Олон хүн Сарыг геологийн хувьд бүрэн "үхмэл" биет гэж боддог. Гэвч үнэндээ Сар дээр сар хөдлөлт (moonquake) хэмээх чичиргээ тогтмол бүртгэгддэг байна. Эрдэмтэд сар хөдлөлтийг дөрвөн төрөлд ангилдаг бөгөөд гүний сар хөдлөлт, солирын мөргөлтөөс үүдэлтэй чичиргээ, нарны халалтын нөлөөгөөр үүсэх дулааны сар хөдлөлт, мөн хамгийн хүчтэй тектоник шинжтэй сар хөдлөлт гэж ангилдаг. Хүчтэй сар хөдлөлт нь Рихтерийн шаталбараар 5.5 магнитуд хүрч, 10 орчим минут үргэлжилдэг бөгөөд NASA-гийн судлаачдын хэлснээр ийм үед Сар "хонх шиг цуурайтдаг" аж. Хамгийн сонирхолтой нь эдгээр хүчтэй чичиргээний яг шалтгааныг өнөөдөр хүртэл бүрэн тайлбарлаж чадаагүй хэвээр байна.
Сарыг Дэлхийн дагуул гэж үздэг ч зарим одон орончид үүнийг өөрөөр тайлбарладаг. Учир нь Сар Дэлхийн диаметрийн бараг дөрөвний нэгтэй тэнцэх хэмжээтэй бөгөөд ийм харьцаатай дагуул нарны аймгийн бусад гарагуудад бараг байдаггүй. Дэлхий, Сар хоёр үнэндээ хоорондоо байрлах нийтлэг таталцлын төв буюу барицентрийг тойрон эргэдэг. Одоогоор энэ төв Дэлхийн дотор байрладаг тул албан ёсоор "хос гараг" гэж ангилаагүй ч ирээдүйд энэ ойлголт өөрчлөгдөх боломжтой гэж эрдэмтэд үздэг.
Хүн төрөлхтөн Сар дээр зөвхөн мөрөө үлдээгээгүй. Одоогийн байдлаар тэнд ойролцоогоор 181 мянга гаруй килограмм хиймэл эд зүйлс байгаа гэж тооцоолдог. Үүнд Аполло хөтөлбөрийн тоног төхөөрөмж, сарны роверууд, шинжлэх ухааны багажууд, сансрын аппаратууд болон төрөл бүрийн туршилтын төхөөрөмжүүд багтдаг. Эдгээрийн ихэнхийг зориуд орхиогүй бөгөөд жингээ хэмнэх шаардлагаас болж буцахдаа үлдээсэн байдаг.
Алдарт геологич, одон оронч Южин "Жин" Шумейкер насан туршдаа Сар дээр очихыг мөрөөдсөн ч эрүүл мэндийн шалтгаанаар сансрын нисэгч болж чадаагүй юм. Түүнийг 1997 онд нас барсны дараа NASA түүний хүслийг биелүүлж, үнсийг нь 1998 онд “Lunar Prospector” сансрын аппаратаар Сар руу илгээжээ. Ингэснээр тэрээр Сар дээр оршуулсан цорын ганц хүн болсон бөгөөд түүний үнс өнөөдөр ч сарны тоостой хамт оршсоор байна.
Зарим хиймэл дагуулын зурагт дөрвөлжин байгууламж, өндөр багана, бүр аварга цайз мэт дүрсүүд харагддаг гэж хуйвалдааны онолыг дэмжигчид үздэг. Тэдгээрийг эртний харь гаргийн соёл иргэншлийн ул мөр гэж тайлбарлах нь бий. Харин эрдэмтдийн үзэж буйгаар эдгээр нь гэрэл, сүүдрийн хуурмаг дүрслэл, дүрс боловсруулалтын алдаа эсвэл байгалийн чулуулгийн тогтоц бөгөөд ийм таамгийг батлах нотолгоо одоогоор байхгүй.
Сарны тоос маш нарийн ширхэгтэй боловч ирмэг нь шил мэт хурц байдаг. Ийм бүтэцтэй учраас сансрын хамгаалалтын хувцас, тоног төхөөрөмжийг маш хурдан элэгдүүлж, бүх жижиг завсраар нэвтэрдэг байна. Аполло хөтөлбөрийн сансрын нисэгчид сарны тоосыг амьсгалсны дараа хамар, хоолой цочирч, харшилтай төстэй шинж тэмдэг илэрч байсан тухай дурдсан байдаг. Тэд мөн сарны тоос шатсан дарины үнэртэй байсан гэж ярьжээ.
Сарны таталцал Дэлхийнхээс зургаа дахин бага боловч тэнд алхах нь огтхон ч амар биш. Хүнд жинтэй сансрын хамгаалалтын хувцас, зузаан сарны тоос, хөдөлгөөний инерц зэргээс шалтгаалан сансрын нисэгчид чиглэлээ хурдан өөрчилж чаддаггүй байв. Илүү хурдан явахын тулд тэд имж шиг үсэрч хөдөлдөг байсан бөгөөд олон тооны тогоо, хад чулуу энэ хөдөлгөөнийг улам эрсдэлтэй болгож байжээ.
Сарны үүсэл өнөөдөр ч бүрэн тайлагдаагүй хэвээр байна. Олон онол байдгаас хамгийн өргөн хүлээн зөвшөөрөгдсөн нь Аварга мөргөлдөөний онол юм. Энэ онолоор Ангараг гарагтай ойролцоо хэмжээтэй Тейя нэртэй прото гараг эртний Дэлхийтэй мөргөлдөж, мөргөлдөөний дараа үүссэн асар их хэмжээний чулуулгийн хэлтэрхий аажмаар нийлэн өнөөгийн Сарыг бий болгосон гэж үздэг.
Бүтэн сартай үед хүмүүс муу унтдаг гэх яриа олон зуун жилийн туршид байсаар ирсэн. Швейцарийн Базелийн их сургуулийн хийсэн судалгаагаар бүтэн сарны үеэр хүмүүсийн гүн нойр багасаж, унтах хугацаа уртасдаг болохыг тогтоожээ. Харин бүтэн сар хүний зан авирыг өөрчилдөг гэсэн ойлголтыг батлах хангалттай шинжлэх ухааны нотолгоо одоогоор байхгүй байна.
Сар атмосфергүй учраас гэрэл сарних боломжгүй байдаг. Үүний улмаас Сар дээрх сүүдэр маш гүн хар өнгөтэй бөгөөд сансрын нисэгчид өөрсдийнхөө хөлийг хүртэл харах боломжгүй байсан тухай тэмдэглэсэн байдаг. Зарим тохиолдолд сүүдрийн эргэн тойронд гэрэлт цагираг үүсдэг бөгөөд энэ нь оппозицийн эффект (Opposition Effect) хэмээх гэрлийн үзэгдлээр тайлбарлагддаг.
Өнөөдөр Сар бараг соронзон оронгүй боловч Аполло хөтөлбөрийн үеэр авчирсан зарим сарны чулуу хүчтэй соронзон шинжтэй байсан нь эрдэмтдийг гайхшруулсан юм. Энэ нь Сар эрт үед өөрийн гэсэн соронзон оронтой байсныг илтгэдэг. Гэвч тэрхүү соронзон орон яагаад алга болсон талаар өнөөдөр хүртэл тодорхой хариулт байхгүй бөгөөд зарим эрдэмтэд цөмийн идэвх сулрасантай, нөгөө хэсэг нь аварга солирын олон удаагийн мөргөлдөөнтэй холбоотой гэж үздэг.