18-р зууны эхээр Лондон богино хугацаанд архинд живсэн хот болон хувирсан байна. Маш хямд үнэтэй жин уламжлалт шар айраг, эль, брендиг шахан гаргаж, бараг бүх давхаргын хүмүүсийн өдөр тутмын хэрэглээ болжээ. Архинд согтсон хүмүүсийн зодоон, гэмт хэрэг, хүчирхийлэл эрс нэмэгдэж, хүүхдээ хүртэл архины төлөө зарсан эхчүүдийн тухай баримтууд үлдсэн байдаг. Гудамжинд даарч эсвэл архины хордлогоор нас барсан хүмүүсийн цогцсыг өдөр бүр тэрэг дүүргэн оршуулгын газар руу зөөдөг болсон нь тухайн үеийн аймшигт дүр төрхийг илтгэнэ.
Тэр үед Англичуудын хамгийн түгээмэл ундаа нь шар айраг байлаа. Харин аж үйлдвэржилт эхэлснээр хөдөө орон нутгийн олон мянган хүн ажил хайж Лондон болон бусад томоохон хотуудад шилжин иржээ. Удалгүй Голланд гаралтай хаан Уильям III Оранский Английн хаан болсноор Голландын соёл, тэр дундаа жин өргөн тархаж эхэлсэн юм. Францтай улс төр, шашны харилцаа муудсаны улмаас бренди уухыг эх оронч бус гэж үзэх болж, хүмүүс аажмаар жинд шилжив.
Францын брендиг зах зээлээс шахахын тулд парламент импортын өндөр татвар ногдуулжээ. Мөн шар айраг үйлдвэрлэгчдэд ч нэмэлт татвар тавьсан бол жин үйлдвэрлэгчдэд бараг татваргүй шахам нөхцөл бүрдүүлсэн байна. Жин үйлдвэрлэхэд чанар муутай, бүр муудсан үр тариа хүртэл ашиглаж болдог байсан тул үйлдвэрлэл асар хурдтай өсжээ. Ингэснээр жин маш хямд болж, Лондоны ядуу дүүргүүдэд бараг ус шиг урсах болсон байна. Тэр үеийн уушийн газруудын үүдэнд:
"Нэг пенсээр согтоно. Хоёр пенсээр үхтлээ согтоно. Сүрэл үнэгүй."
гэсэн сурталчилгаа өлгөөтэй байдаг байжээ. Үнэгүй сүрэл нь алхаж чадахгүй болтлоо согтсон хүмүүсийг шалан дээр унтуулах зориулалттай байсан гэдэг.
Анхны “жин” нь арвайгаар нэрж, арцны жимсээр амталдаг байсан бол эрэлт нэмэгдэхийн хэрээр үйлдвэрлэгчид ямар ч хамаагүй түүхий эд ашиглаж эхэлжээ. Зарим сурвалжид бүр тахианы сангас, скипидар зэрэг хүний биед аюултай бодис хүртэл хийдэг байсан тухай дурдсан байдаг. Амт нь хэт муухай бол элсэн чихэр нэмж худалддаг байжээ. Ийм хуурамч архинаас болж олон хүн хордож нас барж, зарим нь галзуурч, аймшигтай гэмт хэрэг үйлдэх болсон байна.
Жиний тахлын үед хүмүүсийн ёс суртахуун бараг алга болсон гэж судлаачид үздэг. Хамгийн цочирдом жишээний нэг нь Жудит Дефор хэмээх эмэгтэй холбоотой. Тэрээр буяны байгууллагаас нярай хүүхдийнхээ хувцсыг авчихаад түүнийгээ архинд сольж, улмаар хүүхдээ хөнөөсөн хэрэг гаргажээ. Шүүх түүнийг богино хугацаанд шийтгэн цаазаар авсан байна. Ийм төрлийн гэмт хэрэг тухайн үед цөөнгүй бүртгэгдэж байсан нь архины гамшгийн цар хүрээг харуулдаг.
Жин дэлгэрүүлэхэд өөрсдөө хувь нэмэр оруулсан парламент эцэст нь архийг "ёс суртахууны доройтол, гэмт хэргийн гол шалтгаан" хэмээн зарлажээ. 1730-аад оноос эхлэн жинд өндөр онцгой албан татвар ногдуулж, хууль бус нэрэх үйлдвэрүүдийг хаах ажиллагаа эхэлсэн байна. Гэвч архинд донтсон олон хүн хүчтэй эсэргүүцэж, цагдаа, татварын байцаагчид руу чулуу шидэх, хутгалж амь насыг нь хөнөөх зэрэг хэрэг гарсаар байв. Лондонгийн эмх замбараагүй байдлыг бүрэн намжаахад бараг 20 жил зарцуулжээ.
Сонирхолтой нь тухайн үеийн тэмцэл нь архийг бүрэн хориглохын төлөө биш байлаа. Харин нэг төрлийн архийг нөгөөгөөр солих бодлого байсан юм. Зураач Уильям Хогарт-ын алдарт "Gin Lane" зурагт архинд живсэн ядуусыг дүрсэлсэн бол "Beer Street" бүтээлдээ хөдөлмөрч, элбэг хангалуун шар айраг уудаг иргэдийг эсрэгцүүлэн харуулжээ. Ингэснээр жин нь ядуурал, эмх замбараагүй байдлын бэлгэдэл болж, харин шар айраг нь дундаж давхарга, тогтвортой нийгмийн дүр төрхийг илэрхийлэх болсон байна.