67 настай Лини Латтанцио долоон жилийн турш гудамжнаас эзэнгүй муурнуудыг түүж, эмчилж, асарч, дараа нь шинэ эзэнтэй болгохын төлөө ажилласан байна. Эхэндээ тэр бүхнийг ганцаараа, ямар ч санхүүгийн тусламжгүйгээр хийдэг байжээ. Харин түүний чин сэтгэлийг харсан сайн дурынхан нэгдэж, өнөөдөр Линигийн гэр 1000 гаруй муурны аюулгүй орон болсон байна. Муур бүр эрүүл, цатгалан, хамгийн гол нь хайр халамж дунд амьдардаг.
Цэвэрлэгээний компанийн үүсгэн байгуулагч Дебби Сардон нэгэн үйлчлүүлэгчээсээ "Хорт хавдрын эмчилгээ хийлгэж байгаа болохоор танай үйлчилгээг түр ашиглаж чадахгүй" гэсэн дуудлага авсныхаа дараа амьдралаа өөрчлөх шийдвэр гаргажээ. Тэрээр өвчтэй эмэгтэйчүүдийг гэрийн ажлын дарамтаас чөлөөлөх зорилгоор үнэ төлбөргүй цэвэрлэгээ хийж эхэлсэн байна. 2006 оноос хойш тус компани 19 мянга гаруй эмэгтэйд тусалж, нийт 5.5 сая ам.долларын үнэ бүхий үйлчилгээг үнэгүй үзүүлжээ.
Грекийн иргэн Валиа Орфаниду нэгэн өдөр маш хүнд өвчтэй, хүмүүсээс айж чичирдэг золбин нохойтой таарчээ. Тэр нохойг Петра хэмээн нэрлэж, удаан хугацаанд эмчилж, асарсны эцэст амьдралд нь шинэ боломж бэлэглэсэн байна. Айдас дүүрэн байсан амьтан удалгүй аз жаргалтай, итгэлтэй нохой болон хувирчээ.
Жо Уилсон орон гэргүй Даниэльд байнга халуун кофе авч өгдөг байжээ. Нэгэн өдөр Жо өглөөний цайныхаа мөнгийг төлөх гэтэл аль хэдийн төлөгдсөн байсан аж. Учрыг асуухад Даниэль өмнөх өдөр нь сугалаанаас 20 фунт хожиж, өөрийг нь үргэлж халамжилдаг хүндээ талархлаа илэрхийлэхээр түүний тооцоог төлсөн нь тэр байжээ.
Гол гатлах үедээ сүргээсээ төөрч, живэх шахсан, цаашлаад гиенад бариулах аюулд орсон бяцхан зааныг амьтан судлаачид аварчээ. Тэд түүнийг гэртээ авчран өсгөсөн бөгөөд "Мойо" хэмээн нэр өгсөн байна. Өдгөө Мойо яг л гэрийн гөлөг шиг тоглож, юм бүхнийг сонирхон, хайр халамж дунд аюулгүй өсөн торниж байна.
Афганистаны нэгэн тосгоны бяцхан хүү Муртаза гялгар уутаар хийсэн хөлбөмбөгийн өмсгөл өмссөн зураг цахим орчинд маш хурдан тархсан юм. Түүний өмсгөл нь өөрийн шүтээн болох Аргентины шигшээ болон "Барселона" клубын од Лионель Мессигийн өмсгөлийг дуурайлган хийсэн байлаа. Энэ тухай мэдсэн Месси хүүд өөрийн гарын үсэгтэй жинхэнэ өмсгөл бэлэглэж, түүний мөрөөдлийг биелүүлжээ.
13 настай Сильвия нэртэй хаски нохой Бостоны булангийн нимгэн мөсөнд цөмөрч унасан байна. Гал сөнөөгч Шон Коул маш хэврэг мөсөн дээгүүр чаргаар ойртон очиж, нохойг амжилттай аварч эзэнд нь эсэн мэнд хүлээлгэн өгчээ.
Канадын Онтарио мужид амьдардаг оюутан Годфри Кутто нэг өдөр автобусанд сууж явахдаа Роберт гэх эр түүн дээр ирж гараас нь атган хажууд нь суусанд эхэндээ гайхжээ. Удалгүй Роберт тархины саажилттай бөгөөд сонсголын бэрхшээлтэй учраас хүн ихтэй автобусанд хүчтэй айдаст автаж, зүгээр л хэн нэгний дэмжлэг хэрэгтэй байсныг ойлгосон байна. Годфри түүний гараас атган хамт сууснаар Роберт тайвширч чаджээ.
Брэндон аав руугаа явж байхдаа ачааны машины жолооч жижиг цагаан терьерийг зодож байгааг харжээ. Тэр даруй эргэж очиход нохой замын хажууд орхигдсон байв. Брэндон нохойг курткаараа дулаалж аваад эмнэлэг рүү хүргэжээ. Тэрээр нохойг "Ноён Дэвидсон" хэмээн нэрлэсэн бөгөөд өнөөдөр тэд салшгүй сайн найзууд болсон байна.
Америкийн иргэн Кори Салчерт өөрөө хүнд өвчнийг даван туулсны дараа эрүүл мэндийн шалтгаанаар сувилагчийн ажлаа үргэлжлүүлэх боломжгүй болжээ. Гэсэн ч тэр бусдад туслах өөр нэгэн замыг сонгосон байна. Нөхөр Маркийн хамт эцэг эхдээ орхигдсон, амьдралынхаа сүүлийн мөчүүдийг өнгөрүүлж буй хүүхдүүдийг гэртээ авчран хайр халамжаар дутаалгүй асарч, амьдралынх нь хамгийн хүнд үед дэргэд нь байхаар амьдралаа зориулжээ.