"Шинкансэн" (Shinkansen) гэдэг нь япон хэлээр "шинэ үндсэн төмөр зам" гэсэн утгатай бөгөөд Японы томоохон хотуудыг холбосон өндөр хурдны төмөр замын сүлжээний ерөнхий нэр юм. Энэ нэрийг өгсөн шалтгаан нь Япон улс анх удаа уламжлалт 1067 мм-ийн нарийн цариг-аас татгалзаж, дэлхийн стандарт болох 1435 мм-ийн өргөн цариг ашигласан явдал байв. Ингэснээр илүү өндөр хурдтай, тогтвортой, аюулгүй галт тэрэг ажиллуулах боломж бүрджээ.
Анхны Токио–Осака чиглэлийн 515 км урттай "Токайдо Синкансэн" шугамыг 1964 онд, Токиогийн зуны Олимпын өмнөхөн ашиглалтад оруулсан. Тухайн үед Япон улс Дэлхийн II дайны дараах хамгийн хүнд үеийг туулж байлаа. Үйлдвэрүүд сүйрч, хотууд үнсэн товрог болсон бөгөөд 1946 онд аж үйлдвэрийн үйлдвэрлэл нь дайны өмнөх түвшний ердөө 14 хувьтай тэнцэж байсан юм. Гэсэн хэдий ч Япон улс дэлхийн хамгийн анхны өндөр хурдны төмөр замыг байгуулж чадсан нь эдийн засгийн сэргэлтийн бэлгэ тэмдэг болсон юм.
1964 онд ашиглалтад орсон 0 цувралын Шинкансэн тухайн үед 220–230 км/цагийн хурдтай явдаг байлаа. Өнөөдрийн жишгээр энэ нь тийм ч өндөр биш мэт боловч тухайн үедээ дэлхийн төмөр замын түүхэн дэх хамгийн өндөр хурд байсан бөгөөд шинэ эрин үеийг эхлүүлсэн юм. Өнөөдөр Синкансэн нь Японы чанартай электроник, найдвартай автомашинтай адил улсынхаа нүүр царай болсон хэвээр байна.
1975 онд Токио–Осака чиглэлийг улам өргөтгөж, зарим хэсэгт нь галт тэрэг 240 км/цаг, харин тусгай хэсгүүдэд 274 км/цаг хүртэл хурдалдаг болсон. Энэ шугам олон арван туннелиар дайран өнгөрдөг бөгөөд хамгийн алдартай нь Хонсю болон Кюшю арлыг холбодог Шимоносекийн хоолойн доорх туннель юм. Шинэ шугамууд дээр Шинкансэн өнөөдөр 260–300 км/цаг хүртэл хурдалж, Францын TGV, Германы ICE зэрэг дэлхийн шилдэг өндөр хурдны галт тэрэгтэй эн зэрэгцдэг болсон.
Өндөр хурдны төмөр замын сүлжээг “Japan Railways Group (JR Group)” компаниудын нэгдэл удирддаг. Тэд Японы нийт төмөр замын бараг 74 хувийг эзэмшдэг бөгөөд улс даяарх хот хоорондын болон хот орчмын зорчигч тээврийн гол ачааллыг хариуцдаг. Өнөөдөр Шинкансэн зөвхөн зорчигч тээвэрлэдэг бөгөөд шөнө дундаас өглөөний 06:00 цаг хүртэл бүх хөдөлгөөнийг зогсоож, засвар үйлчилгээ хийдэг уламжлалтай.
Японд өндөр хурдны галт тэрэг үндсэндээ гурван ангилалтай.
1.Nozomi (Нозоми)
Хамгийн хурдан үйлчилгээ бөгөөд зөвхөн томоохон хотуудад зогсоно. 500 цувралын галт тэрэгний 15 метр урт шовх хамар нь агаарын эсэргүүцлийг эрс бууруулдаг тул сансрын хөлөг шиг харагддаг. Зарим хэсэгт 300 км/цаг хүртэл хурдалдаг.
2. Hikari (Хикари)
Хурдны хувьд хоёрдугаарт ордог бөгөөд том болон дунд хэмжээний өртөөнүүдэд зогсдог.
3. Kodama (Кодама)
Бүх буудалд зогсдог ч дундаж хурд нь 200 км/цаг-аас дээш байдаг. Хот суурин газар дайран өнгөрөхдөө аюулгүй байдлын үүднээс хурдыг 110 км/цаг хүртэл хязгаарлах тохиолдол бий.
Шинкансэн нь зөвхөн хурд биш, аюулгүй байдлаараа дэлхийд алдартай. 1964 онд ашиглалтад орсноос хойш олон тэрбум зорчигч тээвэрлэсэн ч галт тэрэгний ослоос үүдэлтэй нэг ч хүний амь нас хохирсон тохиолдол бүртгэгдээгүй (амиа хорлосон тохиолдлуудыг эс тооцвол). Мөн цаг баримталдаг байдлаараа дэлхийд тэргүүлдэг.
- Жилийн дундаж хоцролт 1 минутаас бага
- Ачаалал хамгийн их үед ч 3–4 минутаас илүү хоцордоггүй
- Оргил ачааллын үед 5–6 минут тутамд нэг галт тэрэг хөдөлдөг
Энэ өндөр найдвартай ажиллагааг хангахын тулд ашиглалтын нийт зардлын гуравны нэгийг зөвхөн техникийн засвар үйлчилгээ, хяналт шалгалтад зарцуулдаг байна.
Япон улс Шинкансэний сүлжээг тасралтгүй өргөжүүлсээр байна. Ирээдүйд Нагано–Каназава, Фүкүока–Яцүширо, мөн Хоккайдо арал руу чиглэсэн шинэ шугамуудыг ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Хамгийн сонирхолтой төсөл нь Тюо Шинкансэн юм. Энэ шугам уламжлалт дугуй ашиглахгүй, соронзон хөвөлтийн (Maglev) технологид суурилсан байх бөгөөд галт тэрэг зам дээр бараг хүрэлгүй хөвөн хөдөлдөг. Төлөвлөгөөний дагуу:
- Дээд хурд: 500 км/цаг
- Токио–Осака хооронд ердөө 1 цаг гаруй хугацаанд хүрнэ.
Энэ нь анхны Шинкансэнээс хоёр дахин илүү хурдан бөгөөд ирээдүйн төмөр замын шинэ эрин үеийг нээх технологи гэж үздэг.