Домгоо өөрөө бүтээсэн эмэгтэй

Шүүхийн танхимд хүртэл Мата Хари өөрийн зохиосон домгийг үнэн мэт ярьжээ. Тэрээр өөрийгөө Английн хошуучийн охин, Ява аралд төрсөн, эцэг эхээ дээрэмчдэд алдсан, дараа нь сүмд өсөж, эртний бүжиг сурсан хэмээн өгүүлдэг байв. Гэвч бодит байдал огт өөр байлаа. Тэр 1876 онд Нидерландын Леуварден хотод малгай үйлдвэрлэгч Адам Зеллегийн гэр бүлд төрсөн. Эцэг нь ганц охиноо эрхлүүлж өсгөсөн ч удалгүй дампуурч, Маргарета төрөл төрөгсдийндөө өсөх болсон юм. Парист алдаршихын тулд тэрээр өөрийн амьдралыг улам бүр нууцлаг болгож, "Энэтхэгийн гүнжийн охин" гэх мэт үлгэр зохион хэвлэл мэдээллээр түгээдэг байжээ.

Аз жаргалгүй гэр бүл

18 настайдаа Маргарета өөрөөсөө 20 насаар ах Английн армийн офицер Рудольф Мак-Леодтой гэрлэжээ. Хосууд Голландын Зүүн Энэтхэг буюу өнөөгийн Индонезид амьдрахаар явсан байна. Гэвч гэр бүлийн амьдрал нь аз жаргалтай байсангүй. Нөхрийн архидалт, араар тавилт, тасралтгүй хэрүүл маргаан хоёрын харилцааг сүйрүүлжээ. Энэ үед Маргарета дорнын бүжигт дурлаж, анхны үзүүлбэрээ хийхийг оролдсон ч нөхөр нь тайзнаас хүчээр буулгасан гэдэг.

Эхийн хамгийн том эмгэнэл

Маргарета хүү, охин хоёртой болсон ч аз жаргал удаан үргэлжилсэнгүй. 1899 онд түүний бяцхан хүү аймшигтай өвчнөөр нас баржээ. Хүүгийн үхлийн талаар өнөөдрийг хүртэл маргаантай байдаг. Зарим нь өшөө авсан үйлчлэгч хор өгсөн гэж үздэг бол өөр судлаачид тэмбүү өвчний хүндрэл байсан гэж тайлбарладаг. 1903 онд нөхрөөсөө салсны дараа охиноо өсгөх эрхээ ч алдаж, охин нь ердөө 21 насандаа мөн нас барсан юм.

Парисыг байлдан дагуулсан бүжигчин

Мөнгөгүй болсон Маргарета Парисыг зорьж, эхэндээ натур модель, дараа нь циркийн морьтон болж ажиллажээ. 1905 онд тэрээр Мата Хари нэрээр анхны дорнын бүжгээ үзүүлэв. Түүний хөдөлгөөн, уян хатан байдал, тайзны дүр төрх үзэгчдийг шууд байлдан дагуулсан юм. Америкийн алдарт бүжигчин Айседора Дунканаас санаа авч, Мата Хари бүжгийнхээ төгсгөлд бараг бүх хувцсаа тайлдаг байв. Энэ нь тухайн үеийн Европт асар том дуулиан болж, Парисын дараа Берлин, Вена, Мадрид, Монте-Карло хүртэл түүнийг урьжээ.

Европын хамгийн үнэтэй биеэ үнэлэгч

1910 он гэхэд Мата Хари Европын хамгийн өндөр орлоготой бүжигчин төдийгүй хамгийн үнэтэй биеэ үнэлэгч болжээ. Түүнтэй ганцхан шөнө хамт өнгөрүүлэхийн тулд чинээлэг эрчүүд хэдэн арван мянган франк төлдөг байсан гэдэг. Түүний хайр дурлалын холбоонд үйлдвэрийн эзэд, язгууртнууд, цэргийн өндөр албан тушаалтнууд, ханхүү нар хүртэл нэр холбогдож байв. Гэсэн ч Мата Хари "Баян маркизаас илүү ядуу хошуучийг сонгоно" хэмээн хэлэх дуртай байсан гэдэг.

Үнэхээр тагнуул байсан уу?

Дэлхийн I дайны үеэр Мата Хари Франц болон Германы цэргийн офицеруудтай ойр байсан нь түүнийг тагнуул гэх хардлагын гол шалтгаан болжээ. Зарим эх сурвалжид түүнийг Германы тагнуулын Н-21 кодтой агент байсан гэдэг. Харин өөр судлаачид түүнийг хоёр талын улс төрийн тоглоомын золиос болсон гэж үздэг. 2001 онд ил болсон архивын зарим баримтаас үзэхэд Мата Хариг Герман тал холбоо тогтоохыг оролдсон ч бодитой тагнуулын ажиллагаа явуулсан нотолгоо хангалтгүй байсан нь илэрсэн байна.

Сүүлчийн мөч хүртэл бардам байсан эмэгтэй

Францын шүүх Маргарета Гертруда Зеллег буудан цаазлах ял оноожээ. Тэрээр амь аврагдахын тулд жирэмсэн гэж худал хэлэхээс татгалзсан байна. Цаазын өмнө гараа хүлүүлэхгүй, нүдээ боолгохгүй байхыг хүсэж, цэргүүд рүү инээмсэглэн агаарын үнсэлт илгээсний дараа:

“Би бэлэн байна, ноёд оо!” хэмээн хэлсэн гэдэг.

1917 оны аравдугаар сарын 15-нд түүний амьдрал өндөрлөсөн ч Мата Харигийн тухай үнэн, худал хоёр холилдсон домог өнөөдрийг хүртэл хүмүүсийн сонирхлыг татсаар байна.