Хамгийн хойд нутагт амьдрах чадвартай могой

Эгэл хорт могойн тархалтын хойд хил нь тухайн газрын уур амьсгал, ялангуяа өвлийн чийгшлээс ихээхэн хамаардаг. Баруун болон Төв Сибирийн өмнөд тайгад элбэг тохиолддог бол зарим бүсэд бүр дунд болон хойд тайга хүртэл тархан амьдардаг.  Харин илүү чийглэг уур амьсгалтай Скандинавын орнуудад тэд далайн эргийн ойт тундр хүртэл тархсан байдаг. Үүнээс цааш зөвхөн Хойд мөсөн далай орших тул тэдний тархалтын хязгаар бараг дуусдаг гэсэн үг.

Амьдрах орчноо ухаалгаар сонгодог

Эгэл хорт могой бараг бүх төрлийн орчинд амьдарч чаддаг ч хамгийн ихээр "холимог" орчныг илүүд үздэг. Ой мод байвал нар сайн тусдаг задгай нуга, хад чулуу, элсэрхэг хэсэгтэй байх хэрэгтэй. Харин тундр эсвэл тал хээрт бол бут сөөг, жалга, толгодтой газрыг сонгодог. Ингэснээр сэрүүн үедээ наранд ээж дулаацаж, халуун үедээ сүүдэр бараадан биеийн температураа зохицуулдаг байна.

Өндөг төрүүлдэггүй, амьд зулзага гаргадаг

Хойд бүсийн хатуу нөхцөлд амьдрах боломжийг олгосон хамгийн чухал дасан зохицлын нэг нь өндөг-амьд төрөх арга юм. Өөрөөр хэлбэл өндөг нь эхийн биед бүрэн хөгжиж, дараа нь бэлэн болсон бяцхан могойнууд шууд төрдөг. Ингэснээр эм могой үүр барих, өндгөө хамгаалах, хүйтэнд хөлдөхөөс сэргийлэх зэрэг хүндрэлтэй асуудлуудаас зайлсхийж чаддаг.

Цөөн үр төлтэй ч амьдрах чадвар өндөр

Гэхдээ ийм үржлийн арга нь сул талтай. Эм могой ихэвчлэн 2-3 жилд нэг удаа үржиж, 2-20 хүртэл зулзага төрүүлдэг. Үүнээс илүү олон үр төл эхийн биед багтах боломжгүй. Шинээр төрсөн могойнууд хэдхэн хоногийн дараа бие даан амьдарч эхэлдэг бөгөөд эмгэн хумс, модны бөөс, шавж зэрэг жижиг амьтдаар хооллодог.

Жижиг биетэй ч чадварлаг анчин

Нас бие гүйцсэн эгэл хорт могойн хоолны цэс нэлээд өргөн. Мэлхий, бах, усны гүрвэл, хулгана зэрэг нь тэдний үндсэн хоол болдог. Заримдаа бүр харх, суусар, залуу өмхий хүрэн зэрэг өөрөөсөө харьцангуй том амьтдыг ч барьж идэх чадвартай. Дөнгөж 60-70 сантиметр урттай могойн хувьд энэ бол гайхалтай үзүүлэлт юм.

Хор нь ан хийхэд төгс тохирсон

Эгэл хорт могойн хор нь маш хүчтэйд тооцогддоггүй ч ан хийхэд хангалттай үр дүнтэй. Хазуулсан жижиг амьтан ердөө 5-7 минутын дотор эсэргүүцэх чадвараа алддаг. Гэвч энэ хор нь том амьтдаас хамгаалахад төдийлөн үр дүнтэй биш учраас могой ихэнхдээ зугтахыг илүүд үздэг.

Хүн рүү дайрах сонирхолгүй

Эгэл хорт могой хүн рүү санаатай довтлох нь маш ховор. Ихэвчлэн гэнэт дээрээс нь гишгэх, буланд шахах эсвэл сүүл дээр нь дарах үед л өөрийгөө хамгаалан хаздаг. Тиймээс ой, хээрээр явахдаа анхааралтай байх нь хамгийн сайн хамгаалалт юм.

Хазуулбал яах вэ?

Эгэл хорт могойд хазуулсан үед хүчтэй өвдөлт, хавдар үүсч, халуурах, хөлрөх зэрэг шинж тэмдэг илэрч болно. Зарим тохиолдолд зүрхний цохилт түргэсэх, амьсгал давчдах, бүр түр хугацаанд хараа муудах зэрэг хүндрэл гардаг тул эмнэлгийн тусламж авах шаардлагатай. Аз болоход энэ могойн хазалтын улмаас нас барах тохиолдол маш ховор. Судалгаагаар нас баралтын түвшин 1 хувиас бага байдаг.