Райхсбург цайз, Герман

Мянга гаруй жилийн түүхтэй Райхсбург цайз анх Германы хаан III Конрадын ордон байсан бөгөөд хожим Францын хаан XIV Людовикийн мэдэлд оржээ. 1689 онд францын цэргүүд цайзыг шатаан сүйтгэсэн ч 1868 онд Германы нэгэн чинээлэг бизнесмен худалдан авч, асар их хөрөнгө зарцуулан өнөөгийн сүрлэг төрхийг нь сэргээн босгосон юм.

Мон-Сен-Мишель, Франц

Далайгаар бүх талаасаа хүрээлэгдсэн Мон-Сен-Мишель бол Парисын дараа Францын хамгийн олон жуулчин татдаг дурсгалт газар юм. 709 онд байгуулагдсан энэ цайз өнөөдөр ч сүрлэг хэвээрээ бөгөөд далайн түрлэгийн үеэр усан дундаас цухуйсан мэт гайхамшигтай харагддаг.

Гохостервиц цайз, Австри

IX зуунд баригдсан энэхүү дундад зууны цайз 160 метр өндөр хадны оройд байрладаг. Нарлаг өдөр 30 километрийн зайнаас ч тод харагддаг бөгөөд Австрийн хамгийн сайн хадгалагдсан хамгаалалтын цайзуудын нэг юм.

Бледийн цайз, Словени

Блед нуурын дээгүүр 100 метр өндөр хаданд сүндэрлэх энэ цайз нь Словенийн хамгийн алдартай бэлгэ тэмдэг. Энд Сербийн хаадын удмын ордон байрлаж байсан бөгөөд дараа нь маршал Иосип Броз Титогийн амралтын газар болж байжээ. Цайзаас харагдах нуурын үзэмжийг дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй үзэгдлүүдийн нэг гэдэг.

Гогенцоллерн цайз, Герман

Өндөр уулын оргил дээр орших Гогенцоллерн цайз нь үлгэрийн ордныг санагдуулам дүр төрхөөрөө алдартай. Оргил үедээ Пруссын эзэн хаадын ордон байсан бөгөөд өнөөдөр Германы хамгийн их зураг авхуулдаг цайзуудын нэг болжээ.

Нойшванштайн цайз, Герман

Баварын хаан II Людвиг XIX зууны дунд үед энэхүү романтик цайзыг бариулжээ. Тухайн үедээ өвөрмөц загвартай гэж тооцогдож байсан ч хожим дэлхийн хамгийн алдартай үлгэрийн орднуудын нэг болсон юм. Диснейлэндийн "Нойрсож буй гоо бүсгүй"-н шилтгээний загвар ч энэ цайзаас санаа авчээ.

Шильон цайз, Швейцар

Женев нуурын эрэг дээрх энэ дундад зууны цайз дээрээс харахад усан дээр хөвж буй байлдааны хөлөг онгоц мэт харагддаг. XVI зуунд улсын шорон болгон ашиглаж байсан бөгөөд Английн яруу найрагч Жорж Байрон эндээс санаа авч "Шильоны хоригдол" найраглалаа бичсэн байдаг.

Эйлен-Донан цайз, Шотланд

Лох-Дуйх булангийн жижиг чулуурхаг арал дээр орших Эйлен-Донан нь Шотландын хамгийн романтик цайзуудын нэг. Олон киноны зураг авалт энд хийгдсэн бөгөөд өнөөдөр жуулчдад нээлттэй тул түүхэн хананд нь өөрийн гараар хүрэх боломжтой.

Бран цайз, Румын

Трансильванийн хамгийн алдартай цайз болох Бран нь Дракулагийн домогтой салшгүй холбоотой. Домогт өгүүлснээр ван Влад Цепеш дайнд мордохдоо энд хоноглодог байсан бөгөөд цайзыг хүрээлсэн ой нь түүний ан хийх дуртай газар байжээ. Өнөөдөр энэ газар Румыны хамгийн алдартай аялал жуулчлалын төвүүдийн нэг болсон.

Лихтенштайн цайз, Герман

XII зуунд баригдсан Лихтенштайн цайз түүхийн туршид хэд хэдэн удаа сүйдэж байсан ч XIX зууны сүүлээр бүрэн сэргээн босгожээ. Үүнээс хойш олон киноны зураг авалтын талбай болсон бөгөөд үлгэрийн ертөнцөөс гарч ирсэн мэт үзэсгэлэнтэй төрхөөрөө жуулчдыг татсаар байна.