Бразил, Португал, Ангол, Кабо Верде, Мозамбик тэргүүтэй олон орны албан ёсны хэл болсон португал хэлээр өдгөө 234 сая хүн ярьдаг. Испани хэлний нэгэн адил үгийн сан нь латин хэлнээс эхтэй тул англи хэлийг эзэмшсэн хүн сурахад давуу талтай.
Гэхдээ Бразилын португал хэл болон Европын португал хэлний хооронд үгсийн хэрэглээ, аялга зөрөөтэй байдаг тул чухам аль орны португал хэлийг сурч байгаадаа анхаарал хандуулах нь зүйтэй.
Англи хэлтэй хүмүүсийн сурахад хялбар байдаг бас нэгэн роман бүлгийн хэл бол итали хэл ажээ. Итали хэлний үгс англи хэлнээ шууд хэрэглэгдэх явдал ч түгээмэл. Тухайлбал, англи хэлэнд “gelato”, “panini” гэх хүнсний нэршил, “diva”, “solo”, “finale” болон “fiasco” зэрэг нэршил шууд хэрэглэгддэг билээ.
Англи болон итали хэл нь өгүүлбэрийн бүтэцийн хувьд ижил төстэй, дуудлага нь цөөн тооны дүрэмтэй тул сурахад хялбар байдаг байна.
Өдгөө итали хэлээр Итали, Швейцарь, Хорват, Словен, Аргентин улсуудад нийт 64 сая гаруй хүн ярьж байна.
Англи хэлтэй хамгийн ойрын холбоотой хэл болох Фриз хэл дундад зууны үед түгээмэл хэрэглэгддэг байсан ч өдгөө ашиглагдахаа больсон ч Герман болон Нидерландын зарим хэсэгт нутгийн аялга хэвээр хадгалагдан үлджээ.
Англи болон Фриз хэл нь өөр хоорондоо өгүүлбэр зүй болон үгийн сангийн нийтлэг холбоо ихтэй. Тухайлбал, англи хэлний өглөөний мэнд буюу “Good morning” гэх үгийг Баруун Фриз аялгаар “Goeie moarn” хэмээдэг аж.
Гэхдээ өдгөө зөвхөн Нидерландын Фризланд муж, Германы Умард Фриз, Затерланд мужуудад ердөө 500,000 гаруй хүн л хэлэлцдэг энэ хэлийг сурах нь тийм ч их ач холбогдолгүй гэдэг нь мэдээж биз ээ.
40 гаруй сая хүний унаган хэл болсон индонез хэлийг хоёр дахь хэл болгон 150 сая хүн хэрэглэдэг. Хэдийгээр дээр дурдсан бусад хэлнүүдээс өөр үндэстэй боловч англи хэлтэй хүн сурахад харьцангуй хялбар хэмээн тооцогддог.
Индонез хэлэнд дуудлага болон бичиглэлийн хувьд ялгаа байдаггүй бөгөөд дүрмийн хувьд ч хялбарт орох ажээ.
Тус хэлээр хүүхдийг “anak” хэмээн нэрлэдэг бол хүүхдүүд гэх олон тоог үүсгэхдээ “anak-anak” гэх энгийн зүй тогтол хэрэглэнэ.
Фризийн нэгэн адил англи хэлтэй маш ойр хэл бол яах аргагүй нидерланд хэл билээ. Ялангуяа үгийн сангийн хувьд тун төстэй энэ хоёр хэлэнд ижил бичиглэлтэй “plastic,” “water” болон “lamp” зэрэг асар олон үгс бий. Хэдийгээр үгийн сангийн хувьд нийтлэг боловч дуудлага нь ялгаатай байдаг аж. Түүнчлэн нидерланд хэлийг эзэмшсэн хүн Белгийн Фландер нутгийн Флемиш хэлийг ч чөлөөтэй ойлгох боломжтой.
Өдгөө нидерланд хэлээр нийт 24 гаруй сая хүн ярьж байгаа бөгөөд Нидерланд, Суринам, Нидерландын Антиллийн арлуудын албан ёсны хэлээр нэрлэгддэг.
Швед хэлээр Швед болон Финландын зарим нутгийн нийт 10 гаруй сая хүн ярьдаг. Уг хэл нь англи хэлний нэгэн адил герман бүлгийн хэл тул нийтлэг тал олонтой. Гэхдээ англи хэлээс ялгаатай нь швед хэлний дүрэм илүү нарийн түвэгтэй байдаг ажээ.
Скандинавын хойгийн бусад хэлний адил хачирхалтай хэллэг, нийлмэл үгсийг шведүүд түгээмэл хэрэглэнэ. Тухайлбал, “jordnötter” гэх нийлмэл үг шууд утгаараа бохир самар гэх утгатай боловч энгийн хэрэглээнд газрын самар гэх утгаар хэрэглэгдэнэ.
6 сая гаруй хүн ярьдаг дани хэл нь герман бүлгийн хэл тул англи хэлтэй ижил зүйлс олон. Хэл зүй болон үгийн сан, дуудлагын хувьд англи хэлтэй ойролцоо. Жишээ нь, дани хэлний “dyre” гэх үг нь үнэтэй, чухал гэх утгийг илэрхийлдэг нь англи хэлний төстэй дуудлагатай “dear” гэх үгтэй дүйдэг.
Свахили хэл нь Зүүн Африкийн Кени, Уганда, Рванда, Танзани зэрэг олон орнуудад хэрэглэгддэг бөгөөд нийт 96 гаруй сая хүн энэ хэлээр ярина.
Сонирхуулахад Дисней студийн алдарт бүтээл болох Араатны хаан арслан кинонд хэрэглэгддэг симба буюу арслан, рафики буюу найз гэх мэт үгс нь свахили хэлний үг ажээ. Түүнчлэн эл хэлэнд англи хэлнээс зээлдмэл үгс олон байдгаас дурдвал цагдааг “polisi”, унадаг дугуйг “baiskeli” хэмээн нэрийддэг.
Латин цагаан толгой хэрэглэдэг, өгүүлбэрийн бүтэц ижил зүй тогтолтой, үгсийн сан ойролцоо гэх мэт олон нийтлэг тал англи болон герман хэлэнд бий. Тухайлбал, усыг герман хэлнээ “Wasser” хэмээдэг бол англи хэлэнд “Water” гэж нэрлэнэ. Түүнчлэн алимыг англи хэлнээ “Apple” хэмээн нэрлэдэг бол герман хэлнээ “Apfel” гэж нэрлэдэг ажээ.
Англи хэлтнүүдийн хувьд герман хэлийг сурахад тулгардаг хамгийн том бэрхшээл нь үгийн дуудлага байдаг бөгөөд ялангуяа нийлмэл үгсийг дуудахад хүндрэл учрах нь бий. Өдгөө дэлхий дээр нийт 100 сая гаруй хүн эл хэлээр хэлэлцэж байна.
Хэдийгээр испани хэл нь роман бүлгийн хэл боловч үгсийн сан нь хоёул латин хэлний үгсийн сангаас гарвалтай тул харьцуулан судлахад хялбар байдаг байна. Түүнчлэн испани хэл нь латин цагаан толгой хэрэглэж, бичиглэлээрээ дуудагддаг нь сурахад хялбар байх бас нэгэн шалтгаан болдог ажээ.
Өгүүлбэр зүйн хувьд өгүүлбэрт байрлах үгсийн байрлал дийлэнх тохиолдолд англи хэлтэй ижил байдаг.
Дэлхий даяар 534 сая хүн ярьдаг энэ хэлийг сурснаар Латин Америкын орноор чөлөөтэй аялах, ажил мэргэжлийн хувьд давуу талыг өөртөө буй болгох боломж танд бий.
Англи хэлнээс эрс өөр мэт санагдах боловч румын хэл нь роман бүлгийн хэл болохын хувьд үгсийн сангийн хувьд гарвал нэгтэй ажээ. Жишээ нь, баяртай гэх утгатай “La revedere” нь итали хэлний ижил утга бүхий “Arrividerci”, өршөөгөөрэй гэх утгатай “Scuză-mă” нь франц хэлний “Excusez-moi” гэх үгтэй ижил гэхчилэн хоорондын холбоо ихтэй. Түүнчлэн бичигдсэн байдлаараа шууд уншигддаг нь энэ хэлийг сурахад бас нэгэн дөхөм болдог.
Румын хэлыг Румын болон Молдав улсад 30 гаруй сая хүн өдөр тутмын амьдралдаа хэрэглэж байна.
Төрөлх франц хэлтэй 77 сая, өдөр тутмын амьдралдаа франц хэлийг хэрэглэдэг 203 гаруй сая хүн байдаг гэх тооцоолол бий. Швейцарь, Люксембург, Рванда зэрэг олон орны албан ёсны хэлээр нэрлэгддэг энэ хэлийг эзэмшихэд хамгийн хүндрэлтэй тал нь дуудлага ажээ. Жишээ нь, “Харин та?” гэх утгатай “Et tois?” хэмээх үгийг дуудахдаа “Э тва”, “Та чадах уу?” гэх утгатай “Pouvez-vous?” гэх үгийг “Пү ве вү” гэж дуудна.
Дуудлага хүндрэлтэй боловч үгийн сангийн хувьд англи хэлтэй тун нийтлэг тул франц хэлний үгсийг тун хурдан эзэмших боломж танд бий.
Филиппинийн албан ёсны хэл болох тагалог хэлний үгийн санд англи, испани, малай хэлний нөлөө их бий. Түүнчлэн дуудлагын хувьд төдийлөн хүнд авиалбаргүй тул сурахад дөхөм. Гэхдээ өгүүлбэр зүйн бүтэц нь англи хэлнээс эрс ялгаатай тул өгүүлбэрийн гишүүдийн байрлалыг зөв тогтоохын тулд цаг гарган ажиллах шаардлага тулгарах магадлалтай. Тагалог хэлээр өдгөө 45 гаруй сая хүн ярьж байна.
Герман бүлэгт хамаарах тул норвеги болон англи хэлийг харьцуулан судлахад хялбар байдаг ажээ. Үгийн сангийн хувьд нийтлэг тал бага боловч бичиглэлээрээ дуудагддаг тул сурахад дөхөм болдог байна.
Өгүүлбэрийн бүтэцийн хувьд 100 хувь ижил биш боловч дийлэнх тохиолдолд үгсийн байрлал ижилсэх хандлагатай байна. Жишээлбэл, Тэр эрэгтэй Норвеги улсаас ирсэн гэх “He comes from Norway” өгүүлбэр норвеги хэлнээ “Han kommer fra Norge” гэж буудаг аж.
5 гаруй сая хүн хэрэглэдэг энэ хэлийг сурснаар та норвеги хэл дээрх утга зохиолын баялаг сангаас уудлах, Скандинавын хойгийн домог туульсыг эх хэлээр нь унших боломжтой болно.
Зүүн өмнөд Азийн Индонез, Бруней, Сингапур зэрэг орнуудад 200 гаруй сая хүн ярьдаг малай хэл нь өмнө дурдсан индонез хэлтэй нэг бүлгийн хэл ажээ. Иймээс ч эдгээр хоёр хэлээр яригсад нэгнээ хялбар ойлгох бөгөөд дуудлага, үг хэллэгийн цөөн ялгаагаар ялгардаг байна. Малай хэл нь англи хэлний үгийн сангаас зээлдмэл үгс элбэгтэй гэдгээрээ онцлог. Дуудлага нь сурахад хялбар, хэл зүйн хувьд энгийн энэ хэл нь Зүүн өмнөд Азийн бүс нутагт нөлөө бүхий хэлний нэг билээ.