Аяллын төлөвлөгөө гаргахаасаа өмнө амьтан тань урт зам туулахад тохиромжтой эсэхийг нягтална. Хэт бага настай, өндөр настай эсвэл архаг өвчтэй амьтад аяллыг хүндрэлтэй давдаг. Ялангуяа богино хоншоортой үүлдрийн амьтад, тухайлбал перс муур, мопс зэрэг нь онгоцны нислэгийн үеэр амьсгалын хүндрэл, халалт зэрэг эрсдэлтэй тул малын эмчээс урьдчилан зөвлөгөө авах нь чухал. Хэрэв эрсдэл өндөр гэж үзвэл амьтнаа найдвартай асрагч, төрөл садан эсвэл амьтны зочид буудалд үлдээх нь илүү аюулгүй сонголт байж болно.
Амьтан тээвэрлэх журам нь агаарын тээврийн компани, галт тэрэг болон улс орон бүрт харилцан адилгүй байдаг. Зарим улс:
- 3 сараас доош настай амьтан нэвтрүүлэхгүй.
- Зарим төрлийн шувууг оруулахыг хориглодог.
- Амьтныг хэд хоногоос хэдэн долоо хоног хүртэл тусгаарлах (карантин) шаарддаг.
Тиймээс аялал богино хугацаатай бол урт хугацааны карантинтай улс руу амьтан авч явах нь утгагүй байж болох юм. Галт тэргээр зорчих үед ч мөн дүрэм бий. Зарим тохиолдолд бусад зорчигч зөвшөөрвөл хамт зорчиж болох ч, эс зөвшөөрвөл бүх купег худалдан авах эсвэл амьтанд зориулсан тусгай тасалбар авах шаардлага гардаг.
Хилийн шалган нэвтрүүлэх үед хамгийн их асуудал үүсгэдэг зүйл бол дутуу бичиг баримт байдаг. Ихэнх улс оронд дараах зүйлсийг шаарддаг.
- Мал эмнэлгийн паспорт
- Микрочип
- Галзуугийн болон бусад шаардлагатай вакцин
- Мал эмнэлгийн эрүүл мэндийн тодорхойлолт
Ихэнх вакцин нь аяллаас дор хаяж 30 хоногийн өмнө, гэхдээ нэг жилээс илүүгүй хугацаанд хийгдсэн байх шаардлагатай байдаг. Мөн аяллаас хэд хоногийн өмнө дотоод болон гаднын шимэгчийн эсрэг эмчилгээ хийлгэхийг зөвлөдөг. Хилээр гарахаас өмнөх хэд хоногт мал эмнэлгээс экспортын гэрчилгээ авах шаардлагатай эсэхийг мөн урьдчилан лавлах хэрэгтэй.
Амьтанд зориулсан ачаа цөөн мэт санагдавч аяллын үеэр хэрэг болох зүйлс нэлээд олон байдаг. Юуны өмнө тэжээвэр амьтныхаа өдөр тутмын хоол, цэвэр ус, ус болон хоолны аяга, замын турш өгөх амттан, тайвшруулах дуртай тоглоомыг авч явах хэрэгтэй. Мөн оосор, хүзүүвч, шаардлагатай тохиолдолд амны хаалт, сэрүүн уур амьсгалтай бүс рүү зорчих бол дулаан хувцсыг нь ч бэлдэх нь зүйтэй. Үүнээс гадна гэнэтийн нөхцөл байдалд зориулсан анхны тусламжийн иж бүрдэл заавал авч явахыг зөвлөж байна. Үүнд ариутгах шүршигч, боолт, нүд болон чихний дусаалга, суулгалтын эсрэг эм, хачиг авах хавчаар, жижиг хайч, халууны шил зэрэг үндсэн хэрэгслүүд багтах бөгөөд хэрэв таны тэжээвэр амьтан тогтмол хэрэглэдэг эмтэй бол түүнийг хангалттай хэмжээгээр авч явахаа мартаж болохгүй. Ийнхүү урьдчилан сайтар бэлтгэл хангаснаар аяллын үеэр гэнэтийн асуудал гарсан ч амьтандаа цаг алдалгүй тусламж үзүүлэх боломжтой болно.
Онгоцны буудалд нислэгээс дор хаяж 2–3 цагийн өмнө очихыг зөвлөж байна. Амьтан бүртгүүлэх ажиллагаа нэмэлт хугацаа шаарддаг бөгөөд аяллын ачаалалтай улиралд бүр ч удаан үргэлжилж болзошгүй. Мөн дараах зөвлөмжийг дагаарай.
- Замд гарахаас 4–6 цагийн өмнө хоол өгөхгүй байх.
- Харин усыг тогтмол уулгах.
- Хэт хөдөлгөөнтэй эсвэл аймхай амьтанд тайвшруулах эм хэрэглэх бол заавал малын эмчтэй зөвлөлдөх.