Тоос сорогчны ертөнцийн хаан болсон "Hoover"

1908 онд байгуулагдсан “Hoover” компани удалгүй дэлхийн хамгийн алдартай ахуйн цахилгаан хэрэгслийн үйлдвэрлэгчдийн нэг болжээ. Зарим улс оронд хүмүүс "тоос сорогч"-ийг шууд "Hoover" гэж нэрлэх хэмжээнд хүрсэн нь брэндийн нэр ямар хүчтэй байсныг илтгэнэ. 1923 он гэхэд компанийн борлуулалт 23 сая ам.долларт хүрч, 1926 онд салдаг тоосны ууттай, тоос цохигчтой шинэ загвар танилцуулснаар амжилт нь улам өссөн байна. Олон арван жилийн турш “Hoover” зах зээлээ итгэлтэйгээр тэргүүлж байлаа.

Эдийн засгийн хямрал ба эрсдэлтэй шийдвэр

1990-ээд оны эдийн засгийн хүндрэл компанийн борлуулалтад хүчтэй нөлөөлөв. Үүнийг даван туулахын тулд “Hoover” ер бусын урамшуулал зарласан байна. 100 фунт стерлингээс дээш худалдан авалт хийсэн хүн бүрт Европын зарим хот руу хоёр талын нислэгийн үнэгүй тасалбар амлажээ. Гэвч нислэгийн үнэ нь зарж буй тоос сорогчноос хавьгүй өндөр байсан тул компани алдагдлаа багасгахын тулд олон саадтай журам боловсруулсан байна.

Тасалбар авах нь бараг боломжгүй даалгавар болсон нь

Урамшууллын тасалбарыг авахын тулд хэрэглэгчид маш олон шат дамжлагыг давдаг байв. Эхлээд худалдан авалтын баримттайгаа хүсэлт илгээж, дараа нь бүртгэлийн маягт авч бөглөн дахин илгээх шаардлагатай. Үүний дараа нислэгийн огноо, чиглэлээ өөрөө бөглөдөг ваучер ирэх бөгөөд “Hoover” хүссэн маршрутыг зөвшөөрөх эсэхээ өөрөө шийддэг байжээ. Хэрэв сонгосон чиглэлийг нь зөвшөөрөхгүй бол бүх процессыг дахин эхлүүлэхээс өөр аргагүй. Иймээс худалдан авагчдын ердөө 10 орчим хувь нь үнэхээр тасалбараа авч чаддаг байсан гэдэг.

АНУ-ын нислэг санал болгосон нь хамгийн том алдаа болов

Эхний кампанит ажил тодорхой хэмжээнд амжилттай байсан тул “Hoover” илүү том алхам хийхээр шийджээ. Тэд урамшууллаа өргөжүүлэн АНУ руу хоёр талын нислэгийн тасалбар санал болгосон байна. Тухайн үед ийм нислэгийн үнэ ойролцоогоор 600 фунт байсан бол тасалбар авахын тулд ердөө 100 фунтын худалдан авалт хийхэд хангалттай байв. Ингэснээр хүмүүс тоос сорогч авах гэж бус, харин хямд нислэгийн эрх авахын тулд “Hoover”-ийн дэлгүүрүүдийг зорих болжээ. Хамгийн их борлуулалттай бүтээгдэхүүн нь 120 фунтын үнэтэй “Turbopower Total System” байсан бөгөөд компани нэг ширхэгээс ердөө 30 фунтын ашиг олдог байлаа.

300 мянган хэрэглэгч компанийн тооцоог нураав

Урамшуулалд 300 мянга гаруй хүн хамрагдсан нь “Hoover”-ийн төсөөлснөөс хэд дахин их байв. Ингэснээр компанийн боломжит алдагдал 170 сая фунт стерлингээс давна гэсэн тооцоо гарчээ. “Hoover” дампуурлаас зайлсхийхийн тулд хэрэглэгчдэд тасалбар өгөх хугацааг зориуд хойшлуулж эхэлсэн байна. Заримынх нь материалыг буруу бөглөсөн гэж буцааж, заримд нь хэнд ч хэрэггүй нислэгийн маршрут санал болгож, бусдад нь баярын үеэр ваучер илгээж хугацааг нь дуусгахыг оролдсон аж.

Шүүхийн маргаан, нэр хүндийн уналт, дампуурал

Эцэст нь “Hoover” 220 мянган хэрэглэгчид нислэгийн тасалбар авч өгөхөөс өөр аргагүй болж, үүнд нийт 72 сая фунт стерлинг зарцуулжээ. Харин энэ хугацаанд тоос сорогч болон угаалгын машины борлуулалтаас олсон орлого нь ердөө 30 сая фунт байсан тул асар их алдагдал хүлээсэн байна. Үүний дараа хэрэглэгчид олноороо шүүхэд хандаж, компанийн нэр хүнд эрс унав. Их Британийн Хааны ордон Hoover-оос "Эрхэм дээдсийн албан ёсны нийлүүлэгч" гэсэн статусаа хураан авч, удирдлагууд ажлаасаа чөлөөлөгдөв. Удалгүй Европ дахь салбар нь Италийн Candy компанид зарагдаж, нэгэн цагт зах зээлийг ноёрхож байсан Hoover-ийн сүр хүч үндсэндээ төгсгөл болсон юм.

Маркетингийн түүхэн дэх хамгийн үнэтэй сургамж

“Hoover”-ийн түүх бизнесийн ертөнцөд өнөө хүртэл сургамж болон яригддаг. Хэрэглэгчдийг татах зорилготой урамшуулал бодит өртөг, эрсдэлийг нарийн тооцоогүй тохиолдолд компанийн хамгийн том давуу талыг хүртэл үгүй хийж болдгийг энэ явдал харуулсан юм. Заримдаа нэг буруу маркетингийн шийдвэр олон арван жилийн хөдөлмөр, нэр хүндийг хэдхэн сарын дотор үнс нурам болгож чаддаг аж.