Афганистан – Эрх чөлөө нь бараг үгүй болсон

2021 онд эрх баригчид солигдсоноос хойш эмэгтэйчүүдийн эрх хамгийн их хязгаарлагдсан орны нэг болсон. Охидын дунд болон их дээд боловсролд суралцах боломж үндсэндээ хаагдаж, олон эмэгтэй ажил хөдөлмөр эрхлэх, ганцаараа зорчих, олон нийтийн амьдралд оролцох эрхээ алдсан. Олон улсын байгууллагууд Афганистаныг эмэгтэйчүүдийн эрхийн нөхцөлөөр дэлхийн хамгийн муу орноор үнэлсээр байна

Судан – Иргэний дайны хамгийн том хохирогчид

2023 оноос үргэлжилж буй иргэний дайны улмаас сая сая хүн дүрвэж, эмэгтэйчүүд бэлгийн хүчирхийлэл, хүнсний хомсдол, эрүүл мэндийн үйлчилгээний дутагдалд хамгийн их өртөж байна. Олон гэр бүл амьд үлдэхийн төлөө дүрвэгсдийн хуаранд амьдарч байгаа нь нөхцөл байдлыг улам хүндрүүлжээ.

Йемен – Дайнаас болж амьдрал нь сүйрсэн

Арван жил үргэлжилсэн мөргөлдөөний улмаас Йемен дэлхийн хамгийн том хүмүүнлэгийн хямралуудын нэгтэй нүүр тулж байна. Олон эмэгтэй эрүүл мэндийн үйлчилгээ авч чаддаггүй бөгөөд өлсгөлөн, цэвэр усны хомсдол өдөр тутмын амьдралын нэг хэсэг болсон

Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс – Бэлгийн хүчирхийллийн гол бай

Конгогийн зүүн хэсэгт үргэлжилж буй зэвсэгт мөргөлдөөний улмаас эмэгтэйчүүд хамгийн их хохирдог. Бэлгийн хүчирхийллийг дайны зэвсэг болгон ашиглах тохиолдол олон улсын байгууллагуудын тайланд тогтмол дурдагддаг бөгөөд олон мянган эмэгтэй сэтгэл санаа, бие махбодын ноцтой хохирол амсдаг.

Сомали – Терроризм ба ядуурлын давхар дарамт

Тогтворгүй байдал, терроризм, ган гачиг, ядуурал зэрэг олон хүчин зүйл эмэгтэйчүүдийн амьдралыг улам хүндрүүлдэг. Эрүүл мэндийн үйлчилгээ хязгаарлагдмал, эхийн эндэгдэл өндөр хэвээр байгаа нь томоохон асуудал юм

Чад – Бага насны гэрлэлт хэвийн үзэгдэл

Дэлхийн хамгийн ядуу орнуудын нэг болох Чадад олон охин 18 нас хүрэхээсээ өмнө гэрлэдэг. Боловсролын хүртээмж муу, эхийн эндэгдэл өндөр, эмэгтэйчүүдийн эдийн засгийн боломж маш хязгаарлагдмал хэвээр байна

Мали – Уламжлал эрхээс дээгүүр

Малид зэвсэгт мөргөлдөөнөөс гадна уламжлалт ёс заншил эмэгтэйчүүдийн эрхийг хязгаарлах тохиолдол олон байдаг. Зарим бүс нутагт бага насны гэрлэлт, эмэгтэйчүүдийн бэлэг эрхтнийг тайрах зан үйл үргэлжилсээр байна.

Ирак – Тогтворгүй байдал арилаагүй

Сүүлийн жилүүдэд нөхцөл байдал тодорхой хэмжээгээр сайжирсан ч зарим бүс нутагт аюулгүй байдлын эрсдэл өндөр хэвээр байна. Эмэгтэйчүүдийн улс төр, эдийн засгийн оролцоо нэмэгдэж байгаа ч хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалтын асуудал бүрэн шийдэгдээгүй байна.

Пакистан – Жендэрийн тэгш бус байдал хэвээр

Хот суурин газруудад эмэгтэйчүүдийн боломж нэмэгдэж байгаа ч алслагдсан бүсүүдэд гэр бүлийн хүчирхийлэл, "нэр төрийн аллага", боловсролын хүртээмжийн ялгаа зэрэг асуудал байсаар байна.

Гаити – Гэмт бүлэглэлүүдийн айдас

Сүүлийн жилүүдэд Гаитид гэмт бүлэглэлүүдийн хяналт эрс нэмэгдэж, эмэгтэйчүүд хулгай, хүчирхийлэл, бэлгийн халдлагад өртөх эрсдэл эрс өссөн. Улс төрийн тогтворгүй байдал, эдийн засгийн уналт энэ нөхцөл байдлыг улам дордуулж байна