Бар өшөө санаж чаддаг

2007 оны Зул сарын баярын үеэр АНУ-ын Сан Францискогийн амьтны хүрээлэнд хэсэг залуус Амурын барыг удаан хугацаанд элэглэн шоолжээ. Хэсэг хугацааны дараа бар хамгаалалтын хашааг даван гарч, бусад амьтдын хашааг тойрон өнгөрч, олон хүний дундуур явсаар яг өөрийг нь өдөөн хатгасан гурван залууг олсон байна. Харамсалтай нь нэг хүн амиа алдаж, хоёр нь хүнд шархаджээ. 

Үүнээс ч илүү алдартай тохиолдол 1997 онд ОХУ-ын Алс Дорнодод болсон байдаг. Хулгайн анчин Владимир Марков нэгэн барыг буудаж шархдуулаад зогсохгүй, барын агнасан олзыг нь авч явжээ. Хэд хоногийн дараа шархадсан бар Марковын анчны овоохойг олж, эзнийг нь ирэх хүртэл тэнд нь хүлээсэн гэдэг. Марков буцаж ирэхэд бар түүн рүү дайран амийг нь хөнөөсөн байна. Судлаачид үүнийг жирийн ан биш, тухайн амьтан өмнөх үйл явдлыг санаж, тодорхой зорилготойгоор үйлдэл хийсэн байж болзошгүй гэж үздэг.

Хархнууд хэзээ ч хамтрагчаа орхидоггүй

"Харх" гэдэг үгийг хүмүүс урвагчийн бэлгэдэл болгон хэрэглэдэг. Гэвч бодит байдал дээр хархнууд маш өндөр түвшний хамтын ажиллагаатай амьтад юм. Нэгэн туршилтаар хамт өссөн хоёр хархны нэгийг жижиг хайрцагт хорьж, нөгөөг нь гадна нь үлдээжээ. Хоригдсон харх тусламж эрэхэд чөлөөтэй байсан нь ямар ч сургалтгүйгээр хайрцгийг онгойлгохыг оролдож, эцэст нь найзыгаа сулласан байна. Хамгийн сонирхолтой нь эрдэмтэд гадна байсан харханд хамгийн дуртай амттаныг нь тавьсан ч тэр эхлээд найзыгаа аварч, дараа нь хоолоо хүртэл хамтдаа хуваан иджээ. Энэ нь хархнууд бусдын зовлонг ойлгож, туслах хүсэлтэй байдгийг харуулсан хамгийн алдартай туршилтуудын нэг болсон юм.

Заанууд нас барсан сүргийн гишүүний араас гашууддаг

Заан бол дэлхийн хамгийн ухаалаг амьтдын нэг бөгөөд тэдний хамгийн гайхалтай зан авирын нэг нь нас барсан нөхдөө хүндэтгэн үдэх явдал юм. Зэрлэг байгальд заанууд өөр зааны яс, ялангуяа гавлын яс, соёотой тааралдвал тойрон зогсож, хошуугаараа удаан хугацаанд илж, чимээгүй зогсон "хүндэтгэл үзүүлдэг". Заримдаа тэд цогцсыг мөчир, өвсөөр бүтээж орхидог нь оршуулгын зан үйлтэй төстэй харагддаг. Сонирхолтой нь ийм зан авир зөвхөн өөрсдийн төрөл зүйлд ч бус, зарим тохиолдолд хүний цогцост хүртэл ажиглагдсан байдаг. Энэ бүхэн заанууд ой санамж сайтайгаас гадна хүчтэй сэтгэл хөдлөлтэй амьтад болохыг харуулдаг.

Жимсний ялаа "шархалсан сэтгэлээ" архиар тайлдаг

Жимсний ялаа (Drosophila) гэх жижигхэн шавж хүртэл хайр дурлалын бүтэлгүйтлийг өөрийнхөөрөө даван туулдаг болохыг эрдэмтэд тогтоожээ. Туршилтаар эр ялаануудыг хослохыг оролдоход эм нь татгалзсан байна. Үүний дараа тэдэнд энгийн хоол болон бага хэмжээний спирт агуулсан хоолноос сонгох боломж өгөхөд татгалзсан эр ялаанууд архитай хоолыг илүү олон удаа сонгожээ. Эрдэмтдийн үзэж буйгаар архи нь тархинд таатай мэдрэмж төрүүлдэг химийн бодисын ялгаралтыг нэмэгдүүлдэг тул амжилтгүй болсон ялаанууд түүгээр "тайвширдаг" аж. Хүний зан авиртай төстэй энэ үзэгдэл эрдэмтдийн анхаарлыг ихэд татсан юм.

Тагтаанууд мухар сүсэгтэй

Алдарт сэтгэл судлаач Б.Ф. Скиннер тагтаан дээр хийсэн нэгэн туршилтаараа маш сонирхолтой үр дүнд хүрчээ. Тэрээр тодорхой хугацааны зайтайгаар санамсаргүйгээр хоол өгдөг төхөөрөмжтэй торонд тагтаануудыг байрлуулсан байна. Хоол ямар ч үйлдлээс үл хамааран гарч байсан ч тагтаанууд тухайн мөчид хийж байсан хөдөлгөөнөө хоолтой холбон ойлгож эхэлжээ.

Нэг нь баруун тийш эргэдэг, нөгөө нь толгойгоо дохидог, зарим нь нэг хөл дээрээ эргэлддэг болсон бөгөөд энэ үйлдлээ хийвэл хоол гарч ирнэ гэж итгэдэг байв. Ингэснээр тагтаанууд өөр өөрийн гэсэн "аз авчирдаг ёслол"-ыг бий болгосон нь хүмүүсийн мухар сүсэгтэй тун төстэй зан авир болохыг харуулсан юм.