“Оросын ахмад дайчид” хөдөлгөөнөөс Төрийн Дум болон Роскомнадзор (Оросын Холбооны Харилцаа холбоо, мэдээллийн технологи, олон нийтийн харилцааны хяналтын холбооны алба) -т хандан хүсэлт гаргахдаа Туркийн олон ангит кинонуудыг “эрчүүдийн хийсвэр дүр төрхийг сурталчилж, эмэгтэйчүүдийн оюун санаанд нөлөөлөн, гэр бүл институтыг доройтуулах” хорлонт суртал ухуулга гэж нэрлэжээ.
Хөдөлгөөний тэргүүн Ильдар Резяпов “Эмэгтэйчүүд эдгээр олон ангит киног үзээд манай эрчүүдэд сонирхолгүй болж, бодит амьдралд байхгүй зан чанар, төгс байдлыг хүсдэг болсон. Энэ бол оюун санааны дайны нэг хэлбэр” хэмээн мэдэгдсэн байна.
Туркийн олон ангит кинонуудыг хориглох санаа шинэ зүйл биш. Өнгөрсөн зун Төрийн Думын депутат Виталий Милонов радиогоор ярилцлага өгөхдөө “амьдралд огт нийцэхгүй, утгагүй зүйл” гэж тодорхойлж байв. Тэрбээр бүр Туркийн жүжигчдийг “талх зардаг байсан нөхөд, одоо жүжигчин болж тоглож байна. Тэд бол авьяасгүй алиа салбадайнууд” гэж хочилжээ.
Гэхдээ уг санааг бүх нийт дэмжээгүй. Зарим эмэгтэй үзэгчид Туркийн олон ангит кино бол амьдралын хүнд байдлаас түр зуурын чөлөөт амралт, стресс тайлах хэрэгсэл гэж хамгаалжээ.
- Телевизийн хөтлөгч Ксения Бородина “Гишүүдээ тайвшир. Туркийн олон ангит кино үзнэ гэдэг бол нэг төрлийн амралт, сайхан дүр зураг харж, өдөр тутмын сөрөг зүйлээс ангижрах боломж юм” хэмээсэн байна.
- Жүжигчин Ирина Алферова ч бас Туркийн киноны фен гэдгээ ил тод хуваалцжээ. Тэрбээр “Нэг нь царайлаг, нөгөө нь жижигхэн, гурав дахь нь булчинлаг гээд бүгд үнэхээр гайхалтай. Харин эмэгтэй дүрүүд нь эрх чөлөөтэй, дур булаам харагддаг нь гайхамшигтай!” хэмээн бичсэн байна.