1946 оны 12 дугаар сарын 12-нд АНУ-ын Калифорни мужийн Лос-Анжелес хотод төрсөн Стивен Уэйда гэрэл зурагт сурагч ахуй цагаасаа дурлажээ. Коллежоо төгсөөд тэрээр сэтгүүлчээр ажиллаж, долоон жилийн турш “The Salt Lake Tribune” сонинд гэрэл зургийн сурвалжлагчаар ажилласан нь түүний ур чадварыг эрс өсгөсөн юм. Удалгүй тэрээр “Playboy” сэтгүүлд уригдан ажиллаж, хэдхэн сарын дотор хамгийн эрэлттэй гэрэл зурагчин болж чаджээ. Түүний бүтээлүүд сэтгүүлийн нүүрийг олон арван удаа чимж, “Playboy”-ийн түүхэн дэх хамгийн олон нийтлэгдсэн гэрэл зурагчдын нэг болсон байна.
Стивен Уэйда зөвхөн “Playboy”-ийн моделиудаар хязгаарлагдаагүй. Түүний дуранд Холливуд болон загварын ертөнцийн хамгийн алдартай эрхмүүд өртсөн байдаг. Тэрээр Памела Андерсон, Жек Николсон, Дензел Вашингтон, Арнольд Шварценеггер, Дэнни ДеВито, Деми Мур, Клаудиа Шиффер, Линда Евангелиста, Женни МакКарти, Анна Николь Смит зэрэг дэлхийн оддыг гэрэл зургаар мөнхөлжээ.
Уэйдагийн бүтээлүүдийн хамгийн онцгой тал нь хиймэл биш, амьд мэдрэмж төрүүлдэгт оршино. Тэрээр моделиудаа чөлөөтэй хөдөлж, өөрийнхөөрөө байхад нь зураг авдаг байсан нь тухайн хүний зан чанар, сэтгэл хөдлөлийг илүү бодитоор илэрхийлдэг байжээ. Түүний зураг бүр гэрэл, сүүдэр, өнгөний зохицлыг төгс ашигласан байдаг бөгөөд үзэгчид зурагтайгаа холбогдох мэдрэмжийг төрүүлдэг.
Өнөөдөр Стивен Уэйдагийн бүтээлүүд дэлхийн нэр хүндтэй дуудлага худалдаа, урлагийн үзэсгэлэнгүүдэд өндөр үнээр худалдаалагддаг. Нас өндөр болсон ч тэрээр уран бүтээлээ үргэлжлүүлэн туурвиж, шинэ үеийн гэрэл зурагчидтай эн зэрэгцэн өрсөлдсөөр байна. Түүний бүтээлүүд зөвхөн “Playboy”-ийн түүхийг өгүүлээд зогсохгүй XX зууны сүүл үеийн поп соёл, Холливудын өнгө төрхийг хадгалан үлдээсэн үнэт өв болон үлджээ.