Гуравхан хоногт 7 хүний амь

1982 оны 9-р сарын 28-ны орой Чикагогийн захын Элк-Гров-Виллиж тосгонд амьдардаг 12 настай Мэри Келлерман ханиад хүрч, толгой нь өвдөж байгаагаа ээждээ хэлжээ. Ээж нь тухайн үед АНУ-д өргөн хэрэглэгддэг өвчин намдаагч Тайленол (парацетамолын найрлагатай эм)-оос нэг капсул өгсөн байна. Гэвч үүр цайхаас өмнө охин нас баржээ. Тэрээр энэ аймшигт хэргийн эхний хохирогч байв.

Мөн тэр өдөр ойролцоох Арлингтон-Хайтс хотод 27 настай шуудангийн ажилтан Адам Янус мөн Тайленол уугаад гэнэт бие нь муудаж, яаралтай эмнэлэгт хүргэгдсэн ч амь насыг нь аварч чадсангүй. Эмч нар анх “зүрхний шигдээс” гэж оношилсон ч удалгүй энэ нь буруу болох нь тодорхой болсон юм. Учир нь Адамын гэнэтийн үхлийн мэдээг сонссон дүү Стэн эхнэр Терезагийн хамт гэр бүлд нь очиж эмгэнэл илэрхийлжээ. Гэвч сэтгэл санааны дарамтаас болж толгой нь өвдсөн тул тэд гэрт байсан Тайленолын савнаас тус бүр нэг капсул уусан байна яг Адамын хэрэглэж байсан тэр савнаас…

Үр дагавар нь үнэхээр аймшигтай байлаа.

Стэн тэр өдөртөө нас барж, Терезагийн амийг аврахаар эмч нар хоёр хоног тасралтгүй тэмцсэн ч эцэст нь чадаагүй байна.

Удалгүй энэ эмгэнэлт явдал ганц гэр бүлээр хязгаарлагдсангүй. Дараагийн өдрүүдэд дахин гурван эмэгтэй дөрвөн хүүхдийн ээж Мэри Райнер, 31 настай Мэри Макфарленд, 35 настай онгоцны үйлчлэгч Пола Жин Прис бүгд Тайленол хэрэглэсний дараа нас баржээ. Сүүлчийн тохиолдол 10-р сарын 1-нд бүртгэгдсэнээр энэ аймшигт цуврал өндөрлөсөн байна. Ингээд ердөө гуравхан хоногийн дотор 12–35 насны долоон хүн амь насаа алдсан нь АНУ-ыг бүхэлд нь цочирдуулсан хэрэг болсон юм.

Парацетамолын оронд цианид

Мөрдөн байцаалт Янусын гэр бүлээс эхэлжээ. Нэг айлд нэг өдрийн дотор гурван хүн нас барсан нь мөрдөгчдийн анхаарлыг шууд татсан юм. Удалгүй бүх хохирогч Тайленол хэрэглэснийг тогтоосон бөгөөд шинжилгээний хариу тэднийг үнэхээр цочирдуулсан байна.

Капсул дотор эм биш, харин цианидын калий байжээ. Түүний агууламж аймшигтай өндөр байсан бөгөөд нэг капсулд 65 мг-аас их цианид агуулагдаж байсан нь хүнийг үхүүлэх тунгаас 10,000 дахин их байв. Тухайн үед эмийн сангууд өөрөө үйлчлэх хэлбэртэй, Тайленол задгай лангуун дээр тавигддаг байсан тул хэн ч ямар ч хяналтгүй авч болдог байжээ. Энэ нь гэмт этгээдэд боломж олгосон хамгийн том сул тал байсан юм.

Үйлдвэрлэгч Johnson&Johnson компанийг тун удалгүй сэжигтнүүдийн жагсаалтаас хассан. Учир нь хохирогчдын хэрэглэсэн савнууд өөр өөр үйлдвэрээс гарсан байсан ч хор зөвхөн жижиглэнгийн худалдаанд байсан савлагаанд л илэрсэн байв.

Дүгнэлт тодорхой байлаа:

Эцэст нь мөрдөгчид нэг дүгнэлтэд хүрсэн юм: хэн нэгэн этгээд эмийн сангаас Тайленол авч, гэртээ задлан капсул доторх эмийг цианидаар сольж, дараа нь ямар ч сэжиг төрүүлэхгүйгээр буцаан лангуун дээр тавьсан байжээ.

Хамгийн аймшигтай нь, ийм өөрчлөлтийг энгийн хэрэглэгч бараг ялгаж таних боломжгүй байв. Цианид ч, парацетамол ч хоёулаа цагаан, нарийн нунтаг тул гадаад төрхөөрөө огт ялгарахгүй. Зөвхөн цианид бага зэрэг бүйлсний үнэртэй байдаг ч бодит байдал дээр хэн ч толгой өвдөхөд уух эмийг үнэрлэж шалгах нь ховор. Тиймээс аюул яг л “энгийн эм” мэт харагдсан байна.

Сургамж, анхааруулга

Бид өдөр бүр эм уудаг. Сав нь битүүмжилсэн эсэхийг төдийлөн анзааралгүй, энгийн зүйл мэт нээгээд хэрэглэдэг. Гэвч өнөөдөр тэр “энгийн” мэт санагддаг хамгаалалтын цаана хүний амь насыг аварч байгаа чухал стандарт нуугдаж байдаг.

1982 оны энэхүү эмгэнэлтэй хэрэг нэг зүйлийг тодорхой харуулсан юм. Аюул үргэлж холоос биш, заримдаа хамгийн энгийн, хамгийн итгэлтэй зүйл дотор ч нуугдаж байдаг. Тиймээс:

  • Эмийн савлагаа гэмтсэн, онгойсон байвал бүү хэрэглэ 
  • Танихгүй эх үүсвэрээс эм авахгүй байх 
  • Хүүхдэд эм өгөхдөө илүү анхааралтай хандах гэдэг нь зүгээр нэг зөвлөмж биш, бодит аюулаас хамгаалах алхам юм.
Өнөөдрийн аюулгүй савлагаа, чанарын стандартууд бол зүгээр “үйлдвэрийн дүрэм” биш 7 хүний амь насны үнээр бий болсон сургамж юм.