Техник, технологи асар хурдтай хөгжиж байгаагийн хэрээр тун удахгүй дэлхий дахины хэрэглээнд нисгэгчгүй нисдэг тэрэг нэвтрэх бололтой. Учир нь Япон улсын “SkyDrive Inc.” стартап компани нь нисгэгчгүй нисдэг тэргийг бүтээж, анхны туршилтаа хийсэн болохыг Японы "Kyodo" агентлаг мэдээлжээ. Ингээд энэхүү гайхалтай төхөөрөмжтэй танилцацгаая. Манай улсад хамгийн хэрэгтэй зүйлсийн нэг мэт санагдана.
Алсаас удиррддаг “SD-05” нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг "Mitsubishi Estate Co." болон "Kanematsu Corp" хамтран бүтээсэн байна. Уг төхөөрөмж Токиогийн дээгүүр алсын удирдлагаар анхны нислэгээ үйлдсэн бөгөөд нислэг ойролцоогоор 3.5 минут үргэлжилж, 150 метр орчим зайг туулжээ.
“SD-05” нисгэгчгүй төхөөрөмж нь 12 ширхэг өргөх сэнстэй бөгөөд 15-40 км замыг туулах хүчин чадалтай баттарейгаар ажилладаг.
Энэхүү гайхалтай төхөөрөмж нь гурван хүн тээвэрлэх боломжтой бөгөөд харьцангуй жижиг хэмжээтэй учир нисдэг тэрэг болон бусад агаарын тээврийн хэрэгсэл буух боломжгүй газруудад ч газардаж чадна.
"SkyDrive Inc." компанийн удирдлагууд энэ төрлийн тээврийн хэрэгсэл нь замын түгжрэлийн асуудлыг шийдвэрлэхэд ихээхэн хувь нэмэр оруулна гэж үзэж байна.
Япон улс 2028 оноос уг агаарын тээврийг хязгаарлагдмал байдлаар арилжаанд нэвтрүүлэхээр төлөвлөж байгаагаа дурджээ.