Канга (хятадаар “цзя” 枷) нь хоёр хэсэг модоор хийгдсэн, дунд нь нүхтэй том хавтгай самбар юм. Хүний хүзүүг тэр нүхэнд хийж, хоёр хэсгийг нийлүүлэн цоожилж, дээр нь шүүхийн тамга дарна. Тамга нь зүгээр нэг тэмдэг биш — хууль. Түүнийг эвдэх, өөрчлөх оролдлого бүр нь дахин ял нэмэгдэх шалтгаан болдог байжээ. Самбар дээр ихэвчлэн тухайн хүний нэр, хийсэн гэмт хэрэг бичигдсэн байдаг тул тэр хүн хаа ч явсан өөрийгөө “зарлаж” явна гэсэн үг. Энэ нь зөвхөн бие махбодын бус, нийгмийн доромжлолын шийтгэл байв.
Кангагийн хэмжээ, жинг шүүхээс тогтоодог байсан нь сонирхолтой.Хөнгөн канга ~9 кг, дунд ~12 кг, хүнд ~15 кг жинтэй. Гэхдээ зарим үед, ялангуяа хожуу үед, 35–70 кг хүртэлх аварга хүнд хувилбарууд ч хэрэглэгдэж байжээ. Ийм жинг хүзүүндээ удаан хугацаанд үүрэх нь өөрөө тарчлаан. Хүзүү, мөрөнд даралт өгч, арьс махыг зүсэж, цус гаргаж, халдвар үүсгэнэ. Хүн зөв сууж ч чадахгүй, хэвтэж бүр ч чадахгүй. Зарим эх сурвалжид дурдсанаар, хэт хүнд канга зүүсэн хүмүүс хэдхэн хоногийн дотор туйлдаж, нас бардаг байсан байна.
Кангагийн гол зорилго нь “өвтгөх” биш — хүнийг бүрэн хүчгүй болгох байжээ. Самбарын хэмжээг зориуд том хийдэг тул хоригдол:
- гараа амандаа хүргэж чадахгүй
- хооллож, ус ууж чадахгүй
- биеэ арчилж, шавьж үргээж чадахгүй
Хэрвээ ойр дотныхон, эсвэл өрөвч сэтгэлтэй хэн нэгэн туслахгүй бол — тэр хүн зүгээр л гудамжинд өлсөж, цангаж үхнэ.
Өөрөөр хэлбэл, канга нь хүнийг шууд алахгүй. Харин амьд үлдэх бүх боломжийг нь хаадаг.
Канга зүүсэн хүн зүгээр нэг хоригдол биш, олон нийтийн өмнө “амьд зарлал” болдог байв. Заримд нь бүр хонх өгч, өөрсдөө дуугарган хүмүүсийн анхаарал татах ёстой байжээ. Энэ нь:
- хүмүүсийг цуглуулах
- гэмт хэрэгтнийг илчлэх
- түүнийг ичгүүрт оруулах зорилготой.
Түүний араас харгалзагч дагаж, шаардлагатай үед зодож шийтгэнэ. Ингэснээр канга нь зөвхөн биеийн биш, сэтгэлзүйн дарамт болдог байжээ.
Кангаг ихэвчлэн:
- хулгайч
- дээрэмчин
- морь хулгайлагч
- цэргийн оргодол
- авлигач, шударга бус албан тушаалтнуудад зүүдэг байсан гэнэ.
Ихэнхдээ үүнийг дангаар биш, ташуурын шийтгэлтэй хамт хэрэглэгддэг байсан аж. Өөрөөр хэлбэл, эхлээд зодож, дараа нь олон нийтэд “үзүүлдэг”.
Зарим хүмүүс кангаг богино хугацаанд зүүдэг бол, зарим нь жилээр нь тайлалгүй зүүдэг байв. Цөллөгийн ялтай хүмүүс 2 жил, хүнд хөдөлмөрийн ялтай хүмүүс 3 жил хүртэл кангатай амьдарна. Өдөр шөнөгүй, бараг тасралтгүй. Ийм урт хугацаанд амьд үлдэхийн тулд кангаг арай жижиг хийдэг байсан ч энэ нь зовлонг багасгахгүй. Сар бүр хоригдол захиргаанд очиж тамгаа шалгуулах ёстой. Гэхдээ бодит байдал дээр авлига их байсан тул мөнгөтэй хүмүүс канга зүүж байгаа мэт жүжиглэх тохиолдол ч байсан гэнэ.
Канга зүүсэн хүний хажууд заримдаа аяга, ус, хэрэгсэл тавьсан байдаг. Гэвч тэр өөрөө ашиглаж чаддаггүй. Хоол идэх, ус уух нь зөвхөн бусдын тусламжаас хамаарна. Хэрвээ хэн ч туслахгүй бол — тэр хүн гудамжинд аажмаар нас барна. Ингэснээр канга нь зөвхөн бие махбодын шийтгэл биш, нийгмийн харилцаанаас бүрэн хамааралтай амьдрал болдог.
Эртний Хятадад шорон цөөхөн, хоригдлыг тэжээх зардал өндөр байсан бөгөөд Канга энэ асуудлыг бүрэн “шийдсэн” гэхэд болно. Үүнд:
- барилга байгууламж хэрэггүй
- хамгаалалт хэрэггүй
- хоол хүнсний зардалгүй
Гэмт хэрэгтэн өөрөө амьд үлдэх ёстой. Төр бараг оролцохгүй, харин нийгэм өөрөө “шийтгэлийг” хэрэгжүүлнэ.