Илт мэдэгдэхүйц "хиймэл оюуны хог"-оос эхлээд гэрэл зураг шиг бодит дүрслэл хүртэл сая сая хүмүүс өдөр бүр хиймэл оюун ухааны програм ашиглан дижитал зураг бүтээж байна.
Үнэнийг хэлэхэд, хиймэл оюун ухаан ашиглан ганцаардмал чононоос хавьгүй аймшигтай зураг бүтээж болох байсан ч 40 настай Өмнөд Солонгос эр ийм зураг хийснийхээ төлөө амьдралынхаа ирэх 5 жилийг шоронд өнгөрүүлж, 6700 долларын торгууль төлөх эрсдэлд ороод байна.
Хиймэл оюун ашиглан оршин суудаг хотын гудамжинд байгаа чонын бодит мэт зургийг бүтээж, түүнийгээ цахим орчинд нийтлэх нь гэмт хэрэг шиг сонсогдохгүй байж болох юм. Гэвч хэрэв цаана нь үнэхээр чоно сул чөлөөтэй явж байсан бол яах вэ?
4-р сарын 8-ны өдөр Өмнөд Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Тэжон амьтны хүрээлэнгээс “Нёкгу” нэртэй чоно оргосон талаар мэдээлсэн бөгөөд зарим хүмүүс Тэжон хотын гудамжинд чоно явж байгааг харсан гэх гэрэл зургийг нийтэлжээ. Тэрхүү зураг туйлын бодит мэт харагдаж байсан ч үнэндээ заавраар бүтээгдсэн хиймэл оюун ухааны зураг байв.
"Хиймэл оюунаар зассан ганцхан зураг чоныг барих ажиллагааг ес хоногоор хойшлуулсан. Цагдаа болон гал сөнөөгчдийг урт хугацаанд дайчилсан нь олон нийтийг хамгаалах тэдний үндсэн үүрэгт томоохон саад учруулсан" гэжээ.
Нёкгу чоно хотын гудамжаар хэрэн хэсэж байж магадгүй гэж эмээсэн Тэжон хотын удирдлагууд бага сургуулиудыг хааж, иргэдийн аюулгүй байдлыг хангахын тулд онцгой байдлын тусгай багуудыг илгээжээ. Гэвч энэхүү томоохон ажиллагааг эхлүүлсэн зураг нь хуурамч болохыг хэн нэгэн олж мэдэх үед бүх хохирол аль хэдийн учирсан байв.
Хотын төвөөр эрчимтэй хайлт хийсэн цагдаагийнхан эцэст нь Нёкгуг Тэжон хотын захын хэсгээс олжээ. Хэрэв тэрхүү хуурамч зурагт хууртаагүй байсан бол чоныг хамаагүй эрт барих боломжтой байсан аж.
Тэжон дахь чонын зураг бүтээсэн 40 настай эрийг олж тогтооход тэрээр ердөө "зугаацах гэж" хийсэн хэмээн хайнга хариулжээ. Одоо тэрээр үүнийхээ төлөө 5 жилийн хорих ял сонсох эрсдэлтэй тулгараад байна.