МЭ 24 онд Ромын дээд язгууртан, алдарт жанжин Луций Апронийн гэр бүлд нэгэн эмгэнэлт явдал тохиов. Түүний цорын ганц охин, залуу хатагтай Апроня өөрийн эдлэнгийн цонхоор унаж нас баржээ. Тэрээр эд хөрөнгөөр дутагдах зүйлгүй, нэр хүндтэй, сайхан сэтгэлтэй нэгэн байсан тул түүнийг амиа хорлосон гэдэгт итгэх хүн байсангүй. Хамгийн сэжигтэй нь, талийгаачийн бие дээр уналтаас үүдээгүй олон тооны сорви, шарх байсан бөгөөд унах явцдаа ямар ч орилох чимээ гаргаагүй байна.
Апронягийн эцэг Луций Апроний нь Ромын нөлөө бүхий эрхэм байлаа. Тэрээр өнөөгийн Герман, Францын нутагт бослого дарахад байгуулсан гавьяаныхаа төлөө эзэн хаанаас шагнал хүртэж байсан нэгэн.
Луций өөрийн хүргэнээр авьяаслаг хуульч Марк Плавтий Сильваныг сонгож, өөрийн нөлөөгөөр түүнийг Претор буюу мужийн захирагчийн зэрэгт хүргэжээ.
Хэрэг гарах үед Марк "Би унтаж байсан тул юу болсныг мэдээгүй" хэмээн мэдүүлсэн ч гашуудалд автсан хадам эцэг нь түүнийг шууд буруутгав. Гэвч баримт байхгүй тул Луций өөрийн дотны анд, эзэн хаан Тиберийд ханджээ.
Асуудал эзэн хааны хувьд амаргүй байв. Луций түүний анд байсан ч, сэжигтэн Маркын эмээ Ургулания нь хатан хаан эх Ливиягийнх нь дотны найз байлаа. Иймээс Тиберий яаран шийдвэр гаргахын оронд хэргийг өөрийн биеэр шалгахаар шийджээ.
Түүхчид Тиберийг нууцлаг оньсого, тайлагдашгүй үзэгдэлд дуртай нэгэн байсан хэмээн тэмдэглэдэг. Тэрээр зөвхөн төр бариад зогсохгүй, эртний олдвор цуглуулж, нэн эртний мегалодон загасны шүдний хэвийг гаргах зэргээр палеонтологийн шинжлэх ухааны эхлэлийг тавьж байсан судлаач хүн байв. Энэхүү нарийн нягт, сониуч зан нь түүнийг "анхны мөрдөгч" болоход хөтөлжээ.
Тиберий Маркын эдлэн дээр очиж, хэргийн газрыг өнөөгийн мөрдөгч нар шиг нарийвчлан шинжлэв.
Тэрээр дараах сэжигтэй баримтуудыг олж тогтоожээ:
- Тэмцлийн мөр: Цонхны дэргэдэх хананы шавар ховхорч, хөшиг урагдсан байв.
- Ул мөр нуун дарагдуулалт: Эвдэрсэн тавилгуудыг өөр өрөө рүү зөөсөн байдал нь тэнд зодоон болсныг илтгэнэ.
- Хохирогчийн байдал: Апроня унахаасаа өмнө аль хэдийн ухаан алдсан эсвэл хөдөлж чадахгүй болтлоо зодуулсан байсан тул орилж чадаагүй нь тодорхой болов.
Эзэн хаан зөвхөн эд мөрийн баримтаар зогсохгүй, Ромд тархсан цуу яриаг ч судалжээ. Марк өөрийн хүүтэй ёс бус харилцаатай байсныг Апроня мэдсэн нь маргааны гол шалтгаан болсныг тэр олж мэдсэн бөгөөд Марк илчлэгдэхээс айсандаа эхнэрээ хэрцгийгээр зодож, улмаар цонхоор түлхэн унагасан болох нь ийнхү тодорхой болов.
Гэмт хэрэг нэгэнт илэрсэн тул Марк шүүхийн өмнө очихоос өөр аргагүй болов. Гэвч тэрээр шившиг болохоос айж, өөрийн боолоор судсаа хануулан амиа хорлосноор хэрэг төгсжээ.
Өнөөдөр бидэнд энэ бүхэн энгийн мэт санагдаж болох ч 2000 жилийн тэртээ Тиберий эзэн хаан логик дүгнэлт, эд мөрийн баримт, сэтгэл зүйн дүн шинжилгээг хослуулсан нь орчин үеийн арга барил ашиглан гэмт хэргийн мөрдлөгийг явуулсан анхны тод жишээ болон түүхэнд үлджээ.