Японы алдартай халуун тогооны (shabu-shabu) сүлжээ ресторан болох “Shabu-yo” нь сүүлийн үед ер бусын нимгэн гахайн махаараа олны ярианы сэдэв болоод байна. Тэдний зүссэн мах үнэхээр нимгэн тул бараг нэвт харагдах хэмжээнд хүрсэн бөгөөд энэ нь цахим хэрэглэгчдийн сонирхлыг татаж, олон мянган сэтгэгдэл, хошигнол дагуулжээ.
Нэгэн хэрэглэгч X (хуучнаар Twitter) дээр:
“Ийм нимгэн хэрчих технологи нь нэг талаар гайхалтай л даа 😂 Гэхдээ ингэж зардал хэмнэх гэж байгаа бол ‘дуртайгаа ид’ үйлчилгээ явуулахаа больсон нь дээр юм биш үү?”
хэмээн бичсэн бол,
Өөр нэг нь:
“Тунгалаг гахай гэж байдаг юм уу?”
гэж хошигносон байна.
Энэхүү зураг X платформ дээр 3 сая гаруй хандалт авч, шуугиан тарьжээ.
Анхны пост оруулсан хэрэглэгчийн хэлснээр, ийм нимгэн махны нэг “давуу тал” нь хүмүүс илүү олон зүсэм идэж чаддаг болж, дараа нь найз нөхөддөө “би ийм их идсэн” гэж гайхуулах боломжтой болдог аж.
Цахимд өрнөсөн шүүмжлэл, хошигнолын дараа “Shabu-yo” сүлжээ ресторан албан ёсны мэдэгдэл гаргаж, зарим салбарт махыг тогтоосон стандартын дагуу бус, хэт нимгэн байдлаар үйлчилсэн гэдгийг хүлээн зөвшөөрчээ.
Тэд мэдэгдэлдээ:
“Зарим салбаруудад манай тогтоосон махны стандарт зөрчигдсөн байж болзошгүйг бид баталгаажуулсан. Хүлээлтэд нийцээгүй бүтээгдэхүүн хүргэсэнд эрхэм үйлчлүүлэгчдээсээ чин сэтгэлээсээ уучлалт хүсэж байна.”
гэж дурдсан байна.
Үнэндээ бол ур чадварын “дээд түвшин”?
Хэдийгээр шүүмжлэл дагуулсан ч ийм хэмжээнд нимгэн хэрчих нь өөрөө өндөр ур чадвар шаардсан ажил гэдгийг хүмүүс онцолж байна. Зарим нь бүр Италийн просциутто (prosciutto) хэрчдэг мастерууд хүртэл ийм нимгэн зүсэлт хийхэд амаргүй хэмээн хошигножээ.