2010 онд Исландын нийслэл Рейкьявик хотын захирагчаар Йон Гнарр сонгогджээ. Тэрээр уламжлалт улстөрчөөс тэс өөр, хошин өнгө аястай сонгуулийн кампанит ажил явуулсан байна. Түүний амлалтуудын дунд амьтны хүрээлэнд цагаан баавгай авчрах, олон улсын нисэх онгоцны буудлын ойролцоо жинхэнэ Диснейлэнд байгуулах зэрэг нэлээд этгээд санаа байв. Харин хамгийн алдартай нь хотын бүх усан бассейнд үнэгүй алчуур тараана гэсэн амлалт байлаа. Гэхдээ энэ нь зүгээр нэг хошигнол биш байв. 2008 оны санхүүгийн хямралын дараа Исландын иргэд уламжлалт улстөрчдийн хоосон амлалтаас залхсан байжээ. Гнаррын нам ч үүгээр дамжуулан улс төрийн популизмыг ёжилж байсан юм. Хачирхалтай нь тэрээр сонгогдсоныхоо дараа амлалтаа хэрэгжүүлэх гэж үзсэн ч хотын төсөвт алчуурт зарцуулах мөнгө хүрэлцээгүй.
Их Британийн улс төрд Лорд Бакетхед гэх этгээд дүр олон жилийн турш гарч ирсэн байдаг. Түүний хамгийн содон зүйл нь нэрнээсээ илүүтэй хувцаслалт. Тэрээр толгойдоо хувин өмсөж, Star Wars-ын Дарт Вейдерийг санагдуулам дүр төрхтэйгээр сонгуульд оролцдог. 2017 оны сонгуулийн үеэр тэрээр Их Британи дэлхийн тэнгисийн цэргийн түүхтэйгээ адил сүр хүчтэй сансрын флот байгуулна хэмээн амлажээ. Үүгээр ч зогсохгүй хилийн албан хаагчдыг лазер буугаар зэвсэглэх, дуучин Аделийг улс орны стратегийн хөрөнгө хэмээн үзэж, бүр үндэсний болгох тухай санал гаргасан байна. Мэдээж хэрэг, энэ бүхэн бодит хөтөлбөрөөс илүү улс төрийн хошигнол байв. Гэхдээ түүний сонгууль бүрт оролцдог дүр нь олны анхаарлыг тогтмол татдаг байжээ
1963 онд Алабама мужийн захирагч Жорж Уоллес улс төрийн түүхэнд үлдсэн хамгийн маргаантай мэдэгдлүүдийн нэгийг хийжээ. Тэрээр арьс өнгөөр ялгаварлан тусгаарлах бодлогыг хамгаалж, үүнийг цаашид ч хадгална гэдгээ ил тод зарласан юм. Тухайн үед АНУ-д иргэний эрхийн төлөөх тэмцэл эрчимжиж, хар арьст иргэдийн эрхийг хязгаарласан тогтолцоог халгах хөдөлгөөн хүчээ авч байлаа. Гэсэн ч Уоллес олон сонгогчийн дэмжлэгийг авч чадсан. Учир нь түүний дэмжигчдийн нэг хэсэг нь зөвхөн тусгаарлалтын бодлогыг бус, нийгмийн өөрчлөлт хэт хурдан явагдаж байгааг эсэргүүцэж байжээ. Хэдхэн жилийн дараа АНУ-ын арьс өнгөөр ялгаварлан тусгаарлах хууль эрх зүйн тогтолцоо үндсэндээ халсан. Уоллес хожим үзэл бодлоосоо татгалзаж, олон нийтээс уучлал хүссэн байна.
Америкийн улс төрийн хошигнолын хамгийн алдартай дүрүүдийн нэг бол Вермэн Суприм. Түүний гадаад төрх хүртэл сонгуулийн сурталчилгаа шиг. Тэрээр толгой дээрээ гутал өмсдөг бөгөөд илтгэлүүддээ бодит бус, санаанд багтамгүй амлалтуудыг зориудаар дэвшүүлдэг. Тухайлбал, Америкийн иргэн бүрт нэг нэг одой морь бэлэглэх санаа гаргаж байв. Мөн таталцлын хүчийг хүчингүй болгох, цаг хугацааны машин бүтээх зэрэг санааг дэвшүүлж байжээ. Гэхдээ түүний зорилго үнэхээр одой морь тараахад байгаагүй. Харин улс төрчид бодит бус амлалтаар сонгогчдыг хэрхэн татахыг ёжилж, популизмыг инээдэм болгон харуулахад оршдог байв.
Италийн улс төрийн хамгийн алдартай хүмүүсийн нэг Сильвио Берлускони сонгуулийн кампанит ажлаа ихэвчлэн энгийн боловч хүчтэй сэтгэл хөдлөл дээр тулгуурладаг байжээ. Түүний гол санаа нь Италийн улс өмнөх агуу байдлаа алдсан бөгөөд үүнийг зөвхөн тэр буцаан авчирч чадна гэсэн агуулгатай байв. Тэрээр татвар бууруулах, олон сая өндөр цалинтай ажлын байр бий болгох, эдийн засгийн өсөлтийг хурдасгах зэрэг амлалтуудыг дэвшүүлдэг байсан. Энэ төрлийн амлалтыг шалгаж, хэмжихэд амаргүй. “Алтан үе” гэж яг аль үеийг хэлж байна вэ? гэдэг нь хүн бүрт өөр хариулттай. Гэхдээ улс төрийн хувьд энэ нь маш хүчтэй арга. Тоо баримтаас илүү хүмүүсийн дурсамж, өнгөрсөн үеийн сайхан мэдрэмж, ирээдүйн итгэл найдвар дээр тоглодог.