10 жилийн настай Phantom-оос төрсөн шинэ бүтээл

Энэхүү автомашины хамгийн сонирхолтой онцлог нь зөвхөн кузов нь шинээр бүтээгдсэн явдал юм. Харин явах эд анги, хөдөлгүүр болон үндсэн бүх механизм нь 1925 онд үйлдвэрлэгдсэн энгийн “Rolls-Royce Phantom I”-оос ашиглагджээ. 1934 онд нэрээ нууцалсан чинээлэг захиалагч Бельгийн “Jonckheere” компанид хандан өөрийн арван жилийн настай Phantom-доо огт давтагдашгүй шинэ кузов хийлгэхийг хүссэн байна.

Бельгийн урчуудын гайхамшигт дизайн

“Jonckheere” компанийн дизайнерууд тухайн үед хамгийн эрэлттэй байсан урт, намхан (Streamline Moderne) загварыг сонгон бүтээлээ урлажээ. Ингэснээр автомашин урт, урсгал хэлбэртэй их биетэй болж, бөөрөнхий хаалга, арын хэсгийн том сэрвээ хэлбэрийн хийц зэрэг урьд өмнө хэзээ ч байгаагүй шийдлүүдтэй болсон юм. Энэ нь тухайн үеийн автомашины дизайнд жинхэнэ хувьсгал болж, Европ болон Америкийн хотуудаар явах бүрт хүмүүсийн анхаарлыг өөрийн эрхгүй татдаг байжээ.

Нууц хэвээр үлдсэн захиалагч

Харамсалтай нь энэхүү гайхамшигт төслийг захиалсан хүн болон дизайныг бүтээсэн уран бүтээлчийн нэр түүхэнд үлдээгүй байна. Учир нь автомашины зураг төсөл, баримт бичгүүд гал түймэрт бүрэн шатаж устсан бөгөөд дараа нь судлаачид олон жилийн турш хайсан ч бодит мэдээллийг олж чадаагүй ажээ.

Хогийн цэгээс дахин төрсөн домог

Цорын ганц хувь үйлдвэрлэгдсэн энэ автомашин эхний хэдэн арван жилдээ ердөө гурван эзэнтэй байсан ч 1940-өөд оны үед сураггүй болжээ. Харин 1950-иад оны дунд үед АНУ-ын Нью-Жерси муж дахь хогийн цэгээс бараг сүйрсэн байдалтай олдсон байна. Машины ихэнх хэсэг эвдэрч муудсан байсан тул сэргээн засварлахад асар их хөрөнгө шаардлагатай байжээ. Үүний улмаас шинэ эзэн нь олон жилийн турш гараждаа хадгалсаар байсан ч эцэст нь мэргэжлийн сэргээн засварлагчид бүрэн шинэчилж, анхны төрхийг нь эргүүлэн авчирсан юм.

Дэлхийн хамгийн "тачаангуй" автомашин Өнөөдөр автомашины музейн үнэт эрдэнэ

Өнөөдөр “Rolls-Royce Phantom I Jonckheere Coupe” нь АНУ-ын Калифорни муж дахь “Petersen Automotive Museum”-ийн үнэт үзмэрийн нэг болжээ. 1930-аад онд нисэх онгоцноос санаа авсан дэвшилтэт хийц бүхий автомашинууд олноор бүтээгдэж байсан ч тэдгээрийн дундаас “Jonckheere Coupe” хамгийн содон нь хэвээр үлдсэн юм. Цорын ганц хувь үйлдвэрлэгдсэн энэ автомашин өнөөдөр ч сонгодог автомашины урлагийн хамгийн гайхамшигтай бүтээлүүдийн нэг хэмээн үнэлэгдсээр байна.