Жүжигчин, зохиолч, найруулагч Мэй Уэст XX зууны эхэн үеийн Америкийн хамгийн зоригтой, задгай үзэлтэй эмэгтэйчүүдийн нэг байв. Түүний «Секс» нэртэй жүжиг олны талархлыг хүлээхийн зэрэгцээ хүчтэй шүүмжлэл дагуулж, тэр бүр найман хоног шоронд хүртэл хоригдож байжээ. Гэсэн ч Мэй Уэст уран бүтээлдээ давхар утга, нарийн егөө ашиглан нийгмийн хоёр нүүртэй байдлыг зоригтой шүүмжилсээр, эцэст нь Америкийн соёлын домог болсон юм.
Америкийн жүжигчин, радиогийн хөтлөгч Таллула Бэнкхед хурц ухаан, сөөнгө хоолой, гоо үзэсгэлэнгээрээ олныг татдаг байв. Түүний чөлөөт амьдралын хэв маяг, олон тооны хайр дурлал, мансууруулах бодис хэрэглэдэг тухайгаа нээлттэй ярьдаг байсан нь тухайн үеийн Америкийн нийгмийг ихээхэн цочирдуулжээ.
Италийн язгууртан, маркиза Луиза Казати асар их хөрөнгө, этгээд хувцаслалт, тансаг үдэшлэгээрээ алдартай байв. Тэрээр өөрийгөө амьд урлагийн бүтээл болгохыг зорьж, этгээд төрх, содон зан авираараа Европын урлагийн хүрээллийн хамгийн дуулиант эмэгтэйчүүдийн нэг болжээ. Түүний дүр төрх өнөөдөр ч олон зураач, дизайнерт урам зориг өгсөөр байна.
Францын нэрт зохиолч Колетт хайр дурлал, бэлгийн харилцаа зэрэг тухайн үед хориотойд тооцогддог сэдвээр зоригтой бичдэг байв. Анхны нөхөр нь түүний бичсэн зохиолуудыг өөрийн нэрээр хэвлүүлж, орлогыг нь хүртдэг байсан ч Колетт бууж өгөлгүй өөрийн нэрээр уран бүтээлээ туурвисаар Францын уран зохиолын томоохон төлөөлөгч болж чаджээ.
Францын математикч Софи Жермен багаасаа математикийн номд татагдан, латин, эртний грек хэл хүртэл сурч байв. Тухайн үед эмэгтэйчүүд их сургуульд суралцах эрхгүй байсан тул тэрээр "M. Le Blanc" гэх эрэгтэй нэрээр эрдэмтэдтэй захидлаар харилцаж, судалгааны материал авч байжээ. Түүний судалгаанууд математик, тэр дундаа “Фермагийн онолын” хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан юм.
Философич, зохиолч Мэри Уолстонкрафт бол эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх хөдөлгөөний анхдагчдын нэг юм. Түүний хамгийн алдартай бүтээл болох «Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах нь» номд эмэгтэйчүүд эрэгтэйчүүдтэй адил боловсрол эзэмшиж, нийгэмд ижил эрхтэй байх ёстой гэж үзжээ. Тэр үеийн нийгэмд ийм үзэл санаа маш их эсэргүүцэлтэй тулгарсан ч Мэри өнөөдөр феминист хөдөлгөөний анхны онолчдын нэг хэмээн үнэлэгддэг.
Шотландын саятны өв залгамжлагч Маргарет Кэмпбелл Аргайлын гүнтэй гэрлэсэн ч удалгүй тэдний гэр бүл дуулиант салалтаар төгссөн юм. Нөхөр нь эхнэрийнхээ хувийн тэмдэглэл, гэрэл зургуудыг ашиглан түүнийг олон нийтийн өмнө гутаасан бөгөөд энэ хэрэг Их Британийн хамгийн шуугиантай гэр бүлийн маргаануудын нэг болсон байдаг.
1950-иад оны Америкийн хамгийн алдартай пин-ап модель Бетти Пейж эрчүүдийн сэтгүүлүүдийн нүүрийг чимж, "Miss Pin-Up" цол хүртэж байв. Түүнийг Америкийн бэлгийн хувьсгалын эхлэлийг тавьсан эмэгтэйчүүдийн нэг гэж үздэг. Хожим тэрээр шашинд орж, илэн далангүй зураг авалтаас бүрэн татгалзсан байна. Харамсалтай нь хувийн амьдрал нь бүтэлгүйтэж, гурван удаагийн гэрлэлт нь салалтаар төгсөж, сэтгэцийн эмнэлэгт олон жил эмчлүүлжээ.
Гипатия бол эртний дэлхийн хамгийн алдартай эмэгтэй математикч, одон оронч, философичдын нэг байлаа. Тэрээр Александр хотын эрдэмтэн эцгийнхээ ачаар өндөр боловсрол эзэмшиж, нэр хүндтэй багш болсон юм. Гэвч христийн шашин хүчээ авч эхэлсэн үед түүний шинжлэх ухааны үйл ажиллагааг ид шид, шидтэнтэй холбон буруутгажээ. МЭ 415 онд шашны фанатууд түүнийг харгисаар хөнөөсөн нь шинжлэх ухаан, мэдлэгийн эсрэг хавчлагын бэлгэ тэмдэг болсон юм.
XVII зууны Францын язгууртан бүсгүй Жюли д'Обиньи дуурийн дуучин төдийгүй чадварлаг сэлэмчин байв. Тэрээр багаасаа эрэгтэй хувцас өмсөж, морь унах, туялзуур сэлэмд дуртай байсан нь тухайн үедээ этгээдэд тооцогддог байжээ. Түүний нэгэн эмэгтэйтэй хайр сэтгэлийн холбоо Франц даяар дуулиан тарьсан бөгөөд хайртай бүсгүйгээ хийдээс оргуулахын тулд бүр үхлийн жүжиг хүртэл зохион байгуулсан гэдэг. Тэр мөн нэр төрөө хамгаалахын тулд эрэгтэй хүнтэй дуэль хийж ялсан байдаг. Нийгмийн хэм хэмжээнд захирагдаагүй амьдрал нь түүнийг нэгэн үе бүр галд шатаах ялд хүргэж байв.