн нь хичээх ёстой

5 Хайр бол үүрэг хариуцлага юм

Хариуцлага хүлээж чаддагаараа л томчууд хүүхдээс ялгардаг билээ. Ямар ч үед найдаж болох хүнтэй байна гэдэг хэчнээн сайхан бэ? Тэгвэл та хайртынхаа өмнө хариуцлага хүлээхдээ бэлэн үү? Дотно хүнийхээ өмнө хариуцлага хүлээх төвөгтэй зүйл хэдий ч та хоёрын харилцааг батжуулах оновчтой арга байх болно. Хэрэв таны хайртай залуу танд "Ингэлээ гээд юу ч өөрчлөгдөхгүй ээ" хэмээж байгаа бол та хоёрын харилцаа удаан үргэлжлэхгүйн шинж гэдгийг санаарай. 

Хайр бол үүрэг хариуцлага юм

6 Хайртыгаа бие хүн гэдгийг битгий мартаарай

Төлөвшсөн хүн өөрийнхөө зорилгыг хэдийн олсон байдаг учраас хайртай хүнээ ч бие хүнийх нь хувьд хүндэтгэж харьцдаг ажээ. Энэ нь бие биендээ эрх чөлөөг өгч, харилцан буулт хийж чаддаг байхыг илэрхийлж байгаа юм. Зөвхөн өөрийнхөө хүсэл, сонирхлыг л урьтал болгодог хүн хамтрагчаа сонсч, түүнийг ойлгож чаддаггүй сул талтай. Тиймээс хуримаа хийж, хань ижил болохоосоо өмнө хайртыгаа сайтар сонжих хэрэгтэй. Тэр үнэхээр таныг жаргааж, хамтдаа бүхнийг туулж чадах уу? гэдгийг хамгийн түрүүнд өөрөөсөө асуугаад үзээрэй. Хэрэв таны хайртад ямар ч ирээдүйн зорилго тэмүүлэл байхгүй, өдөр хоногоо аргацааж амьдардаг бол, танд тийм хүн хэрэгтэй гэж үү?

Хайртыгаа бие хүн гэдгийг битгий мартаарай

7 Хайртай хүн чинь таныг заримдаа гомдоож болно

Хүмүүс бид өдөр тутамдаа л хэн нэгэнд гомдож, сэтгэлээр унаж байдаг тул хайртай хүнийхээ үг, үйлдэлд гомдох нь байдаг л зүйл билээ. Тийм учраас бид төвөгтэй байдалтай нүүр тулах зоригтой байж, хэн нэгнийг буруутгах ёсгүй. Ийм байж гэмээнэ хосуудын хамтын амьдрал цаашид хэвийн үргэлжилж чадна. Сэтгэл зүйчдийн өгсөн дээрх 7 шинж чанарыг та хайр дурлалын амьдралдаа хэрэгжүүлснээр аз жаргалтай, сэтгэл хангалуун амьдарч хайртай хүнээрээ хайрлуулах болно. Харин эдгээр шинж чанарууд танд одоохондоо байхгүй байгаа бол гэр бүл зохиоход хараахан бэлэн биш байна гэж өөрийгөө дүгнээрэй. 

Хайртай хүн чинь таныг заримдаа гомдоож болно

Танд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе! 

25
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.