Санамсаргүй эхлэл

Бүх зүйл 1999 оны Зул сарын баярын үеэр эхэлжээ. Шинэ Зеландын Төв Отаго мужийн Кардрона тосгонд дөрвөн бүсгүй бааранд баяраа тэмдэглэсний дараа үүрээр гарч ирээд хөхний даруулгаа зам дагуух хашаанд өлгөсөн байна. Энэ хөгжилтэй үйлдэл нь хожим дэлхийд алдартай "Хөхний даруулганы хашаа"-ны эхлэл болно гэж хэн ч төсөөлөөгүй. Удалгүй бусад эмэгтэйчүүд ч тэднийг дуурайн дотуур хувцсаа өлгөж эхэлсэн бөгөөд 2000 оны хоёрдугаар сарын эцэс гэхэд анхны дөрвөн хөхний даруулгад дахиад 60 гаруй нь нэмэгджээ.

Жуулчдын зорьдог алдартай үзмэр

Үүнээс хойш хашаанд өлгөгдөх хөхний даруулгын тоо жил ирэх тусам нэмэгдсээр өнөөдөр хэдэн мянгад хүрсэн байна. Одоо энэ газар Шинэ Зеландын хамгийн өвөрмөц аялал жуулчлалын үзмэрүүдийн нэг болж, дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн жуулчид өөрсдийн дурсгал болгон нэгийг үлдээдэг уламжлалтай болжээ.

Маргаан дагуулсан хашаа

Хэдийгээр жуулчдын сонирхлыг ихээр татдаг ч нутгийн бүх оршин суугчид энэ хашааг сайшаадаггүй байв. Зарим нь түүнийг ёс бус харагддаг, мөн жолооч нарын анхаарлыг сарниулж, замын хөдөлгөөнд эрсдэл учруулдаг гэж үзжээ. Үүний улмаас хашаан дээрх бүх хөхний даруулгыг олон удаа авч хаясан байдаг. Анхны цэвэрлэгээ нь анхны хэдхэн ширхэг өлгөгдсөний дараахан болсон бол 2000 оны аравдугаар сард үл мэдэгдэх хүмүүс 200 орчим хөхний даруулгыг нэг шөнийн дотор авч явжээ. Гэсэн ч удалгүй хүмүүс дахин шинээр өлгөж, хашаа урьдын адил дүүрсэн байна.

Эрх баригчдын шийдвэр

2006 оны дөрөвдүгээр сарын 28-нд орон нутгийн зөвлөл энэ хашааг "үзэмжгүй" бөгөөд "замын хөдөлгөөнд аюултай" гэж үзэн бүх хөхний даруулгыг буулгах шийдвэр гаргажээ. Гэвч удалгүй болсон нутгийн баярын үеэр сайн дурынхан дэлхийн хамгийн урт хөхний даруулганы хэлхээ байгуулахыг оролдож, 7400 ширхэгийг эгнүүлэн өлгөсөн байна. Хэдийгээр дэлхийн дээд амжилтыг эвдэж чадаагүй ч энэ арга хэмжээний ачаар буяны үйлсэд зориулан 10,000 ам.долларын хандив цуглуулжээ.

Хашааг хамгаалсан хоньчин

Энэ газрын албан бус хамгаалагч болсон нутгийн хоньчин Жон Ли хөхний даруулгуудыг авахыг эрс эсэргүүцсэн юм. Түүний хэлснээр ирсэн захидлын 90 хувь нь эерэг байсан бөгөөд энэхүү хашаа нь Кардронагийн хамгийн алдартай аялал жуулчлалын газар болж, олон жуулчин, гэрэл зурагчдыг татдаг болсон байжээ.

Өнөөдөр ч уламжлал үргэлжилсээр

Хөхний даруулганы хашаа өнөөдөр ч үе үе сүйтгэгддэг. Гэсэн ч хүмүүс удалгүй дахин шинэ хөхний даруулга авчирч өлгөдөг тул энэ өвөрмөц уламжлал тасардаггүй.  Тиймээс хэрэв та нэг өдөр Кардронад очвол хашааг хоосон байхыг ч, эсвэл өнгө өнгийн мянга мянган хөхний даруулгаар бүрхэгдсэн байхыг ч харж мэднэ. Гэхдээ нэг зүйл тодорхой — энэ хачирхалтай хашаа ямар ч байсан дахин сэргэж, хүмүүсийн сонирхлыг татсаар байх болно.

Дэлхийн хамгийн этгээд "хөхний даруулган" хашаа Дэлхийн хамгийн этгээд "хөхний даруулган" хашаа Дэлхийн хамгийн этгээд "хөхний даруулган" хашаа