Мпоненг уурхай нь Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Йоханнесбург хотоос баруун өмнө зүгт 75 орчим километрийн зайд, дэлхийн хамгийн том алтны бүс болох Витватерсрандад байрладаг. "Мпоненг" гэдэг нь сото хэлээр "Намайг хар" гэсэн утгатай бөгөөд энэ нэр нь дэлхийн хамгийн гүн уурхайд тун зохицдог. Уурхайн хамгийн доод хэсэг нь газрын гадаргаас ойролцоогоор 4.3 километрийн гүнд оршдог бөгөөд жил бүр 7–9 тонн алт олборлон дэлхийн зах зээлд нийлүүлдэг.
Ийм их гүнд газрын чулуулгийн температур 60–70 хэм хүрдэг. Энэ халуунд хүн ажиллах боломжгүй учраас гадаргаас бараг хөлдөх температуртай усыг тусгай хоолойгоор шахаж, агааржуулалтын хүчирхэг системийн хамт уурхайн доторх температурыг 28–30 хэм хүртэл бууруулдаг. Гэсэн ч уурхайчид халуун, чийглэг орчинд олон цагийн турш хүнд хүчир хөдөлмөр эрхэлдэг тул энэ нь дэлхийн хамгийн хүнд ажлын нэгэнд тооцогддог.
Газрын дөрвөн километрийн гүнд чулуулгийн даралт асар өндөр байдаг. Хана, тааз нь байнга хөдөлж, ан цав үүсгэн "амьсгалж" байгаа мэт чимээ гаргадаг бөгөөд энэ нь нуралт болохын дохио байж болдог. Иймээс уурхайг ган тор, анкер, бетон тулгуураар байнга бэхэлдэг ч осол гарах эрсдэл хэзээ ч бүрэн арилдаггүй.
Газрын ийм гүнд байгалийн агаарын урсгал бараг байдаггүй. Тиймээс уурхайчдын амьсгалах агаарыг газрын гадаргаас том хүчин чадлын агааржуулалтын системээр тасралтгүй шахан нийлүүлдэг. Хэрэв энэ систем зогсвол уурхайн гүнд ажиллах боломжгүй болно.
Мпоненгийн уурхайчид ажлын өдрөө эхлэхдээ эхлээд цахилгаан лифтээр хэдэн километрийн гүн рүү буудаг. Үүний дараа суудалтай өргөгчөөр явж, эцэст нь намхан, нарийн хонгилоор хэсэг хугацаанд алхаж байж олборлолтын талбайдаа хүрдэг. Газрын гадаргаас ажлын байрандаа очиход дунджаар 90 минут зарцуулдаг бөгөөд буцах зам ч мөн адил урт байдаг.
Мпоненгийн алт нь ердөө хэдхэн сантиметрийн зузаантай нарийн судлуудад агуулагддаг. Тиймээс уурхайчид чулууг өрөмдөж, тэсэлж, буталсны дараа гадарга дээр боловсруулж алтыг ялган авдаг. Нэг тонн хүдэрт ердөө хэдхэн грамм алт агуулагддаг учраас маш их хэмжээний чулуу олборлож байж багахан хэмжээний үнэт металл гаргаж авдаг.
Уурхай 24 цагийн турш гурван ээлжээр ажилладаг бөгөөд нэгэн зэрэг дөрвөн мянга орчим хүн газрын гүнд хөдөлмөрлөж байдаг. Хэдийгээр аюулгүй ажиллагааны дүрэм маш хатуу мөрдөгддөг ч гэнэтийн нуралт, чулуулгийн хөдөлгөөн зэрэг эрсдэлээс шалтгаалан осол аваар үе үе гарсаар байдаг.
Онолын хувьд хүн төрөлхтөн илүү гүн уурхай байгуулж чадна. Гэвч газрын гүн рүү нэг километр орох бүрт температур дунджаар 25–30 хэмээр нэмэгдэж, чулуулгийн даралт эрс өсдөг. Үүнээс гадна хөргөлт, агааржуулалт, хүдэр тээвэрлэх болон ажилчдыг буулгах зардал асар өндөр болдог тул эдийн засгийн хувьд ашиггүйд тооцогддог.
Мпоненг уурхай зөвхөн алт олборлодог газар биш юм. Газрын гүнд сансрын цацраг бараг нэвтрэхгүй тул эрдэмтэд энд нейтрино, харанхуй матер зэрэг үзэгдлийг судлах туршилт хийдэг. Мөн өндөр даралт, халуун орчинд амьдардаг бичил биетнийг судалснаар дэлхий дээрх амьдралын хязгаарыг ойлгоход чухал мэдээлэл олж авч байна.