Автомашины салбарт түүхэн мөрөө үлдээсэн хамгийн алдартай эмэгтэйчүүдийн нэг бол Мерседес Еллинек юм. Түүний нэр дэлхийд алдартай “Mercedes-Benz” брэндийн нэг хэсэг болсон билээ. “Мерседес” гэдэг үгийг испани хэлнээс орчуулбал “энэрэнгүй” гэсэн утгатай бөгөөд үнэндээ энэ нь хоч нэр байжээ. Түүний жинхэнэ нэр нь Адриана Мануэла Рамона Еллинек юм.
Мерседес Вена хотод төрсөн бөгөөд түүний аав Эмиль Еллинек дипломатч, бизнес эрхлэгч, автомашины худалдаачин байв. “Мерседес” нэр автомашины салбарт шууд нэвтрээгүй. Тэрээр “Мерседес” нэрийг эхлээд бизнесийн барилгадаа өгч, дараа нь уралдаанд оролцохдоо ашиглаж эхэлсэн байна. 1901 онд “Mercedes” нэртэй анхны автомашин худалдаанд гарч, 1902 онд энэ нэр албан ёсоор бүртгэгджээ. Парисын авто үзэсгэлэн дээр компанийн танилцуулгыг Мерседесийн хөрөг чимэглэсэн нь уг нэрийг улам алдаршуулсан юм.
Сонирхолтой нь, Мерседес өөрөө автомашинд төдийлөн сонирхолтой байгаагүй бөгөөд хөгжимд илүү татагддаг байжээ. Тэрээр хоёр удаа гэрлэж, 1929 онд 39 насандаа таалал төгссөн байна.
Өнөө үед зам, шатахуун, холбоо харилцаа хөгжсөн ч холын аялал олон хүнд айдас төрүүлсээр байна. Харин 1888 онд энэ бүхэн бараг байхгүй байхад Берта Бенц зоригтой алхам хийжээ. Тэрээр нэгэн өглөө хоёр хүүхдээ дагуулан нөхрийнхөө гурван дугуйт автомашинаар Мангейм хотоос Пфорцхайм хүртэлх 104 км замыг туулсан нь түүхэн үйл явдал болсон юм. Тухайн үед ийм зайг өөрөө явдаг тээврийн хэрэгслээр туулсан хүн бараг байгаагүй.
Аяллын турш Берта овсгоо самбаагаа гарган, шатахууныг эмийн сангаас авч, эвдэрсэн эд ангийг замд нь засварлуулж, зарим асуудлыг өөрөө шийдэж байв. Дээд хурд нь ердөө 16 км/цаг байсан тул нэг талын замд бүтэн өдөр зарцуулжээ.Энэхүү аялал нь зөвхөн зоригийн илэрхийлэл биш, автомашины анхны “сурталчилгаа” болсон гэж үздэг. Берта Бенц ийнхүү нөхрийнхөө бүтээлийг олон нийтэд таниулж, автомашины хөгжлийн түүхэнд үнэтэй хувь нэмэр оруулсан юм. Тэрээр 95 насалж, 1944 онд таалал төгссөн бөгөөд түүний дурсгалыг Германд “Берта Бенцийн дурсгалын маршрут”-аар мөнхжүүлжээ.
Энэ нэрийг автомашины жинхэнэ сонирхогчид л мэддэг ч Мэри Андерсоны зохион бүтээл 100 гаруй жилийн турш бараг бүх автомашинд ашиглагдаж, өнөөдрийг хүртэл үндсэндээ өөрчлөгдөөгүй байна. Америк эмэгтэй Мэри Андерсон 1903 онд шил арчигчийн патентыг авчээ. Анхны хувилбар нь бүрэн механик байсан бөгөөд жолооч салхины шилний дотор талаас бариул эргүүлж арчигчийг хөдөлгөдөг байв. Тухайн үед резинэн эдлэлийн үйлдвэрлэл төдийлөн хөгжөөгүй байсан ч тэр өнөөг хүртэл хэрэглэгдэж буй нарийн, уян хатан туузан хэлбэрийн арчигчийг бүтээж чадсан юм. Мөн арчигчийг шилэнд шахаж барих механизм ч одоог хүртэл хэвээр — пүршээр ажилладаг. Харин цаг хугацааны явцад өөрчлөгдсөн гол зүйл нь хөтлөх систем бөгөөд гар ажиллагаанаас цахилгаан ажиллагаатай болсон явдал юм.
Харамсалтай нь Мэри Андерсон өөрийн зохион бүтээлээс ашиг олж чадаагүй. Тэр үүнийг хэд хэдэн удаа зарахыг оролдсон ч үргэлж татгалзсан хариу авч байжээ. Патентын хугацаа дууссаны дараахан түүний бүтээсэн шил арчигчийг өргөнөөр хэрэглэж эхэлсэн байна. Тэгвэл шил арчигч бий болохоос өмнө хүмүүс цаг агаарын таагүй нөхцөлд хэрхэн явж байсан юм бол?
Өнөө цагт бүсгүйчүүд эрчүүдээс дутахгүй эрэлхэг зоригтой болж, сүүлийн үеийн технологийг туршиж, эзэмших тал дээр огт зүрхшээдэггүй болсон. Нисэх хүчний салбар болон автомашины уралдаанд бүсгүйчүүд эхнээсээ оролцож ирсэн бөгөөд тэдний дундаас Герман эмэгтэй Ютта Кляйншмидт онцгойрчээ. Тэрээр хүүхэд байхаасаа техник, технологид сонирхолтой байсан учир Иснигийн “Байгалийн ухаан, техникийн академи”-д суралцаж, BMW концернд ажиллаж эхэлсэн байна.
1988 онд 26 настай Ютта Кляйншмидт дэлхийн хамгийн хүнд уралдаануудын нэг болох Парис–Дакар раллигийн гараанд гарчээ. Тэр автомашин төдийгүй, мотоцикл унаж уг тэмцээнд оролцсон нь түүнийг энэ салбарт ямар их сонирхолтой болохыг харуулж байгаа юм. Учир нь хоёр дугуйт ангилал нь амь насаа алдах, гэмтэж бэртэх өндөр эрсдэлтэй байдаг аж.
Зургаан жилийн дараа Ютта оффроуд салбарт хүч үзэж, 1997 онд уралдааны анхны эмэгтэй ялагч болжээ. 1999 онд бүх уралдааны дүнгээр тэргүүлж, 2001 онд Дакарын анхны эмэгтэй ялагчийн нэрийг авсан байна. Үндсэн амжилт нь Mitsubishi Pajero Evolution автомашинаар ирсэн бөгөөд тэрээр 2007 онд BMW X3-ийн экстрим хувилбараар оролцож, уралдааны карьераа өндөрлүүлжээ.
Орчин үеийн автомашины салбарын хамгийн нэр хүндтэй эмэгтэйчүүдийн нэг бол “General Motors” компанийн гүйцэтгэх захирал Мэри Барра юм. Тэрээр 2014 онд 53 настайдаа уг үүрэгт томилогдсон билээ. Магадгүй хүүхэд насаа Детройтын автомашинаар дүүрэн захад өнгөрүүлсэн нь түүнд энэ карьерын замыг бэлэглэсэн гэж хэлж болох юм. Мэригийн аав нь “Pontiac” үйлдвэрийн хэвний цехэд ажиллаж байсан бол өөрөө ч уг маркийн салбараас карьераа эхэлж, боловсролоо тогтвортой дээшлүүлснээр эцэст нь АНУ-ын түүхэн дэх анхны эмэгтэй авто корпорацийн удирдагч болж чаджээ.
Мэдээж, Америкийн автомашины салбар сүүлийн жилүүдэд Хятад улстай нэлээд өрсөлдөөнтэй байгаа ч “GM” уг асуудлыг амжилттайгаар даван туулж байгаа нь Мэригийн мэргэжлийн чадварыг харуулж байна.