Вакуум орчин хүний биед хамгийн түрүүнд хүчилтөрөгчийн дутагдал үүсгэдэг

Сансрын уудамд хамгаалалтын хувцасгүй гармагц хүний бие шууд дэлбэрдэггүй. Учир нь арьс нь дотоод эрхтнийг барьж чаддаг. Харин хамгийн том аюул нь даралт огцом алдагдаж, хүчилтөрөгчгүй болох явдал юм. Сансрын хувцас нь уушгийг хүчилтөрөгчөөр хангах, биеийн гаднах даралтыг тогтвортой байлгах, мөн биеийн шингэнийг буцалж ууршихаас хамгаалах үндсэн үүрэгтэй. Даралт маш бага орчинд хэл, нүд болон биеийн эд эсийн чийг хурдан ууршиж эхэлдэг бөгөөд цусан дахь хүчилтөрөгч уушгиар дамжин богино хугацаанд алдагдана. Үүний улмаас хүн 10–15 секундын дараа ухаан алдаж, хэрэв 60–90 секундын дотор даралттай орчинд буцааж чадвал аврах боломжтой байдаг.

Ангараг дээр хүн ердөө хэдхэн секундийн дараа ухаан алдана

Ангарагийг ирээдүйд хүн суурьших хамгийн боломжтой гараг гэж үздэг ч түүний агаар мандал хүний амьдралд тохиромжгүй. Агаарын ихэнх хэсгийг нүүрстөрөгчийн давхар исэл эзэлдэг бөгөөд даралт нь дэлхийнхээс 160 дахин бага тул бараг вакуумтай адил орчин бүрдүүлдэг. Ийм нөхцөлд хүн дуулгагүйгээр Ангарагийн гадаргуу дээр гарвал ойролцоогоор 10 секундын дараа ухаан алдаж, 1–2 минутын дараа тархинд эргэлт буцалтгүй гэмтэл үүсэх эрсдэлтэй. Харин өдөр экваторын бүсэд +27 хэм хүрдэг ч шөнөдөө -70 хэм хүртэл хүйтэрдэг тул хөлдөхөөсөө өмнө хүчилтөрөгчийн дутагдалд орно.

Буд гараг дээр амьд үлдэх боломж бараг үгүй

Буд гараг бараг агаар мандалгүй учраас нар туссан талдаа маш халуун, харин сүүдэртэй хэсэгтээ -180 хэм хүртэл хүйтэрдэг. Өдөр, шөнийн заагт температур хэсэг хугацаанд тэсвэрлэхүйц байдаг ч хүний бие даралтгүй орчинд ердөө 10–15 секундийн дараа ухаан алддаг тул Ангарагтай төстэй нөхцөл үүснэ.

Хийн аварга гарагууд дээр хатуу газар ч байдаггүй

Бархасбадь, Санчир болон бусад хийн аварга гарагууд хатуу гадаргуутай биш. Хэрэв хүн тэнд очвол үүлэн давхаргаар тасралтгүй доош унаж эхлэх бөгөөд амьсгалах агаар байхгүйгээс гадна температур маш бага, даралт улам бүр нэмэгдэнэ. Ингэснээр хүчилтөрөгчийн дутагдал, хүйтэн орчин болон асар их даралт зэрэг нь хүний биед зэрэг нөлөөлж, амьд үлдэх ямар ч боломж үлдээхгүй.

Сугар гарагийн үүлэн давхарга хамгийн гайхалтай боломжийг санал болгодог

Сугар гарагийн гадаргуу +465 хэмийн халуун, дэлхийнхээс 90 дахин их даралттай учраас ямар ч амьд биет хэдхэн секундын дотор сүйрнэ. Гэвч гадаргуугаас 50–55 километрийн өндөрт байдал огт өөр байдаг. Тэнд даралт нь дэлхийнхтэй ойролцоо, температур нь +20–37 хэмийн хооронд байдаг тул хүний бие вакуумын нөлөөнд өртөхгүй. Гэсэн хэдий ч агаар нь нүүрстөрөгчийн давхар исэл болон хүхрийн хүчлийн жижиг дуслуудаас бүрддэг учраас амьсгалж болохгүй. Онолын хувьд нүдээ аниад, амьсгалаа түгжсэн хүн ойролцоогоор нэг минут орчим ухаантай байж болохыг судлаачид үзжээ.

Хамгийн удаан амьд үлдэх боломжтой газар нь санаанд оромгүйгээр Сугар гарагийн тэнгэр юм

Хэрэв зөвхөн хатуу гадаргууг авч үзвэл Ангараг гараг хүний хувьд хамгийн удаан тэсэж болох орчинтой. Харин бүх боломжит орчныг хамтатган харвал Сугар гарагийн 50–55 километрийн өндөрт орших үүлэн давхарга хамгийн "аюул багатай" бүс болж байна. Энэ нь гадаргуу нь хамгийн халуун, хамгийн хатуу нөхцөлтэй Сугар гараг хүртэл тодорхой өндөрлөг дээрээ Ангарагаас илүү амьд үлдэх боломжтой орчинтой байдгийг харуулсан сансар судлалын хамгийн сонирхолтой дүгнэлтүүдийн нэг юм.