Ядуу айлын хүүгээс худалдаачин болсон нь

Тимоти Декстер 1747 онд Америкийн ядуу тариачны гэр бүлд төржээ. Тэрээр зохих боловсрол эзэмшиж чадаагүй бөгөөд бага наснаасаа хөдөлмөр эрхлэхээс өөр аргагүй болсон байна. Найман настайдаа хүнд хүчир ажил хийж эхэлсэн Декстер 16 насандаа арьс ширний дархны шавь болжээ. Удалгүй өөрийн жижиг бизнесийг эхлүүлж чадсан байна. 22 насандаа тэр Элизабет Фротингэм хэмээх 30 настай бэлэвсэн эмэгтэйтэй гэрлэжээ. Элизабет багагүй хөрөнгөтэй байсан бөгөөд Декстер уг мөнгийг ашиглан анхны томоохон хөрөнгө оруулалтаа хийсэн байна.

Бараг үнэ цэнгүй мөнгөнд бүх хөрөнгөө хийжээ

1776 онд Америкийн засгийн газар дайны зардлаа санхүүжүүлэхийн тулд асар их хэмжээний цаасан мөнгө хэвлэж эхэлсэн нь хожим “континенталь доллар” хэмээн нэрлэгдсэн юм. Эдгээр мөнгө хангалттай баталгаагүй байсан тул удалгүй үнэ цэнээ бараг бүрэн алджээ. 1778 он гэхэд 200 континенталь доллар ердөө нэг жинхэнэ доллартай тэнцэх хэмжээнд хүрсэн бол 1781 онд ханш нь бүр дордож, 1000-ын харьцаатай болсон байна. Яг энэ үед Декстер эхнэрийнхээ хөрөнгийг бараг бүхэлд нь зарцуулж, үнэ цэнгүй болсон эдгээр мөнгийг их хэмжээгээр худалдан авчээ. Ойр дотныхон нь түүнийг галзуурсан гэж бодож байсан нь мэдээж. Гэвч хэдэн жилийн дараа санаанд оромгүй зүйл болжээ.

“Хог цаас” нь гэнэт хөрөнгө болж хувирсан нь

1790 онд АНУ-ын засгийн газар хуучин континенталь долларыг төрийн бондоор тодорхой ханшаар солих шийдвэр гаргажээ. Декстерийн олон жилийн өмнө бараг үнэгүй шахам худалдаж авсан цаасан мөнгө гэнэт үнэ цэнтэй болсон байна. Ингэснээр тэр анхны хөрөнгө оруулалтаасаа ойролцоогоор 10 дахин их ашиг олжээ. Энэ амжилтын дараа Декстер хэд хэдэн худалдааны хөлөг онгоц худалдан авч, далайн худалдаанд орсон байна. Гэхдээ түүний дараагийн наймаанууд өмнөхөөсөө бүр этгээд байлаа.

Халуун Карибын тэнгист ор халаагуур зарсан нь

Декстерийн анхны томоохон худалдааны нэг нь Карибын тэнгисийн арлууд руу ор халаагуур нийлүүлэх явдал байв. Халуун орны орнуудад ийм бараа яагаад хэрэгтэй гэж? Тиймээс өрсөлдөгчид нь түүнийг дахин мөнгөө салхинд хийсгэлээ гэж боджээ. Гэтэл ор халаагуурын зориулалтаар хийсэн том төмөр савнуудыг Карибын тэнгисийн хүмүүс чихрийн нишингээс моласс үйлдвэрлэх үед шанага маягаар ашиглах боломжтой байжээ. Ингээд Декстерийн “утгагүй” бараа богино хугацаанд зарагдаж дууссан байна.

Дулаан бээлий ч бас ашиг авчрав

Дараагийн удаа Декстер Вест-Инди рүү дулаан бээлий илгээжээ. Энэ удаа ч бизнесийн хүмүүс түүнийг ойлгосонгүй. Халуун уур амьсгалтай газар хэн дулаан бээлий худалдаж авах билээ? Гэвч бээлийг тэнд ажиллаж байсан орос худалдаачид худалдан авчээ. Тэд арлуудаас ром худалдаалдаг байсан бөгөөд бээлийг өөр зорилгоор ашигласан гэх тайлбар бий. Декстер дахин ашиг оллоо. Түүний нэр хүнд улам өсөж, хүмүүс “Энэ хүн үнэхээр азтай юм уу, эсвэл бидний мэдэхгүй ямар нэгэн зүйл мэддэг юм уу?” хэмээн гайхах болжээ.

Халимны сахлаар хийсэн эрсдэлтэй наймаа

Нэг удаа Декстер Бостон хотын бүх халимны сахал буюу халимны амны шүүлтүүр хэсгийг их хэмжээгээр худалдан авчээ. Гэхдээ тэр өөрөө ч энэ барааг яг юунд ашиглахаа мэддэггүй байсан гэдэг. Агуулахууд нь халимны сахлаар дүүрч, өрсөлдөгчид нь түүнийг энэ удаа лав дампуурна хэмээн баярлаж байв. Гэтэл Европт эрэгтэйчүүдийн корсет моодонд оржээ. Корсет хийхэд уян хатан, бат бөх халимны сахал тохиромжтой байсан тул Декстерийн бараа гэнэт эрэлттэй болж, өндөр үнээр зарагдсан байна. Дахиад л аз түүний талд байлаа

Ньюкасл руу нүүрс зөөсөн нь

Декстерийн хамгийн эрсдэлтэй наймаануудын нэг нь Английн Ньюкасл хот руу их хэмжээний нүүрс нийлүүлэх явдал байв. XVIII зууны төгсгөлд Ньюкасл Европын нүүрсний үйлдвэрлэлийн томоохон төвүүдийн нэг байсан учраас тэнд нүүрс хүргэх нь эхэндээ утгагүй мэт санагдана. Гэвч Декстерийн хөлөг онгоцууд боомтод очих үед хотод нүүрсний уурхайчдын ажил хаялт эхэлжээ. Уурхайнууд зогсож, нүүрсний нийлүүлэлт тасарсан тул томоохон компаниуд Декстерийн авчирсан нүүрсийг өндөр үнээр худалдаж авсан байна. Гэхдээ энэ түүхийн талаар өөр хувилбар ч байдаг. Зарим хүмүүс Декстер уурхайчдын удирдлагуудтай урьдчилан тохиролцсон байж болох бөгөөд бүх зүйл зөвхөн аз байсан гэж үзэхэд эргэлзээтэй хэмээн тайлбарладаг.

Хэдэн зуун муурнаас асар их ашиг олжээ

Декстерийн хамгийн хачирхалтай наймаануудын нэг нь муурны худалдаа байв. Массачусетсийн Ньюберипорт хотод золбин муур олширч, эрх баригчид тэднийг устгахыг уриалж байжээ. Декстер харин сонин зар тарааж, муурыг хямд үнээр худалдаж авна гэж мэдэгдэв. Хотын оршин суугчид золбин муурнуудыг барьж, Декстерт заржээ. Ингээд тэр хэдэн зуун муурыг Карибын тэнгисийн арлууд рүү тээвэрлэн аваачсан байна. Тэгвэл халуун оронд хэн муур худалдаж авах хэрэгтэй байсан юм бол? Тэр үед арлуудын оршин суугчид хархны их тархалттай тэмцэж байсан бөгөөд муурнууд байгалийн “хортон устгагч” болжээ. Декстер дахин асар их ашиг олсон байна. Энэ үеэс хүмүүс түүнийг зүгээр нэг азтай тэнэг биш, бүр ер бусын чадвартай хүн байж магадгүй хэмээн ярьдаг болжээ. Зарим нь бүр түүнийг чөтгөртэй тохиролцсон гэж хошигнон ярьдаг байв.

50 насандаа “лорд” болохыг хүссэн нь

Декстер 50 нас хүрээд худалдааны ажлаасаа тэтгэвэрт гарчээ. Тэр асар их хөрөнгөтэй болсон тул тансаг харш худалдаж аваад түүнийгээ “цайз” хэмээн нэрлэв. Өөрийгөө “лорд” хэмээн дуудуулахыг хүсэж, энэ цолыг нь зөвшөөрсөн хүмүүст мөнгө, бэлэг өгдөг байжээ. Тэр удалгүй эрх баригчдаас өөрт нь албан тушаал олгохыг хүссэн байна. Эцэст нь түүнийг буга хамгаалах, ажиглах үүрэгтэй хүнээр томилжээ. Энэ нь бараг ажилгүй албан тушаал байв. Учир нь түүний амьдардаг нутагт бугыг 20 гаруй жил хараагүй байжээ.

Өөртөө хөшөө босгосон нь

Хөгширсөн хойноо Декстер өөрийн нэрийг мөнхжүүлэхээр шийджээ. Тэр харшийнхаа цэцэрлэгт алдартай хүмүүсийн хөшөөнүүдийг босгож, тэдний дунд өөрийнхөө хөшөөг ч байрлуулсан байна. Өөрийн хөшөөний суурин дээр сүржин үг сийлжээ. “Дорнодод тэргүүн, өрнөдөд тэргүүн, барууны хамгийн агуу философич.” Мэдээж хүмүүс түүнийг шоолж байлаа. Гэхдээ Декстер үүнийг ч ашиг болгон хувиргаж чаджээ. Түүний этгээд занг харахаар олон хүн харшид нь зочлох болсон бөгөөд Декстер зочдынхоо дунд байсан эмэгтэйчүүдтэй романтик харилцаа үүсгэдэг байв. Эцэст нь энэ байдал эхнэрийнх нь дургүйцлийг төрүүлж, Элизабет нөхрөөсөө салжээ.

“Боловсролтой хүмүүст зориулсан утгагүй зүйл”

Декстер амьдралынхаа сүүл үед өөрийн үзэл бодлыг ном болгон хэвлүүлэхээр шийджээ. Түүний бичсэн ном “A Pickle for the Knowing Ones, or Plain Truth in a Homespun Dress” буюу ойролцоогоор “Мэддэг хүмүүст зориулсан даршилсан зүйл, эсвэл эгэл хувцастай нүцгэн үнэн” хэмээх утгатай нэртэй байв. Номонд шашин, улс төр, гэр бүлийн амьдрал болон өөрийн үзэл бодлын талаар бичжээ. Гэвч Декстер бараг боловсрол эзэмшээгүй тул ном нь маш олон үсгийн алдаатай, цэг таслалгүй шахам байв. Хүмүүс номыг нь шоолж эхэлсэн байна. Гэхдээ Декстер үүнийг ч өөрийнхөөрөө шийджээ.

Дараагийн хэвлэлд тэр номын төгсгөлд цэг, таслал болон бусад тэмдэгтүүдийн бүтэн хуудсыг нэмж оруулаад: “Хаана хэрэгт...

Дараагийн хэвлэлд тэр номын төгсгөлд цэг, таслал болон бусад тэмдэгтүүдийн бүтэн хуудсыг нэмж оруулаад: “Хаана хэрэгтэй байна, тэнд нь өөрсдөө тавь” гэсэн утгатай тайлбар үлдээжээ. Хачирхалтай нь уг ном нийтдээ найман удаа хэвлэгдсэн бөгөөд өнөөдөр Декстерийн амьдрал, үзэл бодол болон бизнесийн талаар судлахад чухал эх сурвалжийн нэг болсон байна.

Тимоти Декстер бол бизнесийн түүхэнд “боломжгүй мэт санагдсан зүйлээс боломж олж харсан” хамгийн этгээд хүмүүсийн нэг байв.