“AI экс” гэх шинэ үзэгдэл

Сүүлийн үед Хятадын залуусын дунд “ex.skill” нэртэй нээлттэй эхийн AI модуль эрчимтэй тархаж байгаа аж. Энэхүү систем нь хуучин харилцааны чат, зураг, дуу хоолой, сошиал дахь постууд болон тухайн хүний зан чанарын тайлбарыг ашиглан “дижитал экс” бүтээдэг байна.

Ингэснээр AI нь тухайн хүний ярианы өнгө, байнга хэрэглэдэг үг хэллэг, бүр харилцаан дундах жижиг зуршлуудыг хүртэл дуурайх чадвартай болдог ажээ.

Дурсамжийг “дижитал тархи” руу шилжүүлэх нь

Ex.skill төслийн хөгжүүлэгчид энэхүү системийг “сэтгэл санааны эдгэрэл, өөрийгөө ойлгоход туслах зорилготой” хэмээн тайлбарласан байна. Тэдний хэлснээр энэ нь мөрдөх, дарамтлах эсвэл хувийн нууцад халдах хэрэгсэл биш аж.

Гэсэн ч олон хүн үүнийг аюултай хандлага гэж үзэж эхэлжээ. Учир нь бодит хүний мэдээллийг зөвшөөрөлгүйгээр AI системд оруулж байгаа нь хувийн нууцтай холбоотой томоохон асуудал үүсгэж байна.

AI хайр сэтгэл бодит харилцааг орлох уу?

Сэтгэлзүйчдийн үзэж буйгаар ийм төрлийн AI “хамтрагч”-д хэт дасах нь шинэ бодит харилцаа үүсгэх чадварт сөргөөр нөлөөлж болзошгүй гэнэ. Өөрөөр хэлбэл хүмүүс бодит хүнтэй ойлголцохын оронд өөрт нь үргэлж таалагдах “хиймэл хүн”-тэй үлдэх эрсдэлтэй болж байгаа юм.

Түүнчлэн AI эксүүд нь хэрэглэгчийн дурсамжийг тасралтгүй “амьд” байлгаж, салалтаас бүрэн гарахад саад болж магадгүй талаар ч анхааруулжээ.
Зарим хүнд бол “хаалтын яриа” болж өгчээ

Гэсэн хэдий ч бүх хүн үүнийг сөргөөр хүлээж аваагүй байна. Зарим хэрэглэгчийн хувьд AI экс нь хэлж амжаагүй үгээ хэлэх, сэтгэлээ тайвшруулах боломж болж өгчээ.

Нэгэн хэрэглэгч: 
“Би бодит амьдрал дээр хэлж чадаагүй бүхнээ AI хувилбарт нь хэлсэн. Тэгээд сэтгэл арай дээр болсон” хэмээн сошиалд бичсэн байна.

Мөн зарим нь AI хувилбартайгаа удаан ярилцсаны дараа “хуучин хайртай хүн маань үнэндээ тийм төгс байгаагүй юм байна” гэдгийг ойлгосон гэжээ.

Ирээдүйн хайр ийм болох уу?

Хиймэл оюун ухаан хүний дурсамж, мэдрэмж, харилцаанд улам гүн нэвтэрч буй энэ үед “дижитал экс” гэх ойлголт зүгээр нэг тренд биш, ирээдүйн харилцааны шинэ хэлбэрийн эхлэл ч байж мэдэх юм.

Гэхдээ хамгийн том асуулт хэвээр үлдэж байна:

Хүн бодит хайртайгаа амьдрахыг хүсэх үү, эсвэл өөрийг нь хэзээ ч гомдоохгүй AI хувилбартай үлдэх үү?