Өнөөдөр Герман улс цэвэр цэмцгэр байдлаараа алдартай ч дундад зууны үед байдал огт өөр байсан. Хүмүүс ахуйн хог, үнс, малын сэг, яс, гал тогооны бохир усыг хашааныхаа гадна эсвэл ойр орчимд шууд асгадаг байв. Үүний улмаас тосгон, хотууд маш их бохирдож, халдварт өвчин түгээмэл тархдаг байжээ.
XV зуунд Вюртембергийн гүн энэ нөхцөл байдлыг тэвчихээ больж, малын бууц, хүний болон ахуйн хаягдлыг суурингаас гадуур, эсвэл голын эрэг рүү зөвхөн шөнийн цагаар зөөж хаяхыг тушаасан зарлиг гаргажээ. Ингэснээр хот суурингийн бохирдлыг багасгахыг зорьсон байна.
Гэвч энэ дүрэм бараг хэрэгжсэнгүй. Айл бүрийг хянах боломжгүй байсан бөгөөд тухайн үед хууль сахиулагчдыг хаа сайгүй байрлуулах нь асар их зардал шаарддаг байв. Иймээс хүмүүс өмнөх зуршлаараа хогоо хаа сайгүй хаясаар байжээ.
Үүний дараа гүн илүү хатуу арга хэмжээ авчээ. Хэрэв хэн нэгэн хөршөө олон хоног хогоо цэвэрлэхгүй байгааг мэдсээр байж эрх баригчдад мэдээлээгүй бол зөвхөн зөрчил гаргасан хүн бус, мэдээлээгүй хөрш нь ч мөн адил шийтгэл хүлээдэг болсон байна.
Харин дүрэм зөрчсөн хөршөө мэдээлсэн иргэн шийтгүүлсэн хүний газрын тодорхой хэсгийг авах эрхтэй байжээ. Энэ нь хүмүүсийг дүрэм мөрдүүлэхэд өөрсдөө идэвхтэй оролцох хүчтэй хөшүүрэг болсон юм.
Хөршүүдийн гомдол, мэдээллээс болгоомжилсон иргэд долоо хоног бүрийн бямба гарагт гэрийнхээ өмнөх талбайг маш нямбай цэвэрлэдэг болжээ. Ингэснээр хот, тосгодын өнгө үзэмж богино хугацаанд мэдэгдэхүйц сайжирсан байна.
Энэ уламжлал хожим “Kehrwoche” буюу "цэвэрлэгээний долоо хоног" хэмээх Швабийн алдартай заншлын үндэс болсон гэж үздэг. Өнөөдөр ч Германы зарим бүс нутагт оршин суугчид ээлжээр нийтийн эзэмшлийн талбайгаа цэвэрлэх уламжлал хадгалагдсаар байна.