Ээжтэйгээ хамт амьдардаг эр бонобонууд илүү амжилттай байдаг

Хэт халамж гэдэг ойлголтыг хүмүүс ихэвчлэн сөргөөр хүлээж авдаг. Гэвч бонобо сармагчны ертөнцөд бүх зүйл эсрэгээрээ ажээ. Судлаачдын ажигласнаар ээжтэйгээ хамт амьдардаг эр бонобо бусдаасаа илүү амжилттай байж, үр төлтэй болох магадлал нь гурав дахин өндөр байдаг байна. Учир нь бонобо ээжүүд зүгээр нэг халамжилдаггүй. Тэд хүүдээ “сүйт бүсгүй” олоход нь тусалж, бусад өрсөлдөгчийг холдуулж, бүр хосын тайван байх нөхцөлийг хүртэл бүрдүүлдэг. Өөрөөр хэлбэл, бонобогийн ертөнцөд ээжийн дэмжлэг бол сул тал биш, харин амьдралын том давуу тал юм.

Өндөр зэрэглэлтэй эхчүүд л хөвгүүддээ тусалдаг

Бонобо сармагчны нийгэм гаднаас харахад энгийн мэт боловч үнэндээ хатуу дэг журам, байр суурийн тогтолцоотой ажээ. Судлаачдын тогтоосноор бүх ээжүүд хөвгүүдийнхээ амьдралд оролцдоггүй байна. Хүүгээ идэвхтэй “дэмждэг” нь ихэвчлэн сүрэг дотроо өндөр зэрэглэлтэй, нөлөө бүхий эмэгчин бонобонууд байдаг аж. Тэд эрх мэдлээ ашиглан хүүдээ илүү сайн нөхцөл бүрдүүлж, өрсөлдөгчдийг холдуулан, үржилд орох боломжийг нь нэмэгдүүлдэг байна. Харин энгийн, доод зэрэглэлийн эмэгчнүүд хөвгүүдийнхээ хувийн амьдралд бараг оролцдоггүй бөгөөд ийм “ээжийн дэмжлэг” тэдэнд бараг байдаггүй гэнэ.

“Сайн гэр бүлийн” бонобонуудын давуу тал

Сармагчин судлаач Мартин Сурбек энэ үзэгдлийг маш энгийнээр тайлбарладаг. Өндөр зэрэглэлтэй эм бонобо хүү нь хэнтэй нийлж байгаад маш их анхаардаг байна. Учир нь “тааруухан гаралтай” эмэгчинг сонговол өөрийнх нь нийгэм дэх нэр хүнд хүртэл унах эрсдэлтэй ажээ. Тиймээс “сайн гэр бүлийн” залуу бонобонууд ээжийнхээ хатуу хяналт, хамгаалалт дор амьдардаг байна. Эхийнхээ нөлөө, эрх мэдлийн ачаар тэд хамгийн том, хамгийн үр жимстэй модны сүүдэрт тухлан сууж чадна. Харин ээжийн хамгаалалт байхгүй бол бусад сармагчин түүнийг тэр дор нь хөөж явуулах байжээ. Ийм моднууд нь бонобо ертөнцийн нэг төрлийн “VIP клуб” мэт үүрэгтэй. Тэнд сүргийн залуу, нөлөө бүхий гишүүд цугларч, харилцаагаа тогтоон, өрсөлдөж, заримдаа бүр замбараагүй зодоон, хослолын тэмцэл хүртэл өрнөдөг байна.

Бонобо ээжүүд хөвгүүдээ болзоонд хүртэл дагалддаг

Энэ онцгой “ээжийн хяналт” зөвхөн бонобод байдаг уу, эсвэл бүх шимпанзед нийтлэг үзэгдэл үү гэдгийг мэдэхийн тулд эрдэмтэд Африкийн янз бүрийн бүсэд амьдардаг сармагчнуудыг олон жил ажиглажээ. Бонобонуудыг Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс-д, харин зэрлэг шимпанзенүүдийг Кот-д’Ивуар, Танзани болон Уганда-д судалсан байна. Судалгаагаар бүх төрлийн шимпанзегийн эхчүүд үр хүүхдээ зодоон, мөргөлдөөний үед хамгаалдаг нь тогтоогджээ. Харин хөвгүүдийнхээ хайр дурлалын асуудалд идэвхтэй оролцдог нь зөвхөн бонобо эмэгчнүүд байв. Тэд зүгээр нэг “сайн бүсгүй” хайж өгөөд зогсохгүй, хүүгээ болзоонд хүртэл дагалдан явдаг аж. Учир нь хослон нийлж буй бонобонууд махчин амьтан эсвэл атаархсан бусад сармагчны довтолгоонд өртөх аюултай байдаг байна. Ийм үед эх нь ойр хавийг ажиглаж, сониуч эсвэл түрэмгий этгээдүүдийг холдуулдаг гэнэ.

Ээжүүд охиддоо огт анхаарал тавьдаггүй

Сармагчин судлаач Мартин Сурбек-ийн хэлснээр, идэвхтэй халамжтай эхчүүд бусдаасаа хавьгүй олон ач зээтэй болдог байна. Өөрөөр хэлбэл, өөрөө дахин төрөхгүй байсан ч хөвгүүдийнхээ амжилтаар дамжуулан генээ илүү өргөн тарааж чаддаг гэсэн үг. Харин сонирхолтой нь бонобо эхчүүд охиддоо бараг анхаарал тавьдаггүй аж. Тэд охидынхоо хосыг сонгоход оролцохгүй, үр төл өсгөхөд нь ч тусалдаггүй. Залуу эмэгчнүүд ч өөрсдөө эхээсээ холдож, өөр сүрэг рүү шилжин амьдрахыг илүүд үздэг байна.