2002 онд “Deceptive Duo” нэртэй хоёр хүний бүрэлдэхүүнтэй хакерын бүлэглэл АНУ-ын хэд хэдэн төрийн байгууллагын системд томоохон халдлага үйлджээ. Тус бүлэглэлд 20 настай Бенжамин Старк болон 18 настай Роберт Литтл нар багтаж байсан бөгөөд тэд:
- АНУ-ын Тэнгисийн цэрэг,
- НАСА,
- Холбооны нисэхийн захиргаа (FAA),
- мөн Батлан хамгаалах яамны сүлжээнд хүртэл нэвтэрсэн байна.
Бусад олон хакерын адил Старк, Литтл хоёр “Бид зөвхөн аюулгүй байдлын сул талыг харуулж, эх орондоо туслахыг хүссэн” гэж мэдэгдэж байжээ. Тэд халдсан системүүддээ зурвас үлдээж, төрийн албан тушаалтнуудын имэйл хаяг болон нууц вэбсайтуудын мэдээллийг олон нийтэд тараан засгийн газрын анхаарлыг татахыг оролдсон байна. Мөн үнэхээр ч олны анхаарлыг татаж чаджээ. Эцэст нь 2006 онд хоёр хакер хоёулаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байна. Старк хоёр жилийн тэнсэн харгалзах ял авч, Литтл дөрвөн сарын тэнсэн ял болон гурван жилийн хяналттай үлджээ. Мөн учруулсан хохирлын төлөө хэдэн арван мянган долларын нөхөн төлбөр төлөх болсон аж.
2007 онд Эстони даяар интернет гэнэт доголдож, банк, төрийн байгууллага, хэвлэл мэдээллийн сайтууд ажиллахгүй болсон нь дэлхий нийтийн анхаарлыг татсан томоохон кибер халдлагын нэг болж байв. Тухайн үед Эстонид Зөвлөлтийн дурсгалт хөшөөг буулгасантай холбоотой үймээн самуун өрнөж байсан тул олон хүн үүний ард Орос байгаа гэж хардаж байжээ. Хакерууд улс даяарх олон компьютерийг ашиглан серверүүд рүү асар их ачаалал илгээж, системүүдийг “унтраасан” байна. Үүний улмаас:
- АТМ ажиллахгүй болж,
- веб сайтууд нээгдэхээ больж,
- төрийн зарим системийг бүр хаахаас өөр аргагүй болсон аж.
Эстонийн эрх баригчдад буруутныг олоход хэдэн долоо хоног шаардлагатай болсон бөгөөд эцэст нь энэ хэргийн ард Эстонид амьдардаг орос гаралтай 20 настай Дмитрий Галушкевич байсан нь тогтоогджээ. Тэр ганцаараа ажилласан уу эсвэл бүлэглэлтэй байсан уу гэдэг нь өнөөг хүртэл тодорхойгүй хэвээр үлдсэн байна. Харин Галушкевич өөрөө 17 500 крон буюу тухайн үеийн ханшаар ойролцоогоор 45 мянган рублийн торгууль төлжээ.
Дэлхийн хамгийн сайн хамгаалагдсан компьютерийн системүүдийн нэг гэвэл АНУ-ын Батлан хамгаалах яамны сүлжээ яах аргагүй орно. Гэтэл америк хакер Жонатан Жеймс энэ системд нэвтэрч чадсан бөгөөд тэр үедээ дөнгөж 15 настай байжээ. 1999 оны 6-р сарын 29, 30-нд Жеймс NASA-гийн сүлжээнд халдаж, серверүүдээр нь чөлөөтэй нэвтэрсэн байна. Тэр Олон улсын сансрын станцтай холбоотой эх код зэрэг хэд хэдэн чухал файлыг хүртэл хулгайлжээ. Мэдээж NASA энэ хэргийг маш ноцтойгоор хүлээн авч, хакерыг барих томоохон ажиллагаа эхлүүлсэн бөгөөд удалгүй Жеймс баригдсан байна. NASA-гийн тооцоолсноор учирсан хохирол 1.7 сая долларт хүрчээ. Гэхдээ Жеймс насанд хүрээгүй байсан учраас ердөө зургаан сарын хорих ял авч, цаашид компьютер ашиглахгүй байх үүрэг хүлээсэн байна. Харамсалтай нь, Жонатан Жеймс өдгөө амьд сэрүүн биш. Тэр 2008 оны 5-р сарын 18-нд нууцлаг нөхцөлд нас баржээ. Албан ёсны тайлбарт амиа хорлосон гэж дурдсан ч зарим хүмүүс төрийн байгууллагууд түүнийг “зайлуулсан” байж магадгүй гэх яриа өнөө хүртэл байдаг аж.
Жон Дрейперийг хакеруудын өвөө гэж нэрлэсэн ч багадна. Тэр 1970-аад оны эхээр “phone phreaking” буюу телефон сүлжээ ашиглан үнэгүй дуудлага хийдэг хүмүүсийн хаан гэгдэж байжээ. Тэр үед интернэт өргөн тархаагүй, хувийн компьютер ч ховор байсан учраас Дрейпер компьютер биш, телефон сүлжээтэй “тоглодог” байв. Нэгэн сонирхолтой нээлт түүнийг алдартай болгожээ. Эрдэнэшишийн өглөөний хоолны хайрцагт байдаг тоглоомон шүгэл телефон сүлжээний цахилгаан дохиотой ижил авиа гаргадаг болохыг тэр анзаарсан байна.
Дрейпер олон улсын дугаар руу залгаж байгаад шүгэлддэг байсан бөгөөд уг дохио нь телефон системд “хэрэглэгч утсаа тасаллаа” гэсэн мэдээлэл өгдөг байжээ. Ингэснээр шугам чөлөөтэй гэж тооцогдон, дараагийн бүх дуудлага үнэгүй болдог байсан аж. Хожим нь Дрейпер найзуудтай хамт “Blue Box” нэртэй төхөөрөмж бүтээсэн байна. Энэ төхөөрөмж телефон сүлжээний авиаг дуурайж, үнэгүй дуудлага хийх боломж олгодог байжээ. Үүнээс гадна Дрейпер IBM PC-д зориулсан дэлхийн анхны текст редакторуудын нэг болох “EasyWriter”-ийг бүтээсэн бөгөөд өдгөө кибер аюулгүй байдлын чиглэлээр өөрийн компанийг удирддаг байна.
1980-аад онд “phone phreaking” буюу телефон сүлжээ ашиглан систем хуурах арга ихэд алдартай болж байх үед Кевин Поулсен Лос-Анжелесийн KIIS-FM радиотой холбоотой маш овжин заль хэрэглэжээ. Тэр радио станцын утасны шугамыг удирдан, шаардлагатай дуудлагуудыг өөрөө хийсэн мэт болгосноор Хавайн аялал болон Porsche автомашин зэрэг гол шагналуудыг хожсон байна. Удалгүй Поулсен илүү ноцтой зүйл рүү оржээ. Тэр Холбооны мөрдөх товчоо (Federal Bureau of Investigation)-ийн мэдээллийн санд нэвтэрч, утас чагнах ажиллагаатай холбоотой нууц мэдээлэлд хүртэл хандсан байна. Үүний дараа FBI түүнийг эрчимтэй эрэн сурвалжилж э хэлжээ. Эцэст нь Поулсен баригдаж, таван жилийн хорих ял авсан байна. Сонирхолтой нь, шоронгоос гарсны дараа тэр мэдээллийн салбарт ажиллаж эхэлсэн бөгөөд өдгөө Wired News-ийн редактороор ажиллаж байгаа гэнэ.
Рафаэль Грей өөрийгөө “шударга зорилготой хүн” гэж нэрлэдэг байсан бөгөөд 2000 онд цахим худалдааны сайтуудын мэдээллийн санг эвдэхдээ тэдэнд туслахыг л хүссэн гэж тайлбарлажээ. Тэр үед дөнгөж 18 настай байсан Уэльсийн энэ өсвөр насны хакер 26 мянган америк, британи, канад хэрэглэгчдийн кредит картын дугаар болон хувийн мэдээллийг хулгайлсан байна. Дараа нь Грей “Би зөвхөн аюулгүй байдлын сул талыг харуулахыг хүссэн” гэж мэдэгдсэн ч яагаад хулгайлсан картын мэдээллээ интернетэд нийтэд нь тавьсан нь одоо хүртэл ойлгомжгүй хэвээр үлджээ. Энэ хэрэг олны анхаарлыг татаж, 2001 онд Грейд гурван жилийн албадан сэтгэцийн эмчилгээний ял оноосон байна.
Лондонд амьдардаг шотланд гаралтай хакер Гэри Маккиннон бусад хакерууд шиг зүгээр нэг зугаа цэнгэлийн төлөө биш, харин улс төрийн болон “нууц үнэнийг илчлэх” зорилготой ажилладаг байжээ. 2002 онд тэр АНУ-ын Батлан хамгаалах яам, арми, тэнгисийн цэрэг, агаарын цэрэг болон NASA-гийн компьютерт нэвтэрсэн байна. Дараа нь Маккиннон “Засгийн газар харь гаригийн хөлөг, өөр эрчим хүчний технологи болон хүн төрөлхтөнд хэрэгтэй бусад мэдээллийг нуудаг эсэхийг шалгаж байсан” гэж мэдэгджээ. Тэр бүр АНУ-ын засгийн газар харь гаригийн технологийг нууж байгаа бөгөөд энэ нь дэлхийн эрчим хүчний хямралыг шийдэх боломжтой гэж үздэгээ ил тод ярьсан байна. Мэдээж энэ бүхэнд олон хүн эргэлздэг. Харин Маккиннон өөрөө мөрөө баллах гэж оролдох үедээ санамсаргүйгээр зарим файл устгаж, хатуу диск гэмтээсэн байж магадгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн ч “онцгой том зүйл болоогүй” гэж өнөөг хүртэл үздэг аж. АНУ-ын засгийн газрын мэдээлснээр түүний халдлагаас болж ойролцоогоор 800 мянган долларын хохирол учирсан байна. Мөн тэд Маккиннон үнэхээр харь гаригийн хөлөг хайж байсан гэх тайлбарт итгэдэггүй ажээ. Харин түүний өмгөөлөгчид Asperger syndrome-той, сэтгэлзүйн хувьд эмзэг хүн учраас тусгай нөхцөлөөр хандах ёстой гэж хамгаалж байв.
Зарим компани системийнхээ сул талыг шалгуулахын тулд хакер ажиллуулдаг. Харин Эдриан Ламог хэн ч ажилд аваагүй ч тэр өөрөө томоохон компаниудын сүлжээг сонирхлоороо эвддэг байжээ. 2002–2003 онд Ламо хэд хэдэн аварга компанийн системд нэвтэрч, дараа нь аюулгүй байдлын алдааг нь өөрсдөд нь мэдэгддэг байсан аж. Түүний “зочилсон” байгууллагуудын дунд “Microsoft”, “Yahoo” болон “The New York Times” хүртэл байв. Тэр бүр “New York Times”-ийн мэргэжилтнүүдийн мэдээллийн санд өөрийн холбоо барих мэдээллийг оруулсан гэдэг. Ламо ихэвчлэн интернет кафе, нийтийн номын сангаас сүлжээнд холбогдон ажилладаг байсан тул түүнийг “орон гэргүй хакер” гэж хочилдог байжээ. Зарим хүмүүсийн бодлоор түүний гол зорилго нь алдар нэр байсан гэнэ. 2003 онд “New York Times”-ийн сүлжээнд нэвтэрсний дараа хууль хяналтын байгууллагууд түүнд анхаарал хандуулж эхэлсэн бөгөөд удалгүй баригдсан байна. Эцэст нь зургаан сарын гэрийн хорио, хоёр жилийн тэнсэн харгалзах ял авчээ. Өдгөө Ламо аюулгүй байдлын зөвлөх, илтгэгч, сэтгүүлчээр ажилладаг ч оффист сууж ажиллах амьдралаас үргэлж зайлсхийдэг байсан гэдэг.
Кевин Митникийн “карьер” нийтийн тээврээр үнэгүй явах хүсэлтэйгээс эхэлжээ. Тэр Лос-Анжелосын автобусны системийг хуурамч тасалбар ашиглан хуурч, үнэгүй зорчдог байсан байна. Харин 12 настайдаа телефон сүлжээтэй “тоглож” эхэлжээ. Эхэндээ гэрийн утасны дуудлагыг таксофон руу шилжүүлж, хүмүүсээс “10 цент хий” гэж шаардаж байгааг сонсон зугаацдаг байсан бол удалгүй хаашаа ч үнэгүй залгах аргыг сурсан аж. Хэдэн жилийн дараа түүнийг “Digital Equipment Corporation”-ийн сүлжээг эвдэж, программ хулгайлсан хэрэгт АНУ даяар эрэн сурвалжилж эхэлжээ. Энэ нь түүний анхны томоохон халдлага байсан ч дараа нь “Nokia” болон “Motorola” зэрэг аварга компаниудын системд хүртэл нэвтэрсэн байна. 1995 онд “Холбооны мөрдөх товчоо” (Federal Bureau of Investigation) түүнийг баривчилсан бөгөөд үүнд Америкийн нэрт кибер аюулгүй байдлын мэргэжилтэн Цутому Шимомура (Tsutomu Shimomura)-гийн системийг эвдсэн хэрэг голлон нөлөөлжээ. Митник таван жилийн хорих ял авсан ч шоронгоос гарсныхаа дараа амьдралаа бүрэн өөрчилсөн байна. Тэр кибер аюулгүй байдлын зөвлөх болж, Defensive Thinking Inc. компанийг байгуулсан бөгөөд хакеруудын тухай хэд хэдэн ном хүртэл бичжээ.
Компьютерийн вирусийн талаар сайн мэдэхгүй хүн ч “worm” буюу “өт” вирусийн тухай сонсож байсан байх. Харин ийм төрлийн анхны вирусийг интернэтэд тараасан хүн бол Роберт Тэппэн Моррис юм. Корнеллийн их сургуулийн аспирант байсан Моррис 1988 оны 11-р сарын 2-нд өөрийн бүтээсэн “Morris Worm” вирусийг сүлжээнд тарааснаар АНУ дахь зургаан мянга орчим компьютерийн ажиллагааг доголдуулжээ. Дараа нь тэрээр “Интернэт хэр том болсныг л шалгах гэсэн юм” хэмээн тайлбарласан бөгөөд бүх зүйл хяналтаас гарсан туршилтын үр дүн байсан гэж мэдэгдсэн байна. Гэвч түүний вирус зүгээр нэг туршилт биш байжээ. Уг вирус /etc/passwd файлыг уншиж, хэрэглэгчдийн нууц үгийг таах оролдлого хийдэг байсан аж. Эцэст нь Моррис торгууль төлж, гурван жилийн тэнсэн харгалзах ял авчээ. Сонирхолтой нь, дараа нь тэр нэр хүндтэй эрдэмтэн болж, программ хангамжийн салбарт олон бүтээл гаргасан байна. Өдгөө “Массачусетсийн Технологийн Институт” (Massachusetts Institute of Technology)-д компьютерийн шинжлэх ухааны профессор хийдэг ажээ. Хакер хүний хувьд тун ч муугүй төгсгөл байгаа биз?