Лимфийн систем нь биеийн эд эсээс үүссэн хаягдал бодисыг гадагшлуулах, ашигтай бодисуудыг цусанд хүргэх чухал үүрэгтэй. Нас ахих, хөдөлгөөний дутагдал, нойр муудах, буруу хооллолт, хорт зуршил зэрэг нь лимфийн урсгалыг удаашруулдаг. Үүний улмаас нүүрэнд хаван үүсч, арьсны өнгө суларч, нүүрний хэлбэр бүдгэрдэг. Асахи массаж нь лимфийн урсгалыг идэвхжүүлснээр:
- Нүдний доорх хаванг багасгах
- Арьсны өнгийг сэргээх
- Жижиг үрчлээг тэнийлгэх
- Нүүрний хүрээг тодруулах зэрэгт тусалдаг.
Асахи массаж хийхэд тусгай төхөөрөмж хэрэггүй. Зөвхөн гараараа хийдэг тул эхлээд:
- Гараа сайтар угаах
- Нүүрээ будаг, бохирдлоос цэвэрлэх
- Боломжтой бол нэг аяга бүлээн ус уух
- Нүүрэндээ тос, крем эсвэл массажны тос түрхэх
шаардлагатай. Тос хангалттай байх нь арьс татагдаж сунгарахаас сэргийлдэг бөгөөд массажийг илүү таатай болгодог. Бүх хөдөлгөөнийг 3 удаа давтахыг зөвлөдөг.
Алгаа хоёр чамархай дээрээ байрлуулна.
Дараа нь:
- Чихний дагуу
- Эрүүний ирмэгээр
- Хүзүүгээр доош гулсуулан эгэмний яс хүргэнэ.
Энэ нь лимфийн урсгалыг идэвхжүүлдэг үндсэн хөдөлгөөн юм.
Гурван хуруугаа духан дээрээ байрлуулна.
- Голоос хоёр тийш хөдөлгөнө.
- Арьсыг зөөлөн тэнийлгэнэ.
- Хэт хүчтэй дарахгүй.
- Чамархай хүрмэгц хүзүүгээр доош буулгана. Энэ техник нь духны жижиг үрчлээг багасгахад чиглэдэг.
Дунд эсвэл хоёр хуруугаа нүдний гадна буланд байрлуулна.
- Нүдний доогуур дотор булан руу хөдөлгөнө.
- Дараа нь хөмсөгний доогуур гадна булан руу буцна.
- Чамархайгаар дамжин хүзүү рүү буулгана. Энэ нь нүдний хаванг бууруулж, цусны эргэлтийг сайжруулдаг.
Ядам болон дунд хуруугаа эрүүн дээр байрлуулна.
- Амны эргэн тойронд даралттай хөдөлгөнө.
- Дээд уруулын хонхорхойд хүрч 3 секунд тогтооно.
- Дараа нь анхны байрлалд буцна. Энэ нь амны эргэн тойрон дахь жижиг үрчлээг багасгахад тусалдаг.
Хуруугаа эрүүний төвд байрлуулна.
- Амны булангаар дамжин хамрын далавч хүртэл хөдөлгөнө.
- Хамрын хоёр талаар дээш иллэг хийнэ.
- Дараа нь хацрын ясаар дамжин чамархай хүрнэ. Энэ техник нь хамар-уруулын нугалаасыг багасгахад чиглэдэг.
Алгаа хамрын хоёр талаар байрлуулна.
Зөөлөн даралттайгаар:
- Хацрын дагуу чих рүү
- Дараа нь хүзүүгээр доош хөдөлгөнө. Энэ нь хацрын унжилтыг багасгахад тусалдаг.
Алганы дотор хэсгийг эрүүний доор байрлуулна.
- Эрүүг доороос нь 3 секунд дараад
- Чих рүү чиглүүлэн хөдөлгөнө
- Дараа нь эгэм хүртэл буулгана. Энэ дасгал нь давхар эрүү болон унжсан нүүрний хүрээг сайжруулахад чиглэдэг.
Алгаараа нүүрээ зөөлөн бүрхэнэ.
- Эрүүнээс эхэлж чих рүү хөдөлгөнө.
- Эрхий хуруу хүзүүний дагуу доош гулсана.
- Эцэст нь эгэмний яс хүрч дуусгана.
Массаж дууссаны дараа хэдэн минут тайван сууж, гүнзгий амьсгал авахыг зөвлөдөг.
Асахи массажийг өдөрт нэг удаа хийхэд хангалттай. Хамгийн тохиромжтой цаг нь өглөө бөгөөд ялангуяа нүүр хавантай сэрдэг хүмүүст илүү үр дүнтэй байдаг. Нийт хугацаа нь ихэвчлэн 10 минутаас хэтэрдэггүй.
Дараах тохиолдолд Асахи массаж хийхээс зайлсхийх хэрэгтэй.
- Батга, үрэвсэл зэрэг арьсны өвчин сэдэрсэн үед
- Шарх, зураас, гэмтэлтэй үед
- Арьс улайж үрэвссэн үед
- Ханиад, томуутай үед
- Архаг өвчин сэдэрсэн үед
- Лимфийн системийн өвчтэй бол
- Хүнд хэлбэрийн чихрийн шижинтэй бол энэхүү аргыг хэрэглэхээс өмнө эмчтэй зөвлөлдөх нь зүйтэй.