1945 онд АНУ Нью-Мексикод анхны цөмийн бөмбөгөө туршсанаас хойш дэлхийн улс орнууд олон мянган туршилт хийсэн. Зөвхөн зэвсгийн хүчийг шалгаад зогсохгүй цацраг хүний бие болон байгаль орчинд хэрхэн нөлөөлөхийг судалж байжээ. Хамгийн аймшигтай нь эдгээр туршилтын ойролцоо байсан хүмүүс ихэнхдээ ямар аюултай зүйл болж байгааг огт мэддэггүй байсан явдал юм.
1946–1962 онд АНУ агаар мандалд ойролцоогоор 200 удаагийн цөмийн туршилт хийжээ. Эдгээрт 225 мянга орчим цэргийн алба хаагч оролцсон байна. Албан ёсоор тэд сургуулилалт, ажиглалтад оролцож байсан боловч бодит байдал дээр цацрагийн нөлөөг судлах туршилтын объект болсон тохиолдол олон байв. Цэргүүдийг дэлбэрэлтийн голомтоос хэдхэн километрийн зайд шуудуунд байрлуулж, дэлбэрэлтийн дараа голомт руу маршлуулдаг байжээ. Тэдэнд цацрагийн аюулыг багасгаж ойлгуулахын тулд айх хэрэггүй хэмээн итгүүлдэг байсан байна.
Туршилтад оролцсон цэргүүд нууц задруулахгүй байх гэрээнд гарын үсэг зурдаг байв. Зөрчсөн тохиолдолд 10 мянган долларын торгууль эсвэл 10-аас дээш жилийн хорих ял авах эрсдэлтэй байжээ. Иймээс хэдэн арван жилийн дараа хорт хавдар болон бусад өвчин туссан ч тэд өвчнөө цөмийн туршилттай холбон ярих боломжгүй байв. АНУ нөхөн олговрын тухай хуулийг 1990 онд буюу анхны туршилтуудаас 40 гаруй жилийн дараа баталсан байна.
1946 онд Маршаллын арлуудын Бикини шүрэн арлын 167 оршин суугчийг эх нутгаас нь нүүлгэн шилжүүлжээ. Тэдэнд энэ нь “хүн төрөлхтний сайн сайхны төлөө” хийгдэж байгаа бөгөөд туршилт дуусмагц буцааж авчирна гэж хэлсэн байна. Гэвч тэднийг аваачсан Ронгерик шүрэн арал амьдрахад тун хүнд газар байв. Хөрс нь тариалан эрхлэхэд тохиромжгүй, загас нь хүнсэнд хэрэглэхэд аюултай байжээ. Бикинийн оршин суугчид эх нутагтаа хэзээ ч хэвийн амьдралаар эргэн ирж чадсангүй.
1954 оны 3-р сарын 1-нд Бикини шүрэн аралд АНУ “Касл Браво” хэмээх устөрөгчийн бөмбөг туршжээ. Дэлбэрэлтийн хүч 15 мегатонн хүрсэн нь тооцоолсноос гурав дахин их байв. Цацраг идэвхт үнс салхинд туугдан ойролцоох Ронгелап шүрэн аралд хүрчээ. Дэлбэрэлтээс хэдхэн цагийн дараа тэнгэрээс цагаан, нарийн нунтаг шиг зүйл орж эхэлсэн байна. Оршин суугчид энэ нь юу болохыг мэдээгүй. Хүүхдүүд түүнийг цас гэж бодон тоглож, зарим нь бүр амандаа хийж байжээ. Гэвч тэдний тоглож байсан “цас” нь цацраг идэвхт үнс байсан юм.
1949 оны 8-р сарын 29-нд ЗХУ Казахстаны Семипалатинскийн туршилтын талбайд анхны цөмийн бөмбөгөө туршжээ. Тус талбай 18 мянган км² орчим талбай эзэлж байсан бөгөөд ойролцоох тосгон, суурингуудын оршин суугчдыг бүрэн нүүлгэн шилжүүлээгүй байна. 1949–1962 онд газар болон агаарт хийсэн туршилтуудын үеэр оршин суугчид цөмийн дэлбэрэлтийн асар том “мөөг”-ийг нүдээрээ хардаг байжээ. Гэвч тэдэнд цацрагийн аюулын талаар бараг мэдээлдэггүй байсан байна.
Семипалатинскийн талбайд нийт 456 удаагийн цөмийн дэлбэрэлт хийсэн байна. Цацрагийн нөлөө тухайн үеийн хүмүүсээр дуусаагүй. Бүс нутгийн оршин суугчдын үр хүүхэд, ач зээ нарын эрүүл мэндэд ч үр дагавар нь нөлөөлсөн тухай судалгаа, баримтууд бий. Хуучин туршилтын талбайд цөмийн дэлбэрэлтийн улмаас үүссэн тогоонд ус тогтож, “Атомын нуур” хэмээн нэрлэгдэх болсон газар ч бий. 1991 оны 8-р сарын 29-нд Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев Семипалатинскийн туршилтын талбайг хаах тухай зарлигт гарын үсэг зуржээ.
Франц 1966–1996 онд Номхон далайн Муруроа болон Фангатауфа шүрэн арлуудад цөмийн туршилт хийсэн. Олон жилийн турш туршилтууд аюулгүй ажиллагааны шаардлагын дагуу явагдсан гэж албан ёсоор мэдэгдэж байв. Гэвч хожим нууц баримтууд ил болж, туршилтын цар хүрээ болон цацрагийн тархалт өмнө нь мэдээлж байснаас хавьгүй их байсныг харуулсан. 1974 онд Муруроад хийсэн туршилтын дараах цацраг идэвхт үүл Таити аралд хүрчээ. Франц нөхөн олговрын тухай хуулийг 2010 онд баталсан ч хохирлоо нотлох шаардлага өндөр байсан тул олон хүний хүсэлт хэрэгжээгүй байна.
АНУ, ЗХУ, Франц болон бусад орнуудын цөмийн туршилтын түүх өөр өөр боловч нэг нийтлэг зүйлтэй. Эхлээд туршилтыг хийсэн. Дараа нь хор уршгийг нь нуусан. Харин хохирогчдод нөхөн олговор олгох, албан ёсоор хүлээн зөвшөөрөх хүртэл хэдэн арван жил өнгөрчээ. Цөмийн туршилтын тухай ярихдаа бид ихэвчлэн мегатонн, дэлбэрэлтийн хүч, зэвсгийн технологийг боддог. Гэвч тэр тоонуудын цаана бодит хүмүүсийн амьдрал байсан.
Тиймээс 2009 онд НҮБ-аас 8-р сарын 29-нийг Цөмийн туршилтын эсрэг олон улсын өдөр болгон зарласан юм. Энэ өдөр цөмийн зэвсгийн туршилтын хор уршгийг амссан хүмүүсийн түүхийг мартахгүй байхыг дэлхий нийтэд сануулдаг. Цөмийн туршилт хэдхэн секунд үргэлжилдэг. Харин түүний үр дагавар хэдэн үеэрээ үргэлжилж болно.