“Back to the Future” киноны зохиол бараг 40 удаа буцаагдаж байсан бөгөөд зөвхөн Спилбергийн нэр хүндийн ачаар “Universal” студи кино зураг авалт хийхийг зөвшөөрсөн байна.
Аавынхаа арван жилийн зургийн цомгийг харж, хэрвээ би аавтайгаа чацуу байсан бол түүнтэй найзлах байсан болов уу гэж бодсон Боб Гейл уг киноны санааг анх гаргасан аж.
Роберт Земекис киноны зураг авалтыг эхлэх үед Марти Макфлейн дүрд Майкл Жей Фоксыг тоглуулах хүсэлтэй байсан гэнэ. Гэвч тухайн үед Майкл завгүй байсан учир түүний оронд Эрик Штольцыг тоглуулахаар болсон байна.
Гэвч зураг авалт эхэлснээс хойш 5 долоо хоногийн дараа найруулагч болон зохиолчид буруу сонголт хийсэн болохоо ойлгожээ. Эрик Штольц нь драматик төрлийн дүрийг сайн бүтээдэг ч инээдмийн киноны тал дээр төдийлөн амжилттай дүр бүтээж чадахгүй байсан гэнэ. Эцэст нь тэд Штольцоос татгалзаж, Майкл Жей Фоксыг ятгаж чадсанаар хоёр кинонд зэрэг тоглохоор болжээ.
Киноны гол дүр нь “DMC-12” автомашины үйлдвэр дээр хийгдсэн, “DeLorean” гэх дээшээ онгойдог хаалгатай, зэвэрдэггүй кузовтой “цаг хугацааны автомашин” болсон юм. Уг автомашиныг зохион бүтээгч Жон Делориан нь хар тамхины хэргээр буруутгагдсан байсан учир машин нь кинонд тоглохоосоо өмнө ч аль хэдийн алдартай болсон аж.
Киноны үйл явдал бүрд зориулж нийт гурван төрлийн автомашин худалдаж авсан байна. Зохион бүтээгчид энэхүү автомашины кузов дээр радиатор, кабель, гэрэлтэй сав, Dodge-ын машины дугуйны таг, бүр турбины эд анги хүртэл нэмсэн бөгөөд ингэснээр машинаа жинхэнэ шинжлэх ухаан шингэсэн ирээдүйн хүлэг болгож чаджээ.
19 саяын зардлаар бүтсэн энэхүү кино нь дэлгэцийн бүтээл болсноосоо хойш 388 сая долларын орлого олсон байна. Ингээд уг кино нь 1985 оны хамгийн нэр хүндтэй, хамгийн ашигтай кино болоод зогсохгүй олон шагналын эзэн болжээ. Эдгээр шагналын дунд “хамгийн шилдэг дуу дүрс” номинациар Оскарын шагналыг хүртсэн аж.
“Back to the Future” киноны ачаар энэ кинотой холбоотой хүүхэлдэйн кино, комикс, видео тоглоом болон үзэсгэлэн хүртэл зохион байгуулагдсан байна. 2020 онд Их Британи нь киноны найруулгын дагуу мюзикл санаачилж, энэ нь олон улсын хит болсон юм. Харин DeLorean автомашин нь домогт автомашин болж, Nike Mag гэх өөрөө үдэгддэг пүүз нь 2015 цөөн тоогоор бүтээгдэж шуугиан тарьж байсан юм.
Хэдийгээр аль хэдийн 40 жил өнгөрсөн ч уг кино хуучраагүй бөгөөд харин ч сайн уран бүтээл бөгөөд гол дүрийн эрдэмтний ажилдаа дуртай байдал зэрэг нь зүгээр нэг кино бус харин мөнхийн домог бүтээх боломжийг бодитоор харуулжээ.