1815 оны дөрөвдүгээр сард Индонезийн Сумбава арал дээр орших Тамбора галт уул хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн хүчтэй дэлбэрэлтүүдийн нэгийг хийжээ. Дэлбэрэлтийн дуу 2600 километрийн цаана хүртэл сонсогдож, хэдэн арван сая тонн үнс, хий агаар мандалд тархсан байна. Ойролцоох бүс нутаг хэдэн өдрийн турш нар үзээгүй харанхуйд автаж, дөрвөн метр өндөр цунами эргийг сүйтгэсэн бөгөөд 70 мянга гаруй хүн амь үрэгджээ.
Агаар мандалд тархсан үнс нарны гэрлийг хааснаар дэлхийн хойд хагасын дундаж температур ойролцоогоор 2.5 хэмээр буурчээ. Тоон үзүүлэлт бага мэт боловч үр дагавар нь асар их байв. 1816 онд Европ, Хойд Америкт хавар ирсэнгүй. Зургаа, долоодугаар сард хүртэл хүйтэн жавар үргэлжилж, Герман зэрэг оронд мөндөр, хүчтэй шуурга дэгдэн, Рейн мөрөн үерлэжээ. Харин Швейцарт зуны турш хэд хэдэн удаа цас орсон байдаг.
Цаг агаарын огцом өөрчлөлт ургацыг бараг бүрэн сүйрүүлжээ. Үр тарианы үнэ хоёрхон жилийн дотор арав дахин өсөж, сая сая хүн хоол хүнсгүй болсон байна. Наполеоны дайнаас дөнгөж гарч байсан Европт байдал бүр дордов. Өлсгөлөнгийн араас хижиг, холер зэрэг халдварт өвчин дэгдэж, олон хотод дээрэм, бослого гарчээ. Швейцарь хүртэл онц байдал зарлаж, хөл хорио тогтоох хэмжээнд хүрсэн нь тухайн үеийн нөхцөл ямар хүнд байсныг харуулдаг.
Өлсгөлөн, эмх замбараагүй байдлаас зугтсан олон арван мянган европ хүн Америк тивийг зорьсон ч тэднийг ч бас ургацгүй жил, хүнсний хомсдол угтсан юм. Азид ч байдал дээрдээгүй. Энэтхэгийн Бенгалд хүчтэй холерын тахал дэгдэж, дараагийн жилүүдэд энэ өвчин Азиас Европ хүртэл тархан хэдэн зуун мянган хүний амийг авч оджээ.
1816 оны хүйтэн, бороотой зун Швейцарын Женев нуурын эрэг дээр зохиолчид удаан хугацаанд гэрээсээ гарч чадахгүй болсон нь уран зохиолын түүхэнд шинэ эрин эхлүүлсэн юм. Ийнхүү Мэри Шелли алдарт "Франкенштейн" романы санааг олж, Жон Полидори "Цус сорогч" туужаа бичжээ. Энэхүү бүтээл нь хожим Брэм Стокер-ийн "Дракула" романы үндэс болсон гэж үздэг.
Хятадад хүйтрэлээс болж будааны ургац сүйдэж, өлсгөлөн, эмх замбараагүй байдал газар авсан байна. Ургац багассаны улмаас олон тариачин будааны оронд ашиг өндөртэй “опиумын намуу” тариалж эхэлжээ. Энэ өөрчлөлт нь эцэстээ Британийн эзэнт гүрэнтэй хийсэн алдарт Опиумын дайнуудын эдийн засгийн суурь нөхцөлийг бүрдүүлж, Хятадын түүхийг эрс өөрчилсөн юм.
1816 оны гамшиг зөвхөн сүйрэл авчраагүй, шинжлэх ухаан, техникийн хөгжилд ч нөлөөлжээ. Хүүхэд насандаа өлсгөлөнг туулсан химич Юстус фон Либих ургамлын шим тэжээлийг судалж, анхны эрдэс бордооны үндсийг тавьсан байна. Мөн өлсгөлөнгийн улмаас Европт морьд олноороо үхсэн нь Карл фон Дрез-ийг морийг орлох тээврийн хэрэгсэл зохион бүтээхэд хүргэж, тэрээр 1817 онд орчин үеийн унадаг дугуйн анхны загварыг патентжуулжээ.