Рут Эллисийн амьдрал бол сэтгэл хөдлөлөө хянаж чадаагүй хүний эмгэнэлт түүх юм. Тэрээр архичин, хүчирхийлэлд дуртай эцэгтэй олон хүүхэдтэй ядуу гэр бүлд өссөн бөгөөд энэ нь хожим түүний эрчүүдийн сонголтод хүртэл нөлөөлсөн гэдэг.
15 настайдаа зөөгчөөр ажиллаж эхэлсэн ч удалгүй Лондоныг зорьж, амьдралаа өөрчлөхөөр шийджээ. Тэнд тэр гялалзсан шаргал үстэй болж, загварын ертөнцөд хүч үзсэн байна. Түүний амжилт бага багаар ирж, эрэгтэйчүүдийн сэтгүүлд зураг авахуулж, шоу бизнесийн хүрээлэлд танигдаж эхэлжээ. Харамсалтай нь түүний хувийн амьдрал нь харин тогтворгүй байв. Канад цэрэгтэй хайр сэтгэлийн холбоотой болж, хүүхэдтэй болсон ч тэр эр гэнэт түүнийг орхисон байна. Дараа нь архичин шүдний эмчтэй гэрлэж, дахин нэг хүүхэдтэй болсон ч энэхүү гэрлэлт нь удаан үргэлжлээгүй аж.
1950-аад оны эхээр Рут амьдралынхаа “жинхэнэ хайр”-ыг оллоо гэж итгэжээ. Тэр хүн бол язгууртан гаралтай, залуу, дур булаам авто уралдаанч Дэвид Блейкли байв.
Гэвч Блейкли архинд дуртай, олон бүсгүйтэй дотно харилцаатай, мөрийтэй тоглоомд донтсон, тогтворгүй зан ааштай нэгэн байлаа. Түүний байнгын хууралт, зөрчил Рутыг сэтгэл санааны хямралд оруулж, тэрээр архи болон тайвшруулах эмэнд өөрийн эрхгүй донтоход хүргэжээ. Энэ хүнд хэцүү мөчид түүний амьдралд бүх зүйлийг үнэхээр сайнаар өөрчилж чадах нэгэн эр гарч ирэв. Нэр хүндтэй бизнесмэн Десмонд Кассен Эллисэд удаан хугацаанд дурлаж, түүнийг дэмжихийн тулд чадах бүхнээ хийсэн.
Гэвч Десмонд Кассен түүнийг аварч чадсангүй харин ч энэ эмгэнэлт түүхэнд өөрийн гэсэн үүрэгтэй оролцсон юм. Нэг өдөр Рут Эллис түүнээс гар буу өгч, буудаж заахыг хүсэхэд тэр зөвшөөрчээ. Сэтгэл санаа нь тогтворгүй, эмийн нөлөөнд байсан 28 настай эмэгтэйд зэвсэг өгсөн нь хамгийн буруу шийдвэр байв.
Удалгүй, 1955 оны Улаан өндөгний баярын үеэр амраг нь түүнийг дахин хуурч, гэнэт алга болсноор Рутын тэвчээр тасарчээ. Тэр уур хилэндээ Дэвидийн машиныг эвдэж, нуугдсан байшингийнх нь хаалгыг сүйтгэх хүртэл даварч, харилцаа бүрмөсөн тасарсан байна.
Хэдхэн хоногийн дараа буюу 4-р сарын 10-нд Рут Кассенаар өөрийгөө Лондоны “Magdala” пабт хүргүүлжээ. Цүнхэнд буу байлаа. Тэр Дэвидийг гадаа гарч ирэхийг хүлээж түүнийг гарч ирэхэд бүх сумaa дуустал нь буудаж , дараа нь зугтаалгүй тайван зогсож, хүмүүсээс цагдаа дуудаж өгөхийг хүссэн байна.
Тэрээр өөрийн хүсэл тэмүүллийн төлөө хүн алж чадах үхлийн аюултай эмэгтэй гэхээсээ илүү даруухан гэрийн эзэгтэй, хоёр хүүхдийн ээж шиг харагдаж байв.1950-иад онд Их Британид санаатайгаар хүн амины хэрэг үйлдсэн тохиолдолд дүүжлүүлэн цаазлах цорын ганц шийтгэл байв. Энэ хэрэг тухайн үед асар их дуулиан тарьсан ч шүүх дээр Рут өөрийгөө хамгаалахыг оролдоогүй аж. Тэрээр санаатайгаар үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч, “Амь насыг амь насаар. Энэ шударга биш гэж үү?” хэмээн тайван хэлсэн нь түүний хувь тавиланг шийдсэн юм.
Шүүхийн танхимд хүмүүс уйлж байсан ч 28 настай, хоёр хүүхдийн эх бүсгүй аврагдахыг хүсээгүй байна. Түүнд цаазаар авах ял оноосон бөгөөд мөрдөн байцаалт, шүүхийн туршид буу өгсөн хүний талаар нэг ч ам нээгээгүй аж. Зөвхөн шийдвэр гарсны дараа л өмгөөлөгчдөө Десмонд Кассены оролцоог дурдсан байна.
1955 оны 7-р сарын 13-нд Рут Эллисийг Холлоуэй шоронд цаазалжээ. Шоронгийн гадна олон хүн цугларч ялыг хөнгөрүүлэхийг шаардсан ч шийдвэр өөрчлөгдсөнгүй. Ийнхүү тэрээр Их Британид цаазлагдсан сүүлчийн эмэгтэй болсон бөгөөд 1969 онд тус улсад цаазаар авах ялыг бүрмөсөн халсан юм. Рут Эллисийн хэрэг улс төрийн шинжгүй ч 20-р зууны хамгийн дуулиант гэмт хэргүүдийн нэг болж, өнөөдрийг хүртэл зохиолч, кино бүтээгчдэд сэдэл өгсөөр байна. Түүний хувь заяаг та хэрхэн дүгнэх вэ цаазлах нь зөв байсан уу, эсвэл өөр шийтгэл оногдуулах ёстой байсан уу?