Судлаачид попкорн болон үнэрт будаанд байдаг онцгой үнэрийг үүсгэдэг 2-ацетил-1-пирролин (2-AP) хэмээх нэгдэлд төвлөрч ажилласан байна. Тэд “Alisa Craig” сортын улаан лооль дээр туршилт хийж, уг нэгдлийн үүсэлд нөлөөлдөг SlBADH1 болон SlBADH2 гэсэн хоёр генийг CRISPR/Cas9 технологийн тусламжтай идэвхгүй болгожээ.
Судалгааны үр дүнд SlBADH2 генийг өөрчлөхөд 2-AP хэмжээ мэдэгдэхүйц нэмэгдсэн бол хоёр генийг зэрэг идэвхгүй болгосноор энэ үзүүлэлт хяналтын улаан лоольтой харьцуулахад 4 дахин өссөн нь тэдгээр генүүд хамтдаа нөлөөлдөг болохыг баталсан байна.
Сонирхолтой нь энэхүү генийн өөрчлөлт нь улаан лоолийн үндсэн шинж чанарт огт нөлөөлөөгүй байна. Тухайлбал, цэцэглэх хугацаа, ургамлын өндөр, жимсний жин, сахар, хүчиллэгийн хэмжээ болон витамин C-ийн агууламж хэвээр хадгалагдсан нь эрдэмтдэд энэхүү аргыг практикт хэрэглэх боломжтойг харуулжээ.
Цаашид судлаачид энэхүү үнэрийг зах зээлд өргөн хэрэглэгддэг сортод нэвтрүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд ингэснээр хүнсний бүтээгдэхүүний амт, үнэрийг хэрэглэгчийн хүсэлд нийцүүлэн өөрчлөх боломж нээгдэнэ гэж үзэж байна.
Судалгааны хамтран зохиогч, Шянху лабораторийн дэд профессор Пэн Жэнгийн хэлснээр, "ийм төрлийн үнэр сайжруулсан улаан лооль нь хэрэглэгчдийн сонирхлыг татаж, зах зээлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх потенциалтай бөгөөд үнэрт будааны адил онцгой ангилал бий болгох боломжтой" гэжээ.