2500 жилийн түүхтэй "UNESCO"-гийн өв

Домогт өгүүлснээр Хива хотыг Библийн Ноагийн хүү Шем байгуулсан бөгөөд хотын хэрэм нь аварга авдрын хэлбэртэй байдаг гэж ярьдаг. Археологичдын үзэж байгаагаар энэ хотод хүмүүс 2500 гаруй жилийн турш тасралтгүй амьдарч иржээ. Хотын төв хэсэг болох Ичан-Кала нь Төв Азид “UNESCO”-гийн Дэлхийн өвийн жагсаалтад хамгийн анх бүртгэгдсэн дурсгалт газар юм. Өндөр шавар хэрмээр хүрээлэгдсэн энэ хэсэгт олон арван сүм, медресе -Исламын шашны сургууль, ордон, цамхаг өнөөг хүртэл бараг бүрэн бүтнээрээ хадгалагдан үлджээ.

2026 онд Хива хүрэхэд илүү хялбар болно

Өмнө нь Хивад хүрэхийн тулд урт хугацааны аялал хийх шаардлагатай байсан. Харин 2026 онд ашиглалтад орох өндөр хурдны төмөр зам Хиваг Бухара, Самарканд хотуудтай шууд холбох юм. Үүний үр дүнд Ташкент хотоос Хива хүрэх хугацаа 15 цагаас 7 цаг 40 минут болж бараг хоёр дахин богиносно. Мөн ойролцоох Үргенч олон улсын нисэх буудал өргөтгөл хийж, жилдээ 3 сая хүртэл зорчигч хүлээн авах хүчин чадалтай болох аж.

Хивагийн хамгийн сонирхолтой үзмэрүүд

Хамгийн түрүүнд үзэх газар бол Ичан-Калагийн доторх Ислам Хожа минарет буюу цамхаг юм. 57 метр өндөр энэхүү цамхаг нь Төв Азийн хоёр дахь хамгийн өндөрт тооцогддог бөгөөд 175 шат өгсөж оройд нь гарвал бүх хотыг дээрээс нь харах боломжтой. Мөн XIII зууны алдарт бөх, яруу найрагч Пахлаван Махмудын бунхан нь цэнхэр, ногоон өнгийн гайхамшигтай шаазан чимэглэлээрээ алдартай. Харин Жума сүм нь X зуунаас хадгалагдан үлдсэн 213 ширхэг өвөрмөц модон баганатай. Ичан-Калагийн гадна байрлах Нуруллабой ордон нь Хива болон Оросын эзэнт гүрний архитектурыг хослуулсан өвөрмөц хийцээрээ жуулчдын сонирхлыг татдаг.

Хэзээ очих, юу идэх вэ?

Хива нь цөлийн бүсэд оршдог тул зун маш халуун, өвөл нэлээд хүйтэн байдаг. Иймээс аялалд хамгийн тохиромжтой үе нь хавар, намрын улирал юм. Ялангуяа гуравдугаар сарын 20–21-нд болдог Наурызын баярын үеэр үндэсний тоглолт, баярын арга хэмжээ өргөн зохион байгуулагддаг. Хоолны хувьд Узбекистаны үндэсний хоол болох плов-ыг заавал амсаж үзэх хэрэгтэй. Басмати будаа, үхрийн мах, шар лууван, сонгино, амтлагчаар хийдэг энэ хоол нь “UNESCO”-гийн Соёлын биет бус өвд бүртгэгдсэн. Харин Хивагийн онцгой хоол бол шинэхэн гоньдтой ногоон өнгийн гараар татсан гоймон болох шивит оши юм.

Яагаад 2026 онд Хиваг зорих ёстой вэ?

Шинэ төмөр зам, нисэх буудлын өргөтгөл, тансаг зэрэглэлийн зочид буудлууд, аялал жуулчлалын шинэ цогцолборууд ашиглалтад орсноор Хива урьд өмнөхөөсөө илүү хүртээмжтэй болж байна. Гэсэн ч хотын хамгийн том давуу тал нь дундад зууны үеийн төрхөө бараг өөрчлөлгүй хадгалж үлдсэн явдал юм. Хэрэмтэй гудамжаар алхахад олон зуун жилийн өмнөх Торгоны замын худалдаачдын амьдралыг мэдрэх боломжтой бөгөөд түүх, архитектур, соёлын өвийг нэг дор үзэхийг хүсдэг аялагчдын хувьд Хива бол 2026 оны хамгийн үнэ цэнтэй шинэ аяллын чиглэлүүдийн нэг юм.