Африкийн хамгийн онгон байгальтай орнуудын нэг болох Ботсвана нь жинхэнэ сафари аяллын диваажин юм. Окаванго голын дельта (гол далай, тэнгис, нуур эсвэл өөр томоохон усан сан руу цутгахдаа урсгал нь саарч, авчирсан элс, шавар, хайрга зэрэг хурдсаа тунадас болгон хуримтлуулснаар үүсдэг газарзүйн тогтоц) нь дэлхийн хамгийн том эх газарт орших дельта бөгөөд заан, арслан, анааш, усны үхэр зэрэг олон төрлийн амьтдыг байгалийнх нь орчинд харах боломжтой. Харин Макгадикгадигийн давст тал болон Төв Калахарийн дархан цаазат газар нь адал явдал хайгчдын мөрөөдөл болдог.
Бразил бол эрч хүч, байгалийн гайхамшиг, соёлын өнгө төрхийг нэг дор багтаасан улс. Рио-де-Жанейро хотын алдарт Христийн хөшөө, Копакабанагийн наран шарлагын газар, дэлхийн хамгийн том Амазоны ширэнгэн ой зэрэг нь энэ орны хамгийн том бахархал юм. Амазонд дэлхийн хамгийн баялаг биологийн төрөл зүйл амьдардаг бөгөөд байгальд дурлагчдын хувьд жинхэнэ диваажин билээ.
Адриатын тэнгисийн эрэг дагуу орших Хорват улс дундад зууны үеийн уур амьсгал, тунгалаг тэнгисээрээ алдартай. Дубровникийн хэрэмт хот, Загребын түүхэн төв, Плитвицегийн үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн шаталсан хүрхрээнүүд нь Европын хамгийн үзэсгэлэнтэй газруудын тоонд ордог.
Эквадор нь колонийн үеийн архитектур, Андын нуруу, Галапагосын арлуудаараа дэлхийд алдартай. Нийслэл Кито нь ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн бол Галапагосын арлууд нь Чарльз Дарвины хувьслын онолын үндэс болсон гайхамшигт байгальтай.
Египет бол хүн төрөлхтний хамгийн эртний соёл иргэншлийн нэг өлгий нутаг. Гизагийн пирамидууд, Их Сфинкс, Нил мөрөн, Каир хотын эрч хүчтэй гудамжууд нь түүх, соёлыг мэдрэхийг хүссэн хүн бүрийн мөрөөдлийн аялал юм. Олон мянган жилийн өмнө бүтээгдсэн эдгээр байгууламж өнөөдөр ч судлаачдын сонирхлыг татсаар байна.
17,000 гаруй аралтай Индонез улс нь зөвхөн Балигийн үзэсгэлэнт эргээрээ бус, Боробудурын буддын сүм, идэвхтэй галт уулс, ширэнгэн ой, олон үндэстний өвөрмөц соёлоороо алдартай. Байгаль, далайн амралт, соёлын аяллыг нэг дор хослуулах боломжтой.
Энэтхэг бол өнгө, үнэр, соёл, шашин, уламжлалаар дүүрэн ертөнц. Агра дахь Таж Махал, Варанасигийн ариун Ганга мөрөн, Жайпурын ягаан хот зэрэг нь тус улсын өвөрмөц уур амьсгалыг илэрхийлдэг. Аялал бүр шинэ мэдрэмж, шинэ нээлт авчирдаг орон юм.
"Африкийн мянган толгодын орон" хэмээн нэрлэгддэг Руанда нь Вирунга уулс болон уулын гориллаг байгалийн орчинд нь харах боломжтой цөөн газрын нэг. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгүүд нь экологийн аялал жуулчлалын шилдэг жишээ болж, байгаль хамгааллын амжилтаараа дэлхийд үнэлэгддэг.
Өмнөд Африк нь нэг аяллаар маш олон төрлийн туршлага хуримтлуулах боломжтой орон. Кейптаун хотын Ширээ уул, Кейпийн дарсны бүс, Крюгерийн үндэсний цэцэрлэгт хүрээлэн зэрэг нь байгаль, амьтан, хотын амьдрал, тансаг аяллыг төгс хослуулдаг.
Испани улс гайхамшигт архитектур, амьд хөгжмийн соёл, амтат хоол, халуун дулаан уур амьсгалаараа аялагчдыг татдаг. Мадридын хааны ордон, Барселонагийн Саграда Фамилиа, Севильягийн сүрлэг талбай, уулсын дундах эртний хийдүүд нь энэ орныг Европын хамгийн сонирхолтой аяллын чиглэлүүдийн нэг болгожээ.