Анна ди Пиштонья (Anna di Pištonja) 1838 онд өнөөгийн Румын улсын нутагт чинээлэг малчны гэр бүлд төржээ. Тэр тухайн үеийнхээ хувьд сайн боловсрол эзэмшсэн эмэгтэй байсан бөгөөд баян айлын хүүхдүүдтэй хамт сурдаг байв. 1849 онд гэр бүл нь Османы эзэнт гүрний хилийн бүс болох Банатын цэргийн хилийн бүсэд нүүж иржээ. Тэнд Анна нэгэн Австри-Унгарын офицерт дурласан ч удалгүй тэр залуу бүсгүйг хуурч, тэмбүү өвчин халдаагаад орхин явсан байна. Энэ явдлаас хойш Анна эрчүүдийг үзэн ядах болсон гэдэг. Удалгүй өөрөөсөө 20 насаар ах эртэй гэрлэж, 11 хүүхэд төрүүлсэн ч тэдний 10 нь насанд хүрэлгүй өөд болжээ. Нөхөр нь ч сэжигтэй нөхцөлөөр нас барсны дараа Анна өвс ургамал, эмчилгээний аргаар оролдож эхэлсэн байна.
Анна ургамлын талаар их мэдлэгтэй, бас овжин наймаачин байжээ. Түүний хамгийн алдартай бүтээгдэхүүн нь “өвчтэй болгодог цай” байсан юм. Цэргүүд болон офицерууд энэ цайг ууснаар бие нь муудаж, эмнэлгийн үзлэгт тэнцэхгүй болж, улмаар цэргийн албанаас чөлөөлөгдөх эсвэл амралт авах боломжтой болдог байв. Удалгүй “гайхамшигт эмээ”-гийн тухай яриа цэргийн хүрээнд тархаж, үйлчлүүлэгчдийн тоо эрс нэмэгджээ. Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам зарим хүмүүсийн бие бүрэн сэргэхгүй, бүр нас барсан гэх цуурхал тархаж эхэлсэн байна.
Цэргийн үйлчлүүлэгч цөөрөхөд Анна шинэ “зах зээл” олжээ. Түүний туслах Любина Миланков (Ljubina Milankov) тосгоны эмэгтэйчүүдийн дунд Аннаг чөтгөртэй гэрээ байгуулсан, ид шидтэй “шулам” гэсэн цуу тарааж эхэлсэн байна.
Үүний дараа шөнөөр нөхрийнхөө талаар гомдолтой эмэгтэйчүүд Банатын шулмынд очих болжээ. Тэдний гомдол бараг ижил: архичин нөхөр, хүчирхийлэгч нөхөр, араар тавигч нөхөр, байнга зоддог нөхөр. Анна үйлчлүүлэгчээсээ ганцхан зүйл асуудаг байсан бөгөөд энэ нь “Тэр хүн хэр жинтэй вэ?” гэх асуулт байв. Ингээд нөхрийн жинд тохируулан “хайрын шидэт ундаа” өгдөг байсан нь үнэндээ хүчтэй хор байжээ. Хохирогчид шууд үхдэггүй, 7–8 хоногийн дараа хүнд өвчин туссан мэт нас бардаг байсан тул хүмүүс холер зэрэг өвчин гэж боддог байв. Ингэж Банатын бүс нутагт хэдэн арван “муу нөхөр” амиа алдсан гэдэг.
1926 онд хоёр эмэгтэйн шунал, болчимгүй үйлдэл бүх хэргийг илчилжээ. Стана Момирова (Stana Momirova) эхлээд нөхрөө хордуулж, дараа нь дахин ашигтай гэрлэснийхээ дараа өв хөрөнгө авахын тулд шинэ нөхрийнхөө баян хамаатныг ч хордуулсан байна. Удалгүй София Момирова (Sofija Momirova) мөн нөхрийнхөө эцгийг хордуулахаар шийджээ. Тэр өвгөн архичин, догшин нэгэн байсан тул гэр бүлийнхэн нь хүртэл эсэргүүцээгүй гэдэг. Харин хор хийхэд оролцсон 16 настай охин найзууддаа нууцаа задласнаар хэрэг бүхэлдээ ил болжээ. Цагдаа нар мөрдөн шалгаж, хохирогчдын цогцсыг шинжилгээнд оруулахад Анна хүнцэл болон ургамлын гаралтай хор ашигладаг байсан нь тогтоогдсон байна.
1928 онд болсон шүүх хурлаар Банатын шулмыг буруутай гэж үзсэн ч өндөр настай байсан учир ердөө 8 жилийн ял авчээ. Харин түүний хор ашигласан эмэгтэйчүүд бүх насаараа хоригдох ял сонссон байна. Анна шоронгоос суллагдсаныхаа дараа 100 нас хүртлээ амьдарсан бөгөөд нутгийн домогт өгүүлснээр яг төрсөн өдрөөрөө нас барсан гэдэг. Орон нутгийн хүмүүс түүнийг чөтгөртэй гэрээ байгуулсан байсан хэмээн өнөө хүртэл ярьсаар байдаг аж.