Ферм дээр өссөн “мангас”

Дагмар 1887 онд Данийн Өмнөд Ютланд дахь Ассендруп тосгоны ойролцоох жижиг фермд төржээ. Эцэг эх нь түрээсийн газар ногоо тарьж амьдардаг энгийн тариачид байсан бөгөөд айл нь хөдөлмөрч, даруухан хүмүүс гэж тооцогддог байв. Гэвч Дагмар багаасаа бусдаас өөр нэгэн байжээ. Тэр ердөө 12 настайдаа анхны хулгайгаа хийсэн бөгөөд нас ахих тусам жижиг хулгай, залилангийн хэрэгт байнга холбогдох болсон байна. Улмаар засрах газар хүртэл явж байсан ч энэ нь түүнийг өөрчилсөнгүй. Харин ч улам хүйтэн сэтгэлтэй болгожээ. Насанд хүрэхээсээ өмнө Дагмар жирэмсэн болсон ч хүүхдийн эцэг нь хэн байсан нь хэзээ ч тодорхой болоогүй. Албан ёсны баримтад анхны хүүхэд нь “байгалийн шалтгаанаар” нас барсан гэж үлдсэн байдаг. Гэвч түүний дараа хийсэн аймшигт гэмт хэргүүдийг бодоход энэ үхэл ч эргэлзээ төрүүлдэг. Дагмар дараа нь өөр өөр эрчүүдээс дор хаяж таван хүүхэд төрүүлсэн ч тэднээс ердөө хоёр нь л амьд үлджээ.

Аймшигт “бизнес”

1916 онд Дагмар Овербю мөнгө олохын тулд хүний санаанд багтамгүй арга сонгосон байна. Тухайн үед Данид гэрлэлтээс гадуур төрсөн хүүхдүүдийг нийгэмд ичгүүртэй зүйл гэж үздэг байжээ. Санхүүгийн боломжгүй, аргаа барсан эхчүүд хүүхдээ бусдад өгч өсгүүлэхийг хүсдэг байсан бөгөөд Дагмар үүнийг ашиглажээ. Тэр сонинд зар тавин: “Хүүхэд үрчилж авч, сайн айлд өсгөнө” хэмээн амладаг байв. Ингээд итгэл алдран түүнд хандсан эхчүүдээс мөнгө авч, нярай хүүхдүүдийг нь тэр өдөрт нь хөнөөдөг байсан гэдэг. Анхны хохирогч нь гэрлээгүй эмэгтэйн хүүхэд байжээ. Эх нь Дагмарт 12 крон өгч, хүүхдээ өсгөж өгөхийг хүссэн ч Дагмар мөнгийг авмагцаа нярайг боомилж, цогцсыг оршуулгын газрын жорлонд хаясан байна. Энэ хэрэг илрээгүй тул тэр улам даварчээ.

Нярай хүүхдүүдийг хөнөөсөн аймшигт аргууд

Дагмарын хэрэглэж байсан аргууд туйлын харгис байсан гэдэг. Тэр хүүхдүүдийг:

  • боомилох
  • усанд живүүлэх
  • зууханд шатаах

зэргээр хөнөөдөг байжээ. Хүүхдүүдийн цогцсыг гэрийнхээ дээврийн хонгилд нуух, шатаах эсвэл эзгүй газар булшлах нь түүнд жирийн зүйл болсон байв.

Хэчнээн хүүхэд амиа алдсан бэ?

Яг хэдэн хүүхэд түүний гарт амиа алдсан нь өнөөдөр ч тодорхойгүй. Мөрдөн байцаалтаар 9 аллага батлагдсан ч Дагмар өөрөө 16 хүүхэд хөнөөснөө хүлээсэн байдаг. Зарим судлаач түүний хохирогч 25 хүрсэн байж магадгүй гэж үздэг. Тэр дундаа өөрийн төрсөн хүүхэд ч байсан гэдэг.

Илчлэгдсэн аймшиг

1920 онд Дагмар ээлжит нярай хүүхдийг “үрчилж авах” нэрээр авчээ. Гэвч хүүхдийн эх удалгүй харамсаж, маргааш нь хүүхдээ буцааж авахаар ирсэн байна. Тэр хаалгыг нь удаан тогшсон ч Дагмар онгойлгосонгүй. Эцэст нь эх нь цагдаад хандсанаар бүх зүйл ил болсон юм. Цагдаа нар гэрийг нь шалгахад нярай хүүхдийн хагас шатсан цогцсыг зуухнаас олжээ.

Шүүх ба төгсгөл

Copenhagen хотод болсон шүүх хурлыг бүх Дани анхааралтай ажиглаж байв. Шүүхийн ордны гадаа хүмүүс цугларч, түүнд цаазаар авах ял өгөхийг шаардаж байжээ. Анх Дагмарт цаазын ял оноосон ч давж заалдах шатанд ялыг нь бүх насаар хорих болгон өөрчилсөн байна. Тэр дараа нь шоронгоос сэтгэцийн эмнэлэгт шилжиж, хий үзэгдэл харж,  хагас галзуу байдалд автсан байдалтай амьдарсаар 1929 онд 42 насандаа нас баржээ. Сонирхолтой нь, түүний үхлээс ердөө жилийн дараа Данид цаазын ялыг бүр мөсөн халсан байдаг.

Данийн түүхэнд үлдсэн хар мөр:

“The Girl with the Needle” кино болон “Englemagersken” роман зэрэг бүтээлүүд Дагмарын түүхээс сэдэвлэн бүтээгдсэн байдаг. Түүний хэрэг Данийн нийгэмд асар том цочрол өгч, гэрлэлтээс гадуур төрсөн хүүхдүүдийг хамгаалах шинэ хууль батлагдахад хүртэл нөлөөлжээ. Өнөөдөр ч Даничууд Дагмар Овербюг “хүүхдийн хамгийн харгис алуурчин” хэмээн дурссаар байдаг.