Тогтвортой амьдрал

XX зууны дунд үе хүртэл жирийн хүний амьдрал өнөөгийнхөөс илүү тогтвортой, хөдөлгөөн багатай байв. Ихэнх хүн төрсөн газартаа амьдарч, тэндээ ажиллаж, гэр бүлээ зохиодог байлаа. Хөрш хот руу нүүх нь хүртэл том өөрчлөлтөд тооцогдож, өөр улс руу шилжин суурьших нь ховор байв. Хүмүүс олон арван жил нэг салбартаа ажиллаж, зарим нь нэг байгууллагадаа бүх насаараа хөдөлмөрлөнө. Олон үеэрээ нэг гэрт амьдарч, эргэн тойрныхоо хүмүүсийг сайн мэддэг байжээ. Энэ амьдрал өнөөгийнхөөс заавал илүү сайхан байсан гэсэн үг биш. Сонголт, боломж цөөн, амьдралынхаа замыг өөрчлөхөд хэцүү байсан. Гэхдээ үүний оронд тогтвортой байдал бий байлаа. Хүн хаана амьдарч, юу хийхээ харьцангуй тодорхой мэддэг байв. Харин өнөөдөр бидэнд хамаагүй олон сонголт бий. Өөр хот, улс руу нүүж, мэргэжил, ажил, харилцаагаа өөрчилж болно. Гэвч боломж нэмэгдэхийн хэрээр нэг асуулт улам хэцүү болжээ: “Би яг юу хүсэж байна вэ?”

Өөрчлөлтийн дарамт

Орчин үеийн эдийн засаг, технологи, нийгэм биднийг байнга өөрчлөгдөж, шинэ нөхцөлд дасан зохицохыг шаардаж байна. Уян хатан байдал, шинэ зүйл турших чадвар амжилтын чухал шинж болжээ. Гэхдээ дэлхий өөрчлөгдөж байгаа нь бид амьдралаа заавал түүнээс ч хурдан өөрчлөх ёстой гэсэн үг биш. Заримдаа хүн одоо байгаа ажилдаа сэтгэл хангалуун байсан ч илүү боломж хайх ёстой мэт санагдана. Нэг хотдоо аз жаргалтай байсан ч өөр газар очихгүй бол амьдралаас хоцрох мэт мэдрэмж төрнө. Ингээд тогтвортой байдал өөрөө сул тал мэт харагдаж эхэлдэг. Нэг газар үндэслэж, нэг сонголтдоо тууштай байх нь хуучинсаг хандлага мэт ойлгогдох болжээ. Гэвч байнга өөрчлөгдөх ёстой гэсэн энэ дарамт биднийг үнэхээр илүү эрх чөлөөтэй болгож байна уу?

Амьдралын ноорог

Хэрэв ажил, байр, харилцаа, мөрөөдөл бүгд түр зуурынх мэт санагдвал бид өнөөдрөөрөө амьдрахын оронд ирээдүйдээ бэлдэж эхэлдэг. “Одоохондоо ингэж байя, дараа нь бүх зүйл өөр болно” гэж бодсоор өнөөдрийг түр зуурын үе шат мэт хүлээж авна. Гэвч тэр “дараа” хэзээ ч ирдэггүй. Нэг зорилгын дараа нөгөө зорилго гарч, жинхэнэ амьдрал үргэлж ирээдүйд үлдэнэ. Олон сонголттой байх нь эрх чөлөө мэт боловч заримдаа эсрэгээрээ биднийг эргэлзүүлдэг. Бүх хаалгыг нээлттэй үлдээхийг хүссэнээрээ аль нэг замыг бүрэн сонгож, түүндээ зориулахад хэцүү болдог. Эцэст нь бүх боломжоо хадгалж үлдэхийг хичээсэн хүн өөрийнхөө боломжуудын дунд төөрөх эрсдэлтэй.

Тогтвортой байдал

Орчин үеийн хүний, ялангуяа Z үеийнхний хувьд ирээдүй улам бүр тодорхойгүй болжээ. Технологи, эдийн засаг, хөдөлмөрийн зах зээл, нийгмийн үнэт зүйлс хурдацтай өөрчлөгдөж байгаа тул урт хугацааны төлөвлөгөө гаргах нь бараг таавар шиг болсон. Дэлхий тогтворгүй санагдах үед хүн өөрийн дотор тогтвортой байдлыг олоход ч хэцүү. “Ямар нэг зүйлд яах гэж үндэслэх вэ, удахгүй бүх зүйл өөрчлөгдөж болох юм чинь” гэсэн бодол төрнө. Ингээд түр зуурын амьдрал зүгээр нэг сонголт биш, өөрчлөгдөж буй ертөнцөд дасан зохицох, өөрийгөө хамгаалах арга болж хувирдаг.

Яагаад бид ядардаг вэ?

“Түр зуурын” амьдрал хүнийг үнэхээр их ядраадаг. Гэвч байнга хөдөлгөөнтэй, уян хатан, өөрчлөлтөд бэлэн байхыг амжилтын нэг хэсэг гэж үздэг болсон тул үүнийг хүлээн зөвшөөрөхөд хэцүү. Тогтворгүй амьдрал гэдэг нь байнгын бэлэн байдал юм. “Дараа нь яах вэ?”, “Энэ хэр удаан үргэлжлэх бол?”, “Дахиад бүхнийг эхнээс нь эхлүүлэх хэрэг гарах уу?” гэсэн асуултууд сэтгэлд байнга эргэлдэнэ. Хүн хаашаа ч явсан түр зогсож, амьсгаа авах тулгуур цэг олдохгүй мэт санагдана. Юуг ч эцэслэн шийдэхгүй, бүх хаалгыг нээлттэй байлгах шаардлага нь эцэстээ тайван бус байдлын гол шалтгаан болдог. Эргэн тойронд бүх зүйл тайван байсан ч доторх “сэрүүлэг” унтардаггүй.