“НАСА” нь “Universal Waste Management System (UWMS)” нэртэй энэхүү системийг бүтээхэд 23 сая гаруй ам.доллар зарцуулжээ. Энэ нь ариун цэврийн асуудлыг шийдэхээс гадна ирээдүйн Сар болон Ангараг руу хийх нислэгүүдийн чухал хэсэг болох аж.
Шинэ суултуурыг бүтээхэд нийт 6 жил зарцуулсан бөгөөд одоо ашиглагдаж буй загвараас 65 хувиар жижиг, 40 хувиар хөнгөн болсон байна. Мөн хамгийн чухал нь эрэгтэй, эмэгтэй аль алинд нь илүү тохиромжтой байдлаар шийдэгдсэн нь өмнөх загваруудын сул талыг давж чаджээ.
Сансарт буюу бичил таталцлын орчинд энгийн таталцал үйлчилдэггүй. Тиймээс хаягдлыг зайлуулахын тулд хүчтэй агаарын урсгал ашигладаг байна. Тус систем нь шээс цуглуулах тусгай юүлүүр болон хатуу хаягдлыг шахаж багасгах төхөөрөмжөөс бүрддэг.
Энэхүү шинэ 00-ыг аль хэдийн Олон улсын сансрын станц дээр амжилттай туршсан бөгөөд удахгүй Сар руу хийх хүнтэй нислэг, тэр дундаа “Artemis II” хөтөлбөрт ашиглахаар төлөвлөж байна.
НАСА-гийн инженерүүд ариун цэврийн тав тухтай нөхцөл нь урт хугацааны сансрын нислэгт зайлшгүй чухал нөлөөтэй гэж үзэж байгаа бөгөөд хэрэв энэ асуудлыг шийдвэрлэхгүй бол хүн төрөлхтөн сансарт удаан хугацаанд амьдрах боломжгүй гэжээ. Хэдийгээр 23 сая доллар бага мөнгө биш ч мэргэжилтнүүд үүнийг ирээдүйн сансрын судалгаа, хүн төрөлхтний амьдралд оруулж буй үнэт хөрөнгө оруулалт хэмээн үзэж сэтгэл хангалуун байгаа гэнэ.