Газрын гүн дэх температур гаднах орчноос илүү тогтвортой байдаг. Тиймээс халуун бүсийн хүмүүс хад, хөрсийг ашиглан сэрүүн сууц байгуулдаг байжээ. Турк, Грек, Тунис зэрэг газарт ийм сууц олон байдаг. Тунисын Матмата хотын газрын хөрсөнд ухсан байшингуудын зарим нь 18 метр хүртэл гүн бөгөөд өвөрмөц төрх нь “Оддын дайн” киноны зураг авалтад ч ашиглагдсан байна.
Халуун орнуудад байшингийн төв хэсэгт задгай хашаа байгуулж, голд нь усан оргилуур эсвэл жижиг усан сан байрлуулах уламжлал эртнээс бий болжээ. Байшинг тойрсон сүүдрэвч, галерей нь нарны шууд тусгалаас хамгаална. Ургамал, мод ч мөн адил сүүдэр бий болгоно. Харин ус уурших үед орчны агаарыг тодорхой хэмжээгээр хөргөж, чийгшүүлдэг. Үүний зэрэгцээ хашаа болон байшингийн хооронд үүсэх агаарын хөдөлгөөн нь байгалийн агааржуулалтыг бий болгоно. Энэ зарчим эртний Грек, Ромын архитектураас эхлэн хөгжиж, хожим Араб, Османы архитектурт өргөн хэрэглэгдсэн. Испани, Марокко, Тунис, Египет, Турк зэрэг орны уламжлалт байшингуудаас ийм шийдлийг өнөөдөр ч харж болно.
Халуун нарнаас хамгаалах хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй арга бол сүүдэр бий болгох юм. Эртний Египетэд задгай талбайг зэгс, даавуу болон бусад материалаар халхалж, нарны шууд тусгалыг багасгадаг байжээ. Харин Ромын эзэнт гүрний үед энэ санаа асар том хэмжээнд хүрсэн байна. Колизейд олон мянган үзэгчийг нарны халуунаас хамгаалахын тулд велариум хэмээх асар том даавуун халхавч ашигладаг байв. Гудамжны худалдаачид ч жижиг халхавч, шүхэр хэрэглэдэг байсан. Өнөөдөр энэ энгийн санаа кафе, ресторан, зах, худалдааны талбай болон орчин үеийн барилгын фасадын шийдэлд өргөн ашиглагдсаар байна.
Халуун бүсийн архитектурт цонхыг бүрэн хаахгүйгээр нарны хурц гэрлийг багасгахын тулд нарийн хээтэй торон хаалт ашигладаг байжээ. Машрабия, панджар зэрэг ийм хаалтыг мод, гипс болон бусад материалаар хийж, цонхны гадна байрлуулдаг. Торон бүтэц нь нарны шууд тусгалыг тасалж, сүүдэр үүсгэхийн зэрэгцээ агаарыг нэвтрүүлдэг. Зарим тохиолдолд өнгөт шил ашиглан гоёмсог цонх хийдэг байв. Энэ уламжлалт санаа орчин үеийн архитектурт ч шинэ хэлбэрээр нэвтэрсэн. Жишээлбэл, Абу-Дабигийн Al Bahar Towers цамхагийн гадна фасад нь нарны байрлалаас хамааран нээгдэж, хаагддаг хөдөлгөөнт бүрхүүлтэй. Өөрөөр хэлбэл, эртний сүүдрэвчийн зарчмыг орчин үеийн технологитой хослуулжээ.
Месопотами болон өнөөгийн Туркийн Харран орчимд хүмүүс олон мянган жилийн өмнөөс зөгийн үүртэй төстэй конус хэлбэрийн байшин барьж иржээ. Зузаан шавар хана нь нарны халууныг дотогш нэвтрүүлэхийг удаашруулж, дээврийн жижиг нүхээр халсан агаар гадагшилдаг байв. Ингэснээр цахилгаангүй үед ч дотор орчин харьцангуй сэрүүн байдаг байжээ.
Халуун бүс нутгийн хотуудад худалдаа наймааг өдрийн халуунд ч үргэлжлүүлэхийн тулд гудамж, захуудыг дээвэртэй болгож байжээ. Торгоны замын дагуух хотуудад худалдааны гудамжны дээгүүр бөмбөгөр болон нуман дээвэр барьснаар нарны шууд тусгалыг хааж, явган зорчигчдод сүүдэртэй орчин бий болгосон байна. Ийм захын уулзвар хэсэгт усан оргилуур, сүм, хоолны газар зэрэг нийтийн орон зай байрладаг байв. Ингэснээр хүмүүс хамгийн халуун цагт ч худалдаа хийх, амрах боломжтой байжээ. Бухар, Стамбул, Дамаск, Багдад, Иерусалим, Исфахан зэрэг хотуудын уламжлалт зах, гудамжууд энэ архитектурын шийдлийг өнөөг хүртэл хадгалсан байдаг.
Халуун, хуурай бүс нутгийн уламжлалт барилгад түүхий шавар тоосго буюу саман өргөн ашиглагддаг байв. Үүнийг шавар, сүрэл, ус зэрэг энгийн материалаар хийж, нарны гэрэлд хатаадаг. Ийм ханын гол давуу тал нь дулааныг удаан дамжуулдагт оршино. Өдрийн халуунд зузаан хана нарны дулааныг шингээж, дотор орон зайд шууд нэвтрэхийг удаашруулна. Харин шөнө аажмаар хөрдөг. Тиймээс Саудын Араб, Йемен, Иран болон Төв Азийн хуурай бүс нутгуудад шавар байшин, цайз олон зуун жил оршин тогтножээ. Чулуугаар барьсан зузаан хана ч мөн адил үүрэгтэй. Зарим уламжлалт барилгын хана 70 сантиметрээс 1 метр хүртэл зузаан байсан нь доторх температурыг тогтвортой байлгахад тусалдаг байв.
Цахилгаангүй үед барилгыг хөргөх хамгийн гайхалтай инженерийн шийдлүүдийн нэг бол Ираны бадгир буюу салхи баригч цамхаг юм. Барилгын дээвэр дээр өндөр цамхаг босгож, дотор нь босоо агаарын сувгууд гаргана. Салхи цамхагт орж ирэхэд сэрүүн агаарыг байшин руу чиглүүлж, доторх халсан агаарыг өөр сувгаар гадагшлуулах боломжтой. Ингэснээр цахилгаан сэнсгүйгээр байгалийн агаарын урсгалаар барилгыг хөргөнө. Ираны Йезд, Кашан, Керман зэрэг хотуудад ийм цамхагуудыг олон зуун жилийн турш ашиглаж ирсэн бөгөөд өнөөдөр ч тэдгээр нь эрчим хүчний хэмнэлттэй архитектурын жишээ болсоор байна.
Халуун цөлд ус хамгийн үнэ цэнтэй нөөцийн нэг. Тиймээс эртний иранчууд уулын усыг газар доогуур олон километр дамжуулах кяриз хэмээх системийг бүтээжээ. Газар доогуур урсдаг ус нарны шууд тусгалд өртдөггүй тул сэрүүн хэвээр хадгалагдана. Мөн энэ ус болон газар доорх сувгууд нь орчны агаарыг хөргөхөд тусалдаг байв. Ийнхүү кяриз нь зөвхөн ус дамжуулах систем биш, халуун бүсийн амьдралын орчныг сэрүүн байлгахад тусалдаг ухаалаг инженерийн шийдэл болжээ.
Эртний хүмүүс зөвхөн өөрсдийгөө сэрүүцүүлэхээс гадна ус, мөс, хүнсээ удаан хугацаанд хадгалах аргыг олсон байв. Ираны яхчал нь гаднаасаа том шавар бөмбөгөр байгууламж мэт харагддаг ч дотор нь газар доорх гүн агуулахтай. Өвлийн хүйтэн үед ус хөлдөөж, мөсийг зузаан ханатай агуулахад хадгалдаг байжээ. Газар доорх сэрүүн орчин, зузаан шавар хана болон зөв зохион байгуулсан агаарын урсгалын ачаар мөсийг зуны халуунд ч удаан хадгалж чаддаг байсан байна. Харин сардоба нь Төв Ази болон Ойрх Дорнодын хуурай бүс нутагт ус хадгалах зориулалттай байгууламж юм.