Шинэ Зеландын Өмнөд арлын баруун эрэгт орших Хуушуурын хад нь нэг нэгнийхээ дээр давхарласан мянга мянган чулуун хавтангаас бүрддэг. Алсаас харахад аварга хүн хуушуур овоолсон мэт. Эдгээр хад ойролцоогоор 30 сая жилийн өмнө эртний далайн ёроолд үүссэн бөгөөд салхи, бороо, далайн давалгаа олон сая жилийн турш элээсээр өнөөгийн өвөрмөц хэлбэрийг бий болгожээ. Далайн түрлэгийн үеэр давалгаа хадны завсраар хүчтэй цохилж, усан оргилуур мэт цацардаг.
Канадын Саскачеван мужид их бие нь ороомог мэт мушгирч, гогцоо үүсгэн ургасан улиас моддын ер бусын төгөл бий. Нутгийнхан үүнийг “бүжиглэж буй модод” гэж нэрлэдэг. Эрдэмтэд энэ үзэгдлийн шалтгааныг бүрэн тогтоогоогүй байна. Генетикийн өөрчлөлт, хөрсний онцлог, газрын доорх ус, хүчтэй салхи зэрэг олон таамаг бий. Хамгийн сонирхолтой нь ийм хэлбэрийн модод зөвхөн улиасны дунд ажиглагддаг.
Сахарын цөлд орших Цагаан цөл анх харахад цасаар хучигдсан мэт. Гэвч эндхийн цагаан өнгө нь эртний далайн үлдээсэн шохой, шохойн чулуунаас үүсжээ. Салхи олон мянган жилийн турш эдгээр зөөлөн чулуулгийг элээснээр аварга мөөг, багана, конус болон үлгэрийн амьтадтай төстэй дүрсүүд бий болсон байна. Нар жаргах үед чулуулаг нь ягаан, алтлаг өнгөөр туяарч, шөнийн одтой тэнгэрийн дор бүр ч гайхалтай харагддаг.
Энэтхэгийн далайд орших Сокотра арлуудыг дэлхийн хамгийн “харь гарагийн” төрхтэй газруудын нэг гэдэг. Олон сая жилийн турш тусгаарлагдсан тул эндхийн ургамлын ертөнц маш өвөрмөц болжээ.Арлын бэлгэ тэмдэг болсон лууны цусны мод нь асар том шүхэр шиг титэмтэй. Мөн эндхийн ургамлын олон төрөл зөвхөн Сокотрад ургадаг. Цагаан элсэн манхан, оюу өнгийн нуур, шохойн чулуун агуй, хачирхалтай модод нийлээд өөр ертөнцийн дүр зургийг бий болгоно.
Чилийн хойд хэсэгт орших Атакама бол дэлхийн хамгийн хуурай газруудын нэг. Зарим хэсэгт нь олон арван жил бороо бараг ордоггүй бөгөөд хөрсний бүтэц нь Ангараг гарагийн хөрстэй төстэй. Тиймээс энд сансрын судалгааны байгууллагууд Ангараг гараг дээр ажиллах төхөөрөмж, технологио туршдаг. Гэхдээ Атакама зөвхөн эзгүй цөл биш. Өнгө өнгийн давст нуур, асар том давст тал, өвөрмөц хад чулуу, улаан хүрэн уулс бий. Ховор борооны дараа цөл гэнэт олон мянган цэцгээр бүрхэгддэг. Мөн тэнгэр нь маш цэлмэг тул дэлхийн хамгийн том одон орны ажиглалтын газруудын зарим нь энд байрладаг.
Турк хэлээр “хөвөн цайз” гэсэн утгатай Памуккале нь уулын энгэрээр давхарлан тогтсон цагаан дэнжүүдээрээ алдартай. Кальциар баялаг халуун рашааны ус олон мянган жилийн турш урсахдаа цагаан травертин хуримтлуулж, байгалийн шаталсан усан сангуудыг бий болгожээ. Дээрээс нь харахад хөлдсөн хүрхрээ эсвэл цасан уул шиг харагдана. Ойролцоох эртний Иераполис хотын туурь нь энэхүү байгалийн гайхамшгийг улам сонирхолтой болгодог.
Мексикийн Чиуауа мужийн Найка уурхайд 2000 онд уурхайчид аварга талстуудаар дүүрсэн гайхамшигт агуйг илрүүлжээ. Эндхийн селенит талстуудын зарим нь 12 метр хүртэл урт, хэдэн арван тонн жинтэй. Тэд агуйн дотор аварга мөсөн багана мэт сүндэрлэдэг. Гэвч агуйд 58°C орчим халуун, чийгшил бараг 100 хувь байдаг тул хүн тусгай хамгаалалтгүйгээр удаан байж чаддаггүй. Талстуудыг хамгаалахын тулд агуйг дахин усаар дүүргэсэн байна.
Хятадын Хунань мужийн Жанжяжэд олон мянган аварга чулуун багана тэнгэр өөд сүндэрлэнэ. Зарим нь 200 метр хүртэл өндөр бөгөөд орой нь өтгөн ойгоор бүрхэгдсэн байдаг. Манан уулсын дунд хөвөх үед эдгээр хад агаарт дүүжилсэн мэт харагдана. Олон сая жилийн турш салхи, ус, температурын өөрчлөлт чулуулгийг элээснээр өнөөгийн өвөрмөц тогтоц бий болжээ. Энэхүү газар нь Жеймс Кэмероны “Аватар” киноны Пандора гаригийн уулсыг бүтээхэд урам зориг өгсөн гэдгээрээ дэлхий даяар алдартай болсон.
Филиппиний Бохол арал дээр 1200–1800 орчим конус хэлбэрийн толгод тархан оршдог. Ихэнх нь 30–50 метр өндөр бөгөөд хоорондоо тун төстэй хэлбэртэй. Хуурай улиралд толгодын ногоон өвс борлон шоколадны өнгөтэй болдог тул “Шоколадан толгодууд” гэж нэрлэжээ. Эрдэмтэд эдгээрийг шохойн чулууны элэгдлээс үүссэн гэж үздэг бол нутгийн домогт хоёр аваргын тэмцлээс үүссэн гэх мэт романтик түүхүүд өгүүлдэг.
Тайванийн хойд эрэгт орших Елиүгийн геологийн цэцэрлэгт хүрээлэн бол байгаль өөрөө бүтээсэн уран баримлын галерей юм. Салхи, давалгаа, бороо олон мянган жилийн турш чулуулгийг элээснээр мөөг, лаа, дупү зэрэгтэй төстэй олон арван хачирхалтай хэлбэр бий болжээ. Хамгийн алдартай нь “Хатан хааны толгой” хэмээх хад юм. Эмэгтэй хүний нүүртэй төстэй энэ чулуу хүний гараар бүтсэн мэт харагддаг. Гэвч далайн элэгдэл үргэлжилсээр байгаа тул түүний нарийхан “хүзүү” хэзээ нэгэн цагт хугарах эрсдэлтэй.