Ричард Гир, Синди Кроуфорд нар 1988 онд алдарт гэрэл зурагчин Херб Риттс (Herb Ritts)-ийн гэрт болсон барбекю үдэшлэгээр танилцжээ. Тэр үед 21 настай Синди Нью-Йоркт загварын карьераа эхлүүлж байсан бол 38 настай Ричард аль хэдийн Холливудын томоохон од болсон байв. Тэдний насны зөрүү 17 жил байсан ч энэ нь эхэндээ хайр дурлалд нь саад болсонгүй. Хос удалгүй олны анхаарлыг татаж эхэлсэн юм.
1991 оны «Оскар»-ын улаан хивсний ёслол дээр хос хамтдаа гарч ирэхэд бүхний харц Синди рүү чиглэжээ.Тэр орой супермодель “Versace”-ийн тод улаан, гүн энгэртэй, өндөр оноотой даашинз өмссөн байв. Энэхүү төрх нь 1990-ээд оны хамгийн мартагдашгүй улаан хивсний дүр төрхүүдийн нэг болж, Синди Кроуфордын нэрийн хуудас болсон юм. Олон жилийн дараа тэр алдарт даашинзныхаа шинэ хувилбарыг дахин өмсөж, 1990-ээд оны дүр төрхөө санагдуулсан билээ.
Тэдний хурим Холливудын тансаг хуримуудаас эрс ялгаатай байлаа. Хэдэн жил үерхсэний дараа Синди «Бид ер нь гэрлэх юм уу?» гэж асуухад Ричард «Өнөө орой Вегас руу явцгаая» хэмээн хариулсан гэдэг. Ингээд тэд Лас-Вегаст маш нууцлаг, энгийн хурим хийжээ. Синди хуримын даашинз ч өмсөөгүй, харин Armani-ийн хар хөх өнгийн хослол өмссөн байна. Бөгж нь хүртэл тугалган цаасаар хийгдсэн гэх хөгжилтэй түүхтэй.
Гэрлэсний дараа ч тэднийг удахгүй сална гэсэн цуурхал тасарсангүй. 1994 онд хосууд Британийн “The Times” сонинд төлбөртэй мэдэгдэл нийтэлж, бие биедээ үнэнч, хамтын амьдралдаа нухацтай хандаж байгаагаа зарлажээ. Гэвч энэ нь удаан үргэлжилсэнгүй. Жилийн дараа тэд салж байгаагаа мэдэгдэж, 1995 онд дөрвөн жилийн гэрлэлтээ албан ёсоор цуцлуулсан байна.
Салснаас олон жилийн дараа Синди харилцааныхаа талаар илүү нээлттэй ярьсан юм. Түүний хэлснээр насны зөрүү тодорхой хэмжээгээр нөлөөлсөн байна. Синди гэрлэх үедээ амьдралаас юу хүсэж байгаагаа дөнгөж ойлгож эхэлж байсан бол Ричард аль хэдийн дэлхий даяар танигдсан од байжээ. Тэр эхэндээ нөхрийнхөө амьдралд зохицохыг хичээсэн ч хожим өөрийн гэсэн замаар явж, адил тэгш хамтрагч байхыг хүсэж байгаагаа ойлгосон байна. Үүн дээр хоёрын завгүй ажлын хуваарь, хэвлэлийн байнгын дарамт нэмэгдсэнээр харилцаагаа хадгалах улам хэцүү болжээ.
Салсны дараа Синди Кроуфорд бизнес эрхлэгч Рэнди Гербер (Rande Gerber)-тэй гэрлэж, хоёр хүүхэдтэй болсон. Тэдний охин Кайя Гербер (Kaia Gerber) ээжийнхээ загварын замыг үргэлжлүүлээд зогсохгүй жүжигчний карьераа эхлүүлжээ. Харин хүү Пресли Гербер (Presley Gerber) загварын салбарт ажилладаг. Ричард Гир жүжигчин Кэри Лоуэлл (Carey Lowell)-тэй гэрлэж, тэдний хүү Хомер Гир (Homer Gere) төрсөн. Дараа нь Гир Испанийн зохиолч, идэвхтэн Алехандра Силва (Alejandra Silva)-тай гэрлэсэн бөгөөд тэд хоёр хүүхэдтэй.
Ричард Гир, Синди Кроуфордын хайр дурлалын түүхээс хойш хэдэн арван жил өнгөрсөн ч тэдний нэр 2026 онд дахин зэрэгцэн гарч ирлээ. Синдигийн охин Кайя Гербер болон Ричардын хүү Хомер Гир нар Райан Мерфигийн шинэ «The Shards» цувралд хамтран тоглож байна. Сонирхолтой нь тэд зураг авалт эхлэхээс өмнө бараг танил биш байсан ч хамт ажиллах явцдаа сайн найзууд болжээ. Кайя Хомерийг хөгжилтэй, хамтран ажиллахад маш таатай жүжигчин хэмээн магтсан байна. Ингээд нэгэн цагт Холливудын хамгийн алдартай хосуудын нэг байсан Ричард Гир, Синди Кроуфод нарын хайр дурлалын түүх олон жилийн дараа тэдний хүүхдүүдээр дамжин дахин олны анхаарлыг татаж байна.