Хэрэм — гайхалтай ой тогтоолттой жижигхэн амьтан

Ой дотор самраа хаана нууснаа хэдэн долоо хоногийн дараа ч санадаг амьтан бий гэвэл та итгэх үү? Хэрмүүд хоолоо олон газарт нуучихаад яг байршлыг нь марталгүй олдог гайхалтай ой тогтоолттой. Тэд хүмүүсийг хүртэл царайгаар нь таньж, өмнө нь хоол өгсөн хүнийг хүлээж байдаг аж.

Муур — өөрийн гэсэн бодолтой “ухаантан”

Заримдаа муур таныг ойлгоогүйдээ биш, зүгээр л үл тоож байгаа мэт дүр эсгэдэг. Үнэндээ муур маш сайн дасан зохицох чадвартай бөгөөд эзнийхээ зуршил, сэтгэл хөдлөлийг хүртэл анзаардаг байна. Команд биелүүлэхгүй байх нь хүртэл тэдний бие даасан зангийн илрэл гэнэ.

Гахай — дутуу үнэлэгдсэн суутан

Фермийн энгийн амьтан мэт харагдавч гахайн IQ олон хүнийг гайхшруулдаг. Тэд хурдан суралцаж, асуудал шийдэхдээ маш сайн бөгөөд туршилтаар компьютерийн энгийн тоглоом хүртэл тоглож сурсан тохиолдол бий.

Тоть — хүний хэл ойлгодог шувуу

“Сайн уу?” гэж хэлдэг тотьнууд үнэхээр үгээ ойлгодог болов уу? Судлаачдын үзэж байгаагаар Африкийн саарал тоть зарим үгийг зүгээр давтдаггүй, харин тодорхой эд зүйл, өнгө, хэлбэртэй холбож ойлгодог ажээ.

Нохой — хүний хамгийн үнэнч бөгөөд ухаалаг найз

Хүний сэтгэл хөдлөлийг хамгийн сайн “уншдаг” амьтдын нэг бол яах аргагүй нохой юм. Тэд зөвхөн эзнийхээ үгийг ойлгоод зогсохгүй нүүрний хувирал, дууны өнгөөр хүртэл хүний сэтгэл санааг мэдэрдэг байна.

Наймаалж — далайн оньсого мэт суут ухаантан

Далайн гүнд амьдардаг энэ зөөлөн биет амьтан сав онгойлгож, төөрдөг байшин мэт газраас төвөггүй гарч, бүр хүмүүсийг ялгаж таньдаг гэвэл итгэмээргүй. Наймаалж нь биеийн жинтэйгээ харьцуулахад асар том тархитай бөгөөд хамгийн ухаалаг далайн амьтдын нэгт тооцогддог.

Хэрээ — асуудал шийдэх мастер

Самрыг машины дугуйн дор тавьж хагалуулах санаа хүнээс биш, хэрээнээс гарсан гэвэл ямар вэ? Хэрээнүүд багаж ашиглаж, асуудлыг олон аргаар шийддэг бөгөөд тэдний IQ-г долоон насны хүүхэдтэй хүртэл харьцуулдаг.

Заан — ой санамж ба өрөвдөх сэтгэлийн эзэн

“Заан хэзээ ч мартдаггүй” гэх үг зүгээр нэг хэлц биш аж. Заанууд олон жилийн өмнөх зам, усны эх үүсвэрийг хүртэл санадаг гайхалтай ой санамжтай. Мөн тэд сүргийнхээ үхсэн гишүүдэд эмгэнэл илэрхийлдэг нь судлаачдыг хүртэл гайхшруулжээ.

Шимпанзе — хүний хамгийн ойрын төрөл

Хэрэв хүнтэй хамгийн төстэй амьтныг нэрлэвэл шимпанзе тэргүүнд орно. Тэд багаж хийж ашиглах, дохионы хэлээр харилцах, бүр хошигнох чадвартай. Зарим туршилтаар шимпанзены ой тогтоолт хүнээс ч илүү байсан тохиолдол бий.

Дельфин — дэлхийн хамгийн ухаантай амьтан уу?

Далайд амьдардаг энэ инээмсэглэлтэй амьтад зөвхөн хөөрхөн төрхөөрөө биш, оюун ухаанаараа алдартай. Дельфинүүд өөрийгөө толинд таньж чаддаг, хоорондоо олон төрлийн дуу авиатай “хэл”-ээр ярилцдаг бөгөөд бүр өөр өөрийн нэртэй байдаг гэж эрдэмтэд үздэг байна.