Клаудиа Шиффер (Claudia Schiffer)

1990-ээд оны загварын ертөнцийн хамгийн тод оддын нэг бол Германы супермодель Клаудиа Шиффер байлаа. Түүний биеийн харьцаа тухайн үед төгс жишигт тооцогддог байсан бөгөөд олон улсын сэтгүүлүүдийн нүүрэнд 900 гаруй удаа гарсан нь өнөө хэр эвдэгдээгүй рекорд хэвээр байна. Өдгөө Клаудиа нас ахисан ч гоо үзэсгэлэнгээ хадгалсаар байгаа бөгөөд зөв хооллолт, тогтмол дасгал хөдөлгөөнийг залуу төрхийн нууц гэж үздэг.

Синди Кроуфорд (Cindy Crawford)

Синди Кроуфордын нэр зөвхөн загварын ертөнцөд төдийгүй фитнесийн салбарт ч домог болсон. Түүний дасгалын видео хөтөлбөрүүд сая сая хувь борлогдож байв. Өнөөдөр ч тэрээр эрүүл амьдралын хэв маягаа хадгалж, тогтмол дасгал хөдөлгөөн, тэнцвэртэй хооллолт, өөдрөг сэтгэлгээг өөрийн гоо сайхны гол нууц хэмээн ярьдаг.

Линда Эванжелиста (Linda Evangelista)

Ногоон бүйлсэн нүд, өвөрмөц төрх, урт хөлөөрөө ялгарч чадсан Линда Эванжелиста 1980-аад оноос эхлэн дэлхийн хамгийн эрэлттэй моделиудын нэг болсон юм. Гэвч хожим гоо сайхны мэс засал, залуужуулах тарианд хэт их найдсаны улмаас түүний төрх эрс өөрчлөгдөж, олон нийтийн дунд маргаан дагуулсан билээ.

Кейт Мосс (Kate Moss)

1990-ээд оны эхээр загварын ертөнцөд шинэ эрин эхлүүлсэн хүн бол Кейт Мосс. Тэрээр Британийн загварын бэлгэ тэмдэг болж, дэлхийн хамгийн өндөр үнэтэй гэрээнүүдийг байгуулж байсан юм. Хэдийгээр архи, мансууруулах бодисын асуудал, дуулиантай амьдрал нь үргэлж хэвлэлийн анхаарлын төвд байсаар ирсэн ч Кейт өөрийнхөөрөө амьдрахыг илүүд үздэг. Өнөөдөр ч тэр шүүмжлэлд төдийлөн ач холбогдол өгдөггүй хэвээр.

Наоми Кэмпбелл (Naomi Campbell)

Наоми Кэмпбелл бол “Time” сэтгүүл болон Франц, Их Британийн “Vogue” сэтгүүлүүдийн нүүрэнд гарсан анхны хар арьст модель юм. "Хар ирвэс" хэмээх хочийг түүнд арьсны өнгөнөөс нь бус, тайзан дээрх уян налархай хөдөлгөөн, муур шиг алхаанаас нь үүдэн өгчээ. Олон дуулиан шуугиантай амьдрал туулсан ч Наоми өнөөдөр ч загварын ертөнцийн хамгийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийн нэг хэвээр байна.

Кристи Бринкли (Christie Brinkley)

Загвар өмсөгч, жүжигчин, гэрэл зурагчин, дуучин, зохиолч гээд олон салбарт хүч сорьсон Кристи Бринкли наснаасаа хавьгүй залуу харагддагаараа алдартай. Тэрээр ямар нэгэн нууц арга хэрэглэдэг гэх цуурхал үргэлж дагалддаг ч өөрөө залуу төрхийнхөө нууцыг цагаан хоолтон амьдралын хэв маягтай холбон тайлбарладаг.

Женис Дикинсон (Janice Dickinson)

Өөрийгөө "анхны супермодель" гэж нэрлэдэг Женис Дикинсон Европын загварын тайзыг эзэгнэсний дараа Нью-Йоркт эргэн ирж, зах зээлийн хамгийн эрэлттэй моделиудын нэг болсон. Гэвч зугаа цэнгэл хөөсөн амьдрал, хар тамхины хэрэглээ болон олон удаагийн гоо сайхны хагалгаа нь түүний төрхийг эрс өөрчилсөн юм.

Твигги (Twiggy)

1960-аад оны Лондоны нүүр царай болсон Твигги тухайн үеийн туранхай, том нүдтэй дүр төрхөөрөө загварын ертөнцөд хувьсгал хийсэн билээ. Жинхэнэ нэр нь Лесли Хорнби. Тэрээр карьерынхаа оргил үед загварын ертөнцөөс гарсан ч өнөөдөр насандаа тохирсон, эрхэмсэг төрхөөрөө олны хүндэтгэлийг хүлээсээр байна.

Карла Бруни (Carla Bruni)

Карла Бруни загвар өмсөгчөөс гадна дуучин болж, улмаар Францын тэргүүн хатагтай хүртэл болсон өвөрмөц замналтай. Өндөр шанаа, төгс нүүрний хэлбэрээрээ алдартай байсан тэрээр нас ахихын хэрээр залуужуулах мэс засал хийлгэсэн ч үр дүн нь төдийлөн амжилттай болсонгүй гэж шүүмжлэгчид үздэг.

Кристи Тарлингтон (Christy Turlington)

500 гаруй сэтгүүлийн нүүрийг чимж, дэлхийн томоохон гоо сайхны брэндүүдийн нүүр царай болсон Кристи Тарлингтон загварын ертөнцийн хамгийн хүндлэгддэг моделиудын нэг юм. Тэрээр гоо сайхны мэс засал, филлер, ботоксоос үргэлж татгалзсаар ирсэн бөгөөд байгалийн төрхөөрөө наслахыг илүүд үздэг. Өнөөдөр ч Кристи эрүүл, үзэсгэлэнтэй төрхөөрөө олны бишрэлийг төрүүлсээр байна.